Өлсөгчдийг тараахад эсргүүцэл үзүүлээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Өлсөгчдийг тараахад эсргүүцэл үзүүлээгүй гэв

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд өнгөрөгч шөнө 23 цагийн үед Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн,суулт зарлаж байсан иргэдийг тараажээ. Хэний шийдвэрээр, ямар үндэслэлээр тараасан болохыг Нийслэлийн цагдаагийн газрын  дарга, цагдаагийн хурандаа  С.Баатаржаваас тодрууллаа.

-Өлсгөлөн зарлаж байсан иргэдийн эмчийн шийдвэрээр тараасан гэх юм. Жагсаал цуглаан тараах тухай шийдвэрийг дүүргийн Засаг дарга гаргадаг биз дээ?

-Сүхбаатар дүүргийн Засаг даргын 132 тоот захирамж гарсан. Засаг дарга иргэдийн эрүүл мэндийг тэдний итгэмжлэгдсэн эмчээс байнга асуудаг байсан юм билээ. Эмч нь энэ сарын 5-наас эхэлж өлсгөлөн зарласан иргэдийн бие эрс муудаж байгааг Засаг даргад хэлсэн гэсэн. Тиймээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс албадан эмчилгээ хийж байгаа юм.

– Албадан эмчилгээ хийх ажиллагааг цагдаагийнхан яагаад заавал орой хийдэг юм бэ. Зарим иргэд хүч хэрэглэн 2000 цагдаа авч явсан  гэсэн мэдээлэл өгч байна?

-Хүч огт хэрэглээгүй. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс 2000 ажилтан байхгүй шүү дээ. Ямар учиртай, яагаад эмчилгээ хийх гэж байгаагаа тайлбарлахад эсэргүүцэл үзүүлээгүй. Цаг хугацааны хувьд заавал орой албадан эмчлүүлэх ёстой гэсэн журам байхгүй. Хугацаа нь тэгж таарчээ.Энэ сарын 5-ны өдөр өлсгөлөн зарлаж эхэлсэн иргэдийг оршин суудаг хаягаар нь харьяа эмнэлэгт нь хэвтүүлсэн. Орон нутгийн иргэийг I, III  эмнэлэгт үзэх хуваарь гарсан юм билээ.

-Амлалт нэхэх ард түмний холбооны суулт зарлаж байгаа иргэдийг яагаад хөөгөөд байгаа юм бэ?

-Жагсаал цуглаан зохион байгуулах хууль гэж байдаг. Аливаа арга хэмжээ зохион байгуулж  байгаа иргэд бүртгүүлж зөвшөөрөл авах ёстой. Энэ жагсаалыг зохион байгуулагчид энэ сарын 5-8-нд Сүхбаатарын талбай дээр суулт хийх зөвшөөрөл авсан юм билээ.
 
-Эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийг цагдаагийн хамгаалалтад байлгаж байгаа нь ямар учиртай юм бэ. Суулт зарлагсад дайрч магадгүй гэж болгоомжилж байгаа гэсэн үү?

-Тухайн иргэний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалж байгаа юм.Өөр санаа зорилго байхгүй.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж