БШУЯ-ны харъяа “Шинэ эхлэл” Олон улсын лаборатори сургуулийн 10б ангийн сурагч Б.Нэмүүцэцэг “Нэмүү” хүмүүнлэгийн аянаа Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулиас өчигдөр эхэллээ. Тэрбээр тус сургуулийн сурагчдад сүүлийн үед бичсэн шүлгийнхээ дээжээс уншин сонирхуулж, номтой хэрхэн нөхөрлөх болон хүүхэд насны хөгжилтэй дурсамж зэрэг сонирхолтой сэдвүүдээр харилцан ярилцав. Мөн хөгжилтэй тоглоом тоглон цагийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрөөв. 25 дугаар сургуулийн сурагчид түүний бичсэн “А үсэг”, “Тэнгэрийг би”, “Би энэ улсын гүнж” зэрэг шүлгийг нь уншихын зэрэгцээ хүүхдүүд өөрийнхөө авьяасыг үзүүлж Нэмүүцэцэг охинд бэлэг барьсан юм. Нэмүүцэцэг охин уулзалт ярилцлагын төгсгөлд өөрийн бэлдсэн гарын бэлгээ 21 сурагчид бэлэглэв. Хүүхэд хүүхэдтэйгээ уулзаж инээд хөөр, хөгжилтэй яриагаар дүүрэн болсонд багш нар сэтгэл өндөр байгаагаа энэ үеэр онцлон хэлж байлаа.
Б.Нэмүүцэцэг: Өөрийн хийж чадах бүхнээрээ үеийн найз нөхдөдөө туслахыг эрмэлзэн сайн үйлсийн аян эхлүүлсэн
Өөрөө зурж, бичин “Хэний ч мэдэхгүй ордон” номоо есхөн настай байхдаа гаргасан Нэмүүцэцэг охиныг уншигчидтайгаа уулзуулъя. Тэрбээр БШУЯ-ын харъяа “Шинэ эхлэл” Олон улсын лаборатори сургуулийн 10б ангид суралцдаг бөгөөд “Нэмүү” сайн үйлсийн аянаа Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулиас эхлүүлээд байгаа юм. Энэ үеэр түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа. “Нэмүү” сайн үйлсийн аяны зорилго нь хичээлийн хоцрогдол арилгах, өөртөө итгэлтэй, биеэ зөв сайхан авч явахад сургах зэрэг бусад хэлбэрээр хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө чиглэж буйгаараа онцлогтой аж.
-Сайн уу, Нэмүүнээ. Чамайг бүүр жаахан байхад уулзаж, ярилцлага авч байснаа санаж байна. Шүлгээ бичиж байгаа юу?
-Сайн. Тантай би бүүр есөн настай байхдаа уулзаж байснаа санаж байна. /инээв/ Хичээлийнхээ хажуугаар шүлгээ бичсээр байгаа. Шүлэг бол миний хобби гэж хэлж болно. Удахгүй би “Үүлэнд зурсан зураг” яруу найргийн номоо гаргах гэж байгаа.
– Шүлэг бичсээр байгаад хичээлээ орхигдуулах тал байдаг уу?
-Дээр хэлсэнчлэн шүлэг бол миний хобби учраас чөлөөт цаг гарвал үзэг, цаас бариад суучихдаг. Аав, ээж хоёр маань ч гэсэн надад урам их хайрладаг. Миний бичсэн шүлгийг уншаад ёстой гоё болсон байна гэж урамын үг хэлэхийн зэрэгцээ шагнаж урамшуулдаг. Энэ нь надад ч шүлэг бичих урам зориг өгдөг. Бичсэн шүлэг маань миний хамгийн дотны найз минь учраас хамгийн их нандигнадаг эрдэнэ гэхэд болно. Нөгөө талаас шүлэг бичиж байна гээд хичээлээ орхигдуулдаггүй, цаг тухайд нь хийдэг.
-Үеийн найзууддаа туслахаар сайн үйлсийн аян өрнүүлж байгаа гэсэн. Аян өрнүүлэх санхүүгээ хэрхэн зохицуулах вэ?
-Аав, ээж хоёр маань туслаж байгаа. Миний аав, ээж хоёр баян хүмүүс биш. Дундаж орлоготой жирийн нэгэн хүмүүс. Аав, ээж хоёр маань “Сонгодог гэр бүл” гэдэг сонин эрхлэн гаргадаг. Сониныхоо орлогоос миний аяны үйл ажиллагааг дэмжиж байгаа. Энэ дашрамд намайг дэмжиж, тусалдаг аав, ээж хоёртоо баярлаж явдгаа илэрхийлье. “Нэмүү” сайн үйлсийн аянгаа өөрийн хийж чадах бүхнээрээ үеийн найз нөхдөдөө туслахыг эрмэлзэн өрнүүлж байгаа билээ. Энэхүү сайн үйлсийн аянд хүмүүсийг идэвхтэй оролцоосой гэж уриалмаар байна.
-Ингэхэд ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ. Мэргэжлээ сонгосон уу?
-Сонгосон. Би ирээдүйд сэтгүүлч болохоор шийдсэн. Надад ийм мэдрэмж төрөөд байдаг юм. Бас нэг мэргэжил ч эзэмшинэ. Цаашид өөрийгөө улам бүр нээж, авьяасаа хөгжүүлж өөртөө шинэ сонирхол илүү ихийг бий болгохыг эрмэлзэж байна даа.
Л.ЦОГ