УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 10 шахам асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд 10.00 цагийн орчимд эхэллээ. Одоо чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн талаар хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудлын талаар УИХ хэлэлцэж байна. Эл асуудлыг өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.
Гэвч санал хураалт явуулахад гишүүдийн 67.3 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Г.НАРАН