“Оюутолгой” компани Монгол Улсад 130 сая ам.доллар төлөх ёстой байсан ч 30 сая хүртэл бууруулсан нь ард түмнийг хохироож байна гэх мэдэгдлийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар хийсэн юм. Мөн тэрээр татварынхнаас энэ талаарх мэдээллийг авахыг хүсэхэд “Нууц” асуудал хэмээн өгөөгүй тухай онцолсон. Тэгвэл Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай мөн хэвлэлийнхэнд хандаж “Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлээгүй. Үзүүлэх ч эрх байхгүй. С.Ганбаатар гишүүн улстөрийн шоу хийж байна” гэх няцаалт хийгээд байна. Иймд бид дээрх асуудлыг энэ долоо хоногийн VS буландаа онцоллоо.
С.Ганбаатар: 100 сая ам.долларыг нуун дарагдуулсан
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: – Монгол Улс 2014 онд 130 сая ам.доллар буюу 263.7 тэрбум төгрөгийг татвартаа авах байсан. Энэ мөнгийг татварт авахын тул улсын байцаагч нар хоёр жил Оюутолгойд шалгалт хийж ажилласан. Гэтэл энэ мөнгийг Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат гэх хүмүүс нуун дарагдуулж 30 сая болгосон байна. Ингэснээр 184 тэрбум төгрөгөөр монголын ард түмнийг хохироолоо. Энэ асуудалтай холбоотой мэдээллийг би авъя гэж татварынханд хандсан. Гэтэл татварын газраас “Нууцлалын зэрэгтэй, Оюутолгойд л мэдээлэл өгнө” гэсэн. Би УИХ-ын гишүүн. Хуулиараа ямар ч мэдээллийг авах ёстой. Ард иргэдээ төлөөлөөд энэ асуудлыг ярих ёстой, мэдээлэл авах эрхтэй. Татваараар авах 130 сая ам доллар 30 сая ам доллар болж буурсанаар 100 сая ам доллар буюу 184 тэрбум төгрөг үлдсэн. Энэ мөнгөөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ боломжийн төлөө Татварын маргаан таслах комиссын проткол шийдвэр, аудио бичлэг зэрэг бүх мэдээллийг авъя гэсэн. Татварыг бууруулсан нь үнэхээр болохгүй зүйл гэдгийг ил гаргахыг зорьсон. Энэ мэдээллийг ил тод болгож, 34 хувийг нь эзэмшиж байгаа Монголын ард түмэнд тодорхой болгохыг хүсч байна.
Оюутолгойн татварын асуудал хариуцсан ажлын хэсгийнхэнтэй Төрийн ордонд уулзах үеэр 2014.10.07-нд
Т.Батмагнай: Оюутолгойг татвараас чөлөөлөөгүй
Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай: -УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулиа мэдэхгүй, компанийн нууцад хамаарах хуулиас давсан материалыг төрийн байгууллагаас шаардаж байна. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хууль хяналт, прокурорын байгууллагаас хүссэн тохиолдолд тухайн асуудалд шаардлагатай мэдээллийг өгөх үүрэгтэй. Татвартай холбоотой Оюутолгой компаниас гаргасан гомдлын дагуу Маргаан таслах зөвлөл хуралдаж, есдүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гарсныг бид цаг тухайд нь олон нийтэд мэдээлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар намрын чуулган эхлэнгүүт энэ асуудлыг гэнэт гаргаж ирснийг улс төрийн шоу хийлээ гэж харж байна. Оюутолгойн татвартай холбоотой материал манай байгууллагад байгаа гаргаад өгвөл бид дөрвөн хууль зөрчинө. Нөгөө талдаа 130 сая ам.долларыг 30 сая ам.доллар болгон бууруулсан нь Оюутолгойг татвараас чөлөөлсөн хэрэг биш. Оюутолгой компанид татварын улсын байцаагчийн хяналт шалгалт орсон. Анхан шатны бичиг баримт сахилга бат алга байсан. Бичиг баримт нь Улаанбаатарт, Ханбогд суманд, Хятадын Бээжин, Шанхай хот гэсэн дөрвөн газарт байсан. Үүнтэй холбоотойгор Шанхайгаас 5 тоннын чингэлэг англи, хятад хэл дээр материал ирснийг орчуулах зэрэг хүндрэл учирсан. Үүн дээр бид татвар төлөгчийг буруутгасан. Шалгалт оруулах явцад шаардлагатай материалыг хангаж өгөөгүй учир татварын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд байгаа баримтад үндэслэн акт бичих эрхтэй. Хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд байцаагч 130 сая ам.долларын акт бичсэн. Энэ асуудлыг маргаан таслах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх үед Оюутолгой компани шаардлагатай материалыг гаргаж ирсэн. Уг бичиг баримтад үндэслэн дүгнэлт гаргаад, 30 сая ам.долларын татвар төлөх шийдвэр гаргалаа. Маргаан таслах зөвлөл Оюутолгойг татвараас чөлөөлөөгүй, тийм эрх зөвлөлд ч байхгүй.
www.gogo.mn- д өгсөн ярилцлагаас 2014.10.08-нд
Бэлтгэсэн Г.БОЛОР