Азийн аваргын эхний өдөр гурван хүрэлтэй

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Азийн аваргын эхний өдөр гурван хүрэлтэй

Узбекистаны нийслэл Ташкент хотноо өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчдаас Б.Нэмэхбаяр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд, Б.Анхбаяр 66 кг-ын жинд, 74 кг-д П.Өнөрбат нар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84 кг-ын жингийн барилдаан болж, Монголын багаас Д.Цогтбаатар /55 кг/, Б.Нэмэхбаяр /60 кг/, Б.Анхбаяр /66 кг/, П.Өнөрбат /74 кг/, Д.Хүдэрбулга /84 кг/ нар Азийн аваргын дэвжээнд хүч сорьсон юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Анхбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Узбекистаны бөх Ихтийор Наврузовтой барилдаж, 14:3 харьцаатай ялагдсан байна. Гэхдээ манай бөхийг ялсан Наврузов цаашид амжилттай барилдаж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон учир Б.Анхбаяр дагах барилдаанд зодоглож, Тажикистаны Манучехр Малаевийг 12:2 харьцаатай илт давуу ялж, улмаар Казахстаны бөх Азамат Омуржановыг 5:2 харьцаатай ялснаар хүрэл медалийн тавцанд гарчээ. Харин Б.Нэмэхбаяр эхний барилдаандаа Казахстаны бөх Даурен Жумагазаевт 11:2 харьцаатай ялагдсан ч дагах барилдаанд Киргизстаны Каныбек Кадыркыловыг 10:1, Хятадын Шань Денийг 13:1 харьцаатай ялж, хүрэл медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд хүч сорьсон П.Өнөрбат Энэтхэгийн бөх Д.Дипакийг 7:3 харьцаатай ялсан ч удаахь барилдаандаа Хятадын бөх Жан Чуняаод 4:0 оноогоор дийлджээ. Гэхдээ дагах барилдаанд П.Өнөрбат Ирак, БНАСАУ-ын бөхчүүдийг ялснаар медалийн тавцанд гарсан байна.

Мөн өчигдөр Ташкентийн дэвжээнд зодоглосон манай бусад бөхчүүдийн тухайд Д.Цогтбаатар /55 кг/ хоёр ялж, нэг ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан бол 84 кг-ын жинд Д.Хүдэрбулга эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Киргизстаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 51, 55 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас Н.Золбоо /96 кг/, Ж.Чулуунбат /120 кг/, Ц.Энхжаргал /48 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, Л.Хонгорзул /55 кг/ нар барилдана. Хэсгийн барилдаан Монголын цагаар 17.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж