Машиныг даатгах уу, жолоочийг даатгах уу?

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Машиныг даатгах уу, жолоочийг даатгах уу?

УИХ-аас хэлэлцэгдэх зөвшөөрлөө аваад буй Жолоочийн хариуцлагын тухай хуулийн төсөлд үзэл баримтлалын түвшинд өөрчлөлт орж болзошгүй болоод байгаа. Дэлхийн жишигт жолоочийг нь даатгадаг, тээврийн хэрэгслийг нь даатгаж хураамж авдаг хоёр төрөл байдаг. Энэ талаар эсрэг байр суурьтай байгаа гишүүдээс үндэслэл тайлбар авлаа.

Л.ГҮНДАЛАЙ: Байнгын хороо, бүлэг дээр одоо өөр өнцгөөс ярих байх

-Жолоочийн хариуцлагын даатгалын хуульд шүүмжлэлтэй хандаж байгаа үндэслэлээ тайлбарлаач?

-Германы жишээгээр тайлбарлая. Машиныг анх үйлдвэрлэж, үйлдвэрлэлээрээ ч дэлхийг тэргүүлдэг тэр оронд машинд нь даатгал хийгддэг. Хэн жолоодож яваагаас үл хамааран машин осол гаргасан бол хариуцлага хүлээнэ.  Мэдээж энэ даатгал нь заавал төлөгдөхөөр байдаг. Монголд энэ хувилбар илүү тохиромжтой. Одоогийн Засгийн газраас оруулж ирсэн хувилбараар жолооны үнэмлэхтэй хүн бүр даатгалын хураамж төлөх болж байна. Жишээлбэл, нэг машиныг аав, ах, дүү, ээж нь гээд бүгд унадаг айлууд олон бий. Гэтэл бүгдээрээ татвар төлөхөөр болж байна гэсэн үг.

-Хууль санаачлагчдийн судалгаа, өөрсдийн хуулийн төслийг оруулж ирэх болсон үндэслэл хангалтгүй гэсэн үг үү?

-Жолооч бүрт нь даатгал оногдуулах төслийг оруулж ирсэн нь хамгийн муу хувилбар гэж харж байна. Даатгалын эрсдэл гарсан тохиолдолд тав хүртэлх сая төгрөгийн нөхөн олговор олговрыг даатгалын компаниас гаргана гэж байгаа. Энэ маягаар бол энэ даатгалын компаниуд оршин тогтнож чадахгүй байх. Энэ тогтолцоо Монголд оршин тогтнож чадахгүй байх гэсэн эргэлзээ төрж байна. Гадаадаас Монголд нэг хүн түр хугацаагаар ирэхэд тэр хүн яах болж байна. Хоёр хоног машин унаад буцах тохиолдолд ч даатгал төлөх нь. Ингээд л бодохоор буруу зүйл яваад байгаа юм шиг санагдаж байна.

-Ардчилсан намын бүлэг дээр Засгийн газрын энэ төслийг дэмжиж оруулж ирсэн биз дээ. Чуулганаар орохоос өмнө алдаа, оноог нь хэлэхгүй яасан юм бэ?

-Засгийн газрын оруулж ирсэн хувилбарыг дэмжсэн байна билээ. Би хувьдаа тэр бүлэг хуралдаан дээр байгаагүй. Баян-Өлгийд “Монгол хүн-2020” уулзалтанд оролцож байсан. Асуудлыг ухаж ойлголгүйгээр заримдаа явуулчихдаг жишээ бол энэ.

-Даатгалын компаниудын дунд сонголт хийж чадвартайд нь энэ ажлыг хариуцуулах зохицуулалт оновчтой байж чадах уу?

– Даатгалын компаниудыг чадвартай эсэх талаар ангилан ялгана гэх зүйл байж болохгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос анх эрхийг нь олгохдоо үйл ажиллагаа явуулах чадвартай гэж л үзэж лиценз өгдөг биз дээ. Чадваргүй компанид эрх өгдөггүй л юм бол бүгд ижил нөхцөлтэй оролцох ёстой.

-Алийг нь даатгах вэ гэдэг асуудал босч ирэх нь тодорхой болсон гэж ойлголоо. Таны бодлоор боломж хэр байна?

-Би сая өөртэйгээ ойрхон суудаг гишүүдтэй энэ талаар ярилцсан. Энэ хувилбарыг дэмжиж байгаа цөөнгүй хүн гараад ирсэн байна. Байнгын хорооны хурал дээр гишүүд өөрөөр ярих байх. Бүлэг дээр ч гэсэн дахиад өөр өнцгөөс ярих байх.

-Юу юугүй, хууль батлагдангуут жолооны үнэмлэхтэй иргэдээс даатгалын хураамж аваад эхэлнэ гэсэн бас биш юм билээ. Энэ хуулийн төсөлд 2013 оноос хэрэгжиж эхлэх хугацаа тавьсан байна шүү дээ?

-Үзэл баримтлал нь алдаатай учраас хичнээн хугацааг хойш нь тавьж өгөх нь юуг ч шийдвэрлэхгүй. Ингээд гаргачихвал сүүлд нь сөрөг үр дагавар гарна шүү дээ.     

-Магадгүй энэ хуулийг даатгалын компаниудын лоббигоор хийгдэж байна гэж хардах үндэслэл бий юу?

-Би ийм зүйл байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл даатгалын компаниудад алдагдалтай. 33 мянган төгрөгийн жолоочийн даатгалын хураамжаас таван сая хүртэлх төгрөгний төлбөрийг даатгалын компаниас төлүүлэх боломж бүрдэх нь. Буруутан, хохирогч хоёр хуйвалдаад аль болох их мөнгө даатгалаас авахыг бодно. Шинээр гэрлэсэн хүмүүст 500 мянган төгрөг өгнө гэсэн чинь баахан хүмүүс хуйвалдаад 250-аар нь хувааж авсан биз дээ. Ийм эрсдэл гарвал даатгалын компаниуд дампуурна.

Д.ДОНДОГ: Хэдэн даатгалын компаниа татаад унагаачих вий

-Тээврийн хэрэгсэлд нь даатгал ногдуулах уу, жолоочид нь татвар ногдуулах нь зөв үү?

-Энэ хуулийн төсөл бол машин бариад явж буй хүний хариуцлагын даатгал. Монголд 772 мянган жолоочтой болчихсон байна. Энэ бүх хүнийг хариуцлагатай болгох үүднээс л хийж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл ямар нэгэн осол гаргасан үед гарах зардлыг гаргах чадвар бага байгаа тул нэхэмжлэгч талын хохирлыг түргэн барагдуулах арга. Улс орны хөгжлийн түвшингээс нь хамааруулаад юуг даатгах вэ гэдгийг нь Санхүүгийн зохицуулах хорооноос тооцоод гаргасан байна. Манайх шиг хөгжиж буй оронд эхлээд жолоочийг хариуцлагажуулах тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж байна. Үүнийг судалж гаргаж ирсэн. Нийтдээ жолоочийн даатгалд хамрагдах хураамж, тээврийн хэрэгслийг даатгах хураамжтай ойролцоо тоотой гарч ирж байгаа.

-Жолооны хэд хэдэн ангилалтай үнэмлэхтэй хүмүүс олон бий. Аль ангилалаар нь тооцож даатгалын хураамж төлөх юм бэ?

-Жолооны үнэмлэхээр нь тооцно гэвэл дээд ангилалаар нь даатгалын хураамж авна. Гэхдээ ийм зүйлийг нарийвчлан авч үзэх шаардлагатай.

-Даатгалын компаниудаас чадвар­тайг сонгох тухай яригдаж байна. Ямар ан­ги­лалаар шалгуур хийх гээд байгаа юм бэ.

-Даатгалын хэд хэдэн компаниуд бий. Үүнээс хөрөнгийн чадвартайг нь боломжтой гэж байгаа юм. Миний хувьд энэ хуулийн төсөлд нэг зүйлд эргэлзэж байгаа. Энэ нь манайх шиг олон зөрчил гарч байгаа тохиолдолд өнөө хэдэн даатгалын компаниа татаад унагаачих вий гэж бодож байна. Гараад явахад хаа сайгүй мөргөлдсөн, шүргэлцсэн машинууд зогсч байгаа.  

-Огт машингүй атлаа жолооны үнэмлэхтэй олон хүн бий. Эдгээр хүмүүс хуулийн төслийг хэр хүлээж авах бол?

-Одоо төлнө гэх зохицуулалттай хуулийн төсөл явж байгаа шүү дээ. Нэгэнт л машин барьж, хариуцлага хүлээх боломжтой. Машин барьдаг эсэхээр нь ялгах гэхээр бас асуудалтай байна.  Нэг гэр бүлийн гурван хүн нэг машинтай, дундаа барьдаг байлаа гэхэд би ч барьдаггүй, би ч барихгүй гээд эзэнгүй болох нь. Хэрэв тэр хүн машин барихгүйгээ мэдэгдэж, хий дэмий даатгалын хураамж төлөхгүй гэж бодвол эрхээ цуцлуулах боломжтой.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж