Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна. Төсөлд орж буй бүтцийн өөрчлөлт, албан тушаалын нэрний талаар гишүүд асуулт, саналаа хэлж буй бөгөөд О.Баасанхүү гишүүн “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд эсвэл эдийн засгийн хамтын ажиллагааны сайд” гэж буй нэршлийг шүүмжилж “Зүгээр л Гадаад харилцааны сайд гээд нэрлэчихэд юу нь болохгүй байгаа юм. Яагаад заавал нэр өөрчлөх гээд байгаа юм. Гадаад улс оронд төлөөлж буй нэршил нь гадаад харилцааны сайд хэмээж байдаг нь илүү оновчтой” гэсэн юм. А.Бакей “Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд” гэдэг нь нэр солигдсоноос биш чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэв.
Мөн Ж.Энхбаяр гишүүн “асуудлыг хэт хялбарчилж зээл олж ирж л байвал гадаад харилцааны яамны нэршил, нэр төр ямар байх нь хамаагүй юм байна. Ямар улсын туршлага дээр тулгуурлан гадаад бодлогыг эдийн засгийн асуудалтай холбож байгаа юм бэ. Энэ бол төрийн бодлогын хувьд хортой шийд” гэсэн юм.
Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийг Ерөнхий сайд оруулж ирээд, УИХ –аар хамтын зарчмаар шийддэг хуультай. Байнгын хороон дээр шийдэх асуудлыг дарга нь ганцаар шийддэг бол өөр хэрэг. Нэр өөрчилнө гэх саналыг хамтаараа шийдсэн. Үүнийг дэмжихэд МАН, АН-ын гишүүд ялгаагүй”
Мөн дараагаар нь Ё.Отгонбаяр хариуд нь “Өмнө хэрэглэгдэж байсан засгийн газрын бүтцэд шилжүүлж байгаа юм байна. Тэр үед төрийн албан хаагчдын тоо одоогийнхоос бага байсан. Иймд толгойг нь багасгаж байгаа шигээ хөлийг нь багасгаж хэмнэгдсэн төсвөөр цалин тэтгэврээ нэмэгдүүлэх боломж байдаггүй юм уу” хэмээн шүүмжилсэн юм.
Хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж буй бөгөөд энд яригдаж буй зүйлс, саналууд албан ёсных болохын тулд дараа дараагийн хэлэлцүүлгээр дэмжигдэх ёстой юм.
Хуралдаан үргэлжилж байна.
Б.ЭНХ