Б.Маргад: Аялал жуулчлал салбарын 60 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Б.Маргад: Аялал жуулчлал салбарын 60 жилийн ой тохиож байна

Энэ өдрүүдэд Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Энэхүү баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй талаар болон салбарын цаашдын хөгжлийн талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргадтай ярилцлаа.

– Аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ салбар 60 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна вэ?

– Аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Монголчуудын ярьдагаар энэхүү салбар нэгэн жарныг тууллаа. Аялал жуулчлалын салбартай огтлолцдоггүй салбар гэж байдаггүй.  Бүх л салбарт үр өгөөжөө өгдөг биеэ даасан нэгэн салбар болтлоо хөгжсөн. Жишээлбэл, зочид буудал, ресторан, соёл урлаг үзвэр үйлчилгээний газрууд, бэлэг дурсгалын дэлгүүрүүд, жуулчны баазууд зэрэг олон салбаруудтай нягт холбоотой ажилладаг. 

Түүхэндээ аялал жуулчлалын чиглэлээр Жуулчин компаниас гадна Гадаад худалдааны яамны дэргэдэх Гадаадын жуулчдыг үйлчлэх газар Намын төв хороо, Үйлдвэрчний төв зөвлөл, Эвлэлийн төв хороо зэрэг байгууллагуудын харъяа аялал жуулчлалын байгууллагууд байсан. Тиймээс энэ 60 жилийн ойн баярт эдгээр байгууллагуудад ажиллаж байсан нийт ахмадуудын мөн оролцох баяр юм.

Дэлхийн нийтийн жишгээс харахад аялал жуулчлалын салбараараа дотоодын  нийт бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг бүрдүүлдэг улс орон ч байна.

Одоогийн байдлаар бид энэхүү салбарыг хөгжүүлснээрээ зөвхөн уул уурхайгаас хамааралтай байгаа эдийн засагт арай өөр нэгэн өнгө гарч ирж байгаа юм болов уу гэж харагддаг.

Тэртээ Жуулчдыг үйлчлэх товчооноос салбарлан гарсан томоохон компаниуд маань энэ өдрүүдэд аялал жуулчлалын 60 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.  Өнөөдрийг хүртэл энэхүү салбарт хүчин зүтгэж байсан ахмадуудаа энэ ойн хүрээнд алдаршуулах төлөвлөгөөтэй байна. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээр 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг гараад ажиллаж байна.  Шахуу хугацаанд ажлын хэсэг байгуулагдсан. Нийт салбарынхаа хүрээнд ёслол тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа  гэдэг утгаараа өмнө нь нэлээд хэдэн арга хэмжээнд яам хамтран ажилласан. Саяхан энэхүү ойд зориулж “Нью жуулчин турс” компани, Сүхбаатар аймгийн тамгын газартай хамтраад “Ганга нуурын чуулган” хэмээх нэлээд томоохон хэмжээний эвэнтийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохион байгуулан амжилттай болж өнгөрсөн. Дараагийн удаад баярын хурлууд болно. Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төв зэрэг ТББ-ууд маань ойн арга хэмжээнд оролцож байна. Мөн “Жуулчин” компанийн 60 жилийн ой болж байна. Үүнтэй зэрэгцэн “Нью Жуулчин турс” компани ч мөн адил ойгоо тэмдэглэж байна. Эдгээр компаниудтай аялал жуулчлалын салбарын 60 жил нягт холбоотой. Учир нь эдгээр компаниуд нь Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжилд асар их хувь нэмрийг оруулж байгаа компаниуд юм.

– Бүх салбартай огтолцдог өргөн цар хүрээг хамарсан салбар гэж та Аялал жуулчлалын салбарыг тодотгон хэллээ. Энэ утгаараа аялал жуулчлалын салбарын 60 жилийн баяр гэдэг нь  энэ салбарынхны баяр ч өргөн утгаараа энэ баяр мөн хэний баяр вэ?

-Маш сайхан асуулт байна. Энэхүү баяр нь дан ганц аялал жуулчлалын салбарт хүчээ сорьдог шууд утгаараа үр шимийг нь хүртдэг хүмүүсийн баяр биш юм. Энэ баяр бол айл бүрт очих ёстой баяр гэж бодож байна. Аялал жуулчлал бол их гэгээлэг сайхан салбар. Учир нь аялдаггүй хүн гэж байдаггүй. Шинэ газар орныг үзэж нээх хүсэл мөрөөдөлгүй хүн гэж байдаггүй. Хүн бүр аялагч байдаг. Тиймээс энэхүү баяр бол нийт монгочуудын маань баяр байх учиртай. Аялал жуулчлалын байгууллага 60 жилийн өмнө үүсч хөгжсөн нь Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах дохио болсон. Аялал жуулчлалын салбарын хөгжлийн явцад хамгийн анхны гадаад хэлний өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүд төрөн гарсан. Хамгийн анх удаа Монгол Улс гадаад зах зээлд хөл тавьсан. Мөн гадаадын хүмүүсийг монголчуудтай танилцуулсан салбар. Эцэст нь Монгол Улсыг дэлхий нийтэд танилцуулах боломжийг анх олгосон салбар бол аялал жуулчлалын салбар юм.

– Аялал жуулчлалын салбарын ирээдүйн хөгжлийн төлөв хэрхэн харагдаж байна вэ?

– Аялал жуулчлалын салбар бол компанийн засаглалыг хамгийн сайн хөгжүүлсэн салбар болох нь түүхийн явцаас нь харагддаг. Нөгөө талаас энэ салбарт хөрөнгө оруулалтыг монголчууд өөрсдөө маш сайн хийсэн нь харагддаг. 2013 оны байдлаар 286 сая ам.долларыг улсын төсөвт оруулсан байдаг. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1990 онд албан ёсоор элссэн. Энэ бол НҮБ ийн салбар байгууллага юм. Энэхүү байгууллагын албан ёсны дүн мэдээгээр 2013 оны байдлаар Монгол Улсын аялал жуулчлалын салбар өрсөлдөх чадвараараа 99-р байрт бичигдсэн байна. Цаашид бид 2020 он хүртэл ямархуу дүр зурагтай явах вэ гэдгийг салбарын хэмжээнд судлан томоохон ажлын хэсэг гараад ажиллаж байна.  Арван жилийн дараа гэхэд Монгол Улсын аялал жуулчлалын салбар бусад улс орны аялал жуулчлалын салбартай хэрхэн өрсөлдөж байна вэ гэдэг индексийг ахиулах төлөвлөгөө, зорилттойгоор бид ажиллаж байна. Эхний ээлжинд 2020 он гэхэд Монголын аялал жуулчлалын салбар 80-р байранд орох зорилготой ажиллаж байна. Индексийг тухайн байранд нь байлгахын төлөө ажиллахад нэлээд хүч хөдөлмөр шаардаж байдаг. Тиймээс бид 99-р байраас 80-р байр хүрэхээр зоригтой зорилго тавин ажиллаж байна.

– Ярилцлага өгсөн танд баярлалаа.

О.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж