Хичээлийн шинэ байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ байртай боллоо

Оюутолгой компанид ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд түшиглэн залуусыг сургалтад хамруулж эхэллээ. Эл ажлын хүрээнд Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн Политехник коллежид уул уурхайн ашиглалт, баяжуулах техникийн чиглэлээр 85 хүнийг сургаж байна. Засгийн газартай хийсэн гэрээний дагуу Оюу толгой төслийн санхүүжилтээр энэ онд таван сургуулийн үйл ажиллагааг дэмжиж, бодит хөрөнгө оруулалт хийх юм. Харин тэдгээрийн нэг нь Дархан-Уул аймагт шийдэгдсэн байна. Өнөөдөр шавыг нь тавьсан шинэ хичээлийн байр нь хоёр давхар ба зоорины давхартаа хичээлийн дадлага явуулах байртай байхаар зураг төсөл нь хийгджээ. Нийтдээ нэг сая 900 мянган долларын өртгөөр хичээлийн байр баригдах бөгөөд үргэлжлүүлэн оюутны дотуур байр барих ажээ. Энэ бүгдэд ойролцоогоор таван тэрбум орчим төгрөгийг зарцуулна хэмээн тооцоолжээ. Оюу толгой төслийн хүрээнд явагдаж байгаа сургалтаас ирэх оны гуравдугаар сард эхний ээлжийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэн гарч эхэлнэ. Тэднийг дадлагажих газар болон ажлын байр нь хүлээж байгаа гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн сургалтын хөтөлбөр нь ч орчин үеийн барууны хэв маягаар, компьютертай холбогдсон байгаагаараа онцлог гэлээ. Сургалтын шинэ байраа 2011-2012 оны хичээлийн жилийн эхэнд ашиглалтад оруулна. Хичээлийн байр бариад зогсохгүй, доторх тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчнийг бэлтгэх асуудалд ч анхаарлаа хандуулах юм.

Политехникийн коллежид төслийн сургалтаас гадна мэргэжилтэй боловсон хүчин болохоор 260 оюутан суралцаж байгаа юм. Шинэ өргөтгөл баригдвал ирэх хичээлийн жилээс энэ тоо долоон зуугаар нэмэгдэх төлөвлөгөөтэй. Харин бэлтгэх мэргэжлийн тоо нь ч зургаа байгаа бол хорь болно гэдгийг сургуулийн захирал онцолж байлаа. Эрчим хүчний салбарт ажиллагсдын 70 орчим хувийг энэ сургууль бэлтгэсэн туршлагатай хамт олон. Харин цаашид уул уурхай дагасан боловсон хүчнийг бэлтгэхээр зорьж байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж