УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үдээс өмнөх хуралдаанд гурван гишүүн “гол дүрд тоглолт” хийлээ. Эхний гол дүрийг Л.Гүндалай бүтээв. Чуулганы хуралдаанд Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг Засгийн газраас оруулж иржээ. Даатгалын тохиолдол бүрт даатгуулагчид олгож болох нөхөн төлбөрийн дээд дэмжээ нийтдээ таван сая төгрөг байхаар даатгалын үнэлгээний доод хэмжээг мөн таван сая төгрөг байхаар хуулийн төсөлд тусгасан аж. Даатгалын үнэлгээний энэ хэмжээний хамгийн бага хэмжээ бөгөөд даатгуулагч хариуцлагаа үүнээс өндөр үнэлэхийг хүссэн тохиолдолд нэмэлт хэсгийг сайн дурын даатгалын журмаар хийлгэх боломжтой юм байна.
Манай орны хувьд жолоочоо дагасан даатгалын тогтолцоог нэвтрүүлэхээр төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, автотээврийн хэрэгсэлгүй ч жолооч өөрийн хариуцлагаа албан журмаар даатгуулах үүрэгтэй байх юм. Жолоочийн даатгалд тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран уг автотээврийн хэрэгслийг жолоодож байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн албан журмаар даатгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Энэ нь жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, албан журмын даатгалыг төлөвшүүлэх зорилготой гэдгийг хууль санаачлагчид онцолсон байна. Гэвч энэ төсөл Л.Гүндалай, Ц.Баярсайхан, Д.Дамба-Очир нарт таалагдсангүй. Эсэргүүцэгчид “Манай улсад жолоочоо дагасан бус тээврийн хэрэгслээ дагасан даатгалын төрөлтэй байх нь зүйтэй. Осол гаргасан тохиолдолд төлбөрийг жолооч бус машинаа даатгуулсан компани барагдуулдаг байх нь бодит байдалд нийцнэ. Жишээ нь хөдөө орон нутагт нэг айл нэг мотоциклтэй, түүнийгээ гэр бүлийн гишүүд ээлжилж унадаг. Машин ч ялгаагүй. Нэг машиныг гэр бүлийн гишүүд ээлжлэн унаж амьдрал ахуйгаа зохицуулж байна.
Тэгэхээр жолооны үнэмлэхтэй хүн болгон даатгалд хамрагдана гэдэг амьдралд хэр нийцэхийг сайтар судлах хэрэгтэй” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсов. Харин хууль санаачлагчид “Машины тоо жолоочоос олон тохиолдолд тээврийн хэрэгслээ дагасан төрлийг дагадаг. Жолоочийн үнэмлэхтэй хүн болгон даатгалд хамрагдана. Нэг айлд нэг машиныг ээлжлэн унахад аль нь ч осол гаргах боломжтой. Ийм учраас жолооны үнэмлэхтэй хүн бүр даатгалд хамрагдана” гэдгээ ч хэлэв. Гэсэн хэдий ч Л.Гүндалайгийн дээрх санал нэлээд гишүүдийг эргэлзэхэд хүргэж, Засгийн газрынхан тээврийн хэрэгсэл, жолоочийг дагахын давуу болон сул талыг судлахаар болов.
Үүний дараа Америкийн нэгдсэн улсын Сан Франциско, Япон Улсын Осака, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын төсөвт жил бүр тэрбум гаруй төгрөгийн зардал болох уг төслийг Г.Занданшатар оруулж ирснээрээ дараагийн гол хүн болов. Гадаад орны томоохон хот, бүс нутагт 5000-аас дээш тооны иргэн нь амьдарч буй тохиолдолд тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор тухайн оронд консулын газар нээн ажиллуулдаг олон улсын жишиг байдаг аж. Гишүүд Г.Занданшатараас мөнгө харамласангүй. “Тухайн газарт ажиллаж амьдарч буй иргэдийг шинээр нээгдэх консулын газартаа түлхүү оруулж ажиллавал зардал хэмнэнэ” гэх саналаас өөр хатуу ширүүн үг сонссонгүй. Японы Осакад 2000 орчим иргэн, АНУ-д манай улсын 25000-27000 орчим иргэн, тэдний 15000 гаруй нь баруун эргийн хотуудад сурч, ажиллаж, амьдарч байна гэсэн судалгааны албан бус тоо байдгийг сайд танилцуулсны дараагаар санал хураалт явуулж төслийг дэмжсэн байна.
Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанд “ам руугаа алгадуулаад” цөөнх болсон Д.Очирбат гишүүн байнгын хорооныхоо нэрийг өөрчлөх оролдлогоо дахин хийв. Тэрээр Байнгын хорооныхоо нэрийг оновчтой болгох нь зүйтэй гэж үзэн “Нийгмийн бодлогын” болгож өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан юм. Тэрбээр энэ үндэслэлээ “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нь хүн амын хөгжлийн, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогоос гадна эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортын талаархи бодлогын асуудлыг эрхэлж байгаа тул нэгэнт хуулиар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээ, хариуцах салбарын чиглэлийг тодорхой заасан учраас нэрээ өөрчилмөөр байна” гэв. Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн 59 хувийн саналаар уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.