Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлаар цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх хэрэгтэй, өнөө цагт шаардлагатай зарим хуулийг батлах, хөдөлмөрийн харилцааг зохицуулах гурван асуудлыг онцолсон юм.
Нэгдүгээрт, Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооныхон хуралдан одоо иргэдийн худалдан авах чадвар, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалж цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг төрийн эрх баригчдаас шаардана гэлээ. Ингэхдээ улсын төсвөөс шийдвэрлэж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэмжээг 60 хувиар нэмэх хэрэгтэйг онцолсон. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Бид УИХ-ын намрын чуулган эхэлж, улсын төсөв ярих үеэр давхцуулж гэнэт цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлыг оруулж ирээгүй. Улсын төсөв ярихаас өмнө өнгөрөгч долдугаар сарын 29-нд энэ асуудлыг хүргүүлсэн ч тоймтой хариу өгөөгүй. Тийм учраас бид энэ удаад дахин хандаж байна” гэсэн юм. Өнөөгийн эдийн засгийн хямралын үед чухам ямар аргаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 60 хувиар нэмж болох тал дээр тэрбээр “Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх хөрөнгийг улсын төсөвт бүрдүүлэх ёстой. Үүний тулд улсын төсвөөс гаргаж буй үргүй зардлыг танах, уул уурхайгаас олж байгаа орлогыг тодорхой болгох, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг яаравчлуулж, дараагийн арга хэмжээнүүдийг авбал дээрх хэмжээгээр нэмэх нөхцөл бүрдэнэ” гэв.
Хоёрдугаарт, Үнэ бүрдэлтийн тухай хууль, Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай хуулийг УИХ-аас яаравчлан батлах хэрэгтэй гэлээ. Үнэ бүрдэлтийн тухай хуулийн хувьд, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах бол Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх хуулиар иргэдийн худалдан авах чадварыг хадгалан үлдэж чадах боломж бүрдэнэ гэж МҮЭХ-ийнхэн тайлбарласан.
Гуравдугаарт, хөдөлмөрийн харилцаанд гардаг зөрчлийг арилгах талаар төр захиргааны байгууллага дорвитой арга хэмжээ авах хэрэгтэйг хэлсэн юм.
У.БОЛОР