Монгол-Оросын харилцаа өргөжих боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Монгол-Оросын харилцаа өргөжих боломжтой

Монгол-Оросын хамтын ажиллагаа бүхий л хүрээнд өргөжих боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 29-нөөс ирэх сарын 3-ны өдрүүдэд хойд хөршид айлчлахаар товлоод буй юм. Уг айлчлалын хүрээнд яригдах асуудал, хөтөлбөр зэргийг одоогоор албан ёсоор мэдээлээгүй байна. Юутай ч энэ айлчлалаар шинээр байгуу­лагдаж буй “Дорнод Уран” болон бусад хамтарсан үйлдвэрүүдийн хэтийн төлөв, төмөр замын хөгжлийн асууд­лаар яриа хэлэлцээ өрнөнө гэсэн таамаглал байна. Мөн Монголын бизнесмэнүүдийн са­нал, байр суурь, тухайлбал, визийн асуудлыг хөнгөвчлөх, мах, түүхий эд, бэлэн бүтээг­дэхүүний экспортыг нэмэг­­дүү­­лэх, худалдааны эргэл­тийг тэнц­вэр­жүүлэх зэрэг асуудлыг хөндөх байх гэсэн хүлээлт буй юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д хийх төрийн албан ёс­ны айлчлалынхаа өмнө “Россия и Монголия” сэтгүү­лийн редактор Владимир Бережныхын асуул­тад дараах ха­риул­­тыг өгчээ. 

-Ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улс хөгжлийн аль ша­танд явна вэ. Азийн бүс нут­гийн хэмжээнд ямар үүрэгтэй байна вэ?

-Оросын уншигчид Мон­голын түүх, соёлын талаар сайн мэднэ гэж би бодож байна. Тий­мээс миний хувьд манай орон сүүлийн хоёр арваны хугацаанд ямар загвараар хөг­жиж байгааг яривал илүү сонир­­холтой байх аа. Хорин жилийн өмнө Монгол Улс ард­чилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн замыг сонгон 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлж, 1992 онд шинэ ардчилсан Үнд­сэн хуультай болсон юм. Энэ үеэс хойш бид ардчиллын за­маар тууштай замнаж, Азийн ардчилсан залуу орон гэдэг ими­жээ бий болгон урагшилж байна.

Эдийн засгийн хувьд бид шилжилтийн үеэ дуусгасан. Өнөөдөр бид эдийн засгийн хөгжлийн шинэ үе шатны гараан дээр зогсч байна гэдгийг би хэлж чадна. Монгол Улс ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэхийн хамт эдийн засгаа өсгөх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх зорилгыг тавьж ирсэн. Гэвч зарим нэг хүндрэл бэрхшээл, тухайлбал, ажилгүйдэл, ядуурал зэрэг шийдэл хүлээсэн хурц асуудлууд байсаар байгаа ч бид өөрсдийн зорилго, сонгосон хөгж­лийн хандлагадаа итгэлтэй байдаг. Тэгээд ч бидэнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорил­го­­дооо хүрэх бүх боломж, болол­цоо бий. Улс орны хөгж­лийг түлхүүрдэх гол зүйл нь хүний хүчин зүйл, юуны өмнө залуучууд. Манай залуу үе өм­­нөх үеийнхээ ололтыг ам­жилт­­тай үргэлжлүүлнэ гэ­дэгт би итгэлтэй байдаг. Би залуу­чууддаа итгэдэг.

Асуултын хоёрдугаарт хариулахдаа Монголын нэр хүнд Азидаа өсч байгааг тэмдэглэхэд таатай байна. Монгол Улс Төв Ази, Зүүн хойд Азийн бүс нутагт хамаардаг. Манай гадаад бодлогод Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын харилцаа, холбоо чухал байр суурь эзэлдэг. Бид тэдгээртэй найрсаг харилцаатай байгаад зогсохгүй Азийн түншүүдтэйгээ бүс нутгийн олон талт бүтцийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хичээж байна.  

-Монгол, Орос хоёр улсын өнөөгийн харилцааг та хэрхэн үнэлж байна вэ?

-Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ бол чухал тэмдэглэлт ой юм. Ерөнхийдөө хоёр орны өнөөгийн харилцаа, стратегийн түншлэл нь 1993 онд байгуулсан Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, стратегийн түншлэлийг хөгжүүлэх 2009 оны Тунхаг бичгийн хүрээнд явж ирсэнд бид сэтгэл ханамжтай байгаа. Бид Оростой уламжлалт сайн харилцаатай.

-Хоёр талын харилцааны юунд сэтгэл хангалуун байна вэ. Мөн сэтгэл дундуур байгаа зүйл юу вэ?

-Монгол Улс Оростой эдийн засгийн хөгжлийн бүх талын болон онцгой өөр харилцаатай. Монголын хувьд зарим нэг чухал асуудлаар тэрхүү харилцаандаа ашигтай байдлыг харгалзан стандарт бус шийдвэрийг гаргаж ирсэн. Тухайлбал, Монголын төмөр замын хөгжлийн үзэл баримтлал. Төмөр замын хэтийн бодлогын хүрээнд өргөн царигтай төмөр замын сүлжээнд холбогдох уу, эсвэл дэлхийн стандарт болох Хятадад хэрэглэдэг нарийн царигтай төмөр замын сүлжээнд холбогдох уу гэсэн асуудал ихээхэн маргаантай байлаа. Эдийн засгийн үр ашиг, улс төрийн үр дагаврын хувьд энэ асуудал маш чухлаар тавигдах асуудал юм. Эцсийн эцэст Монголын Засгийн газар болон УИХ шийдвэр гаргахдаа Оростой харилцах харилцаандаа нийцүүлэн хойд хөршид хэрэглэж буй өргөн царигтай төмөр замын сүлжээтэй цаашдын хөгжлөө холбохоор үзэл баримтлалаа баталсан. Бидэнд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэх хэтийн ирээдүй бий гэж би бодож байна. Хоёр талын харилцааг уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц болон бусад салбарт хөгжүүлэх ихээхэн боломж бий. 

Энэ дашрамд тэмдэглэхэд манай хоёр талын харилцан ашигтай хамтран ажиллах хүрээнд бидний хүссэнчлэн хялбар хурдан шийдэгдэхгүй байгаа асуудлууд бий. Жишээлбэл, хоёр орны бараа эргэлтэд Монголын экспортын хувь хэмжээ энэ урт хугацаанд маш бага хэмжээтэй явж ирсэн. /2010 оны байдлаар ердөө 3% сурв/ Монголд экспортолж буй бараа, бүтээгдэхүүний өндөр үнэ тарифыг бууруулах, мөн гаалийн үйл ажиллагааг сайжруулах, “Эрдэнэт”, Монголросцветмет”, “Улаанбаатар төмөр зам” зэрэг хамтарсан аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, “Алтанбулаг”-ийн чөлөөт худалдааны бүсийг нээх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах зэрэг зарчмын асуудлууд бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар хоёр тал идэвхтэй ажиллаж буйг тэмдэглэх нь зүйтэй.

-Хурц асуудлуудыг шийдвэрлэхийн тулд зайлшгүй хийх ёстой эхний алхмуудыг та юу гэж тодорхойлох вэ?

-Тухайлбал, бид худалдааг либеральчлахад чиглэсэн нааштай, тодорхой үр дүнг хүлээж байна. Өнгөрсөн зууны ерээд он хүртэл Монголын уламжлалт экспортын бүтээгдэхүүнүүд Оросын зах зээлд их хэмжээгээр гарч байсан шүү дээ. Монголын талаас үүнд ажил хэргийн хүрээнийхэн болон Засгийн газар сонирхолтой байна. Стратегийн түншлэлийн зарчимд суурилсан уламжлалт найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэхэд дээд төвшний уулзалт, яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

-Аль салбарт, ямар төсөл дээр Монгол, Оросын хамтын ажиллагаа илүү ирээдүйтэй гэж үзэж байгаа вэ? Тавантолгой юу? Сайншанд уу?

-Монгол, Оросын хамтын ажиллагаа аль ч салбарт боломжтой зүйл. Бидэнд уламжлал, туршлага, тэрчлэн бүх талаар хамтран ажиллах нөөц бий. Өөрөөр хэлбэл, манай хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг хязгаарлах ямар ч үндэслэл байхгүй. Харин ч эсрэгээр ямар салбарт аль чиглэлээр харилцан хамтран ажиллах шинэ боломж, хувилбар байгааг зайлшгүй бүх талаас нь харж, судлах хэрэгтэй. Тэгээд нэгбүрчлэн нарийвчилсан  эдийн засгийн тооцоо, судалгаа хийж, сул болон давуу талыг тооцсон тодорхой бизнес шийдэлд хүрэх ёстой.

Бид эрчим хүч, дэд бүтэц, уулын баяжуулах салбарт олон төслийг хэрэгжүүлж чадах нь ойлгомжтой. Нөгөө талаас газар тариалан, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт үр ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бидэнд бий гэдгийг цохож хэлмээр байна.

Тавантолгойн төслийн хувьд гэвэл олон улсын консорциумыг оператор компаниар сонгохоор төлөвлөсөн. Өрсөлдөж буй консорциумуудын нэгнийх нь бүрэлдэхүүнд Оросын компани багтаж байгаа юм билээ. Одоогоор тендерийн дүнг хэлэхэд хүнд байна, эцсийн шийдвэр гараагүй болохоор.

Сайншандын боловсруулах хүнд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Оросын компаниуд өргөнөөр оролцоно гэдэгт би найдаж байна. Энэ нь урьд өмнөх хамтын ажиллагааны туршлага, чанартай техник, технологи дээр үндэслэсэн нэр хүндээ Монголд улам бэхжүүлэх таатай нөхцөлийг олгох байх. Тавантолгой, Сайншандын төслийн хүрээнд Монголын дотоодын төмөр замын дэд бүтцийг сайжруулан шинэчлэх ажил хэдийнэ эхэлсэн. Монголын төмөр замын хувь эзэмшигчийн хувьд Оросын тал энэхүү өргөн хүрээтэй төсөлд оролцоод явж байгааг дашрамд сануулья.

-Өөрийнхөө тухай ярихгүй юу. Та үнэхээр Зөвлөлт холбоот улсад цэргийн сургууль төгссөн юм уу?

-Би үнэхээр 1983-1988 онд Зөвлөлт Украины Львов хотын цэргийн сургуулийн сэтгүүлчийн факультетэд суралцаж дүүргэсэн. Миний мэргэжил- цэргийн сэтгүүлч. Миний залуу насны тодхон дурсамжууд энэ хот, энэ сургуультай холбоотой, тэнд ирээдүйн эхнэртэйгээ танилцсан, тэнд ууган хүү маань төрсөн. /Одоо Ц.Элбэгдорж, Болормаа нар дөрвөн хүү, нэг охин, таван хүүхдийн эцэг эх болж, нэлээн хэдэн хүүхэд үрчлэн өсгөжээ.сурв/

-Сүүлийн жилүүдэд Та Орост очиж байв уу?

-Орос сайхан орон! ОХУ-ын зүрх нь болсон Москва хотод очих бүрт надад сайхан санагддаг. 2010 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведеевийн урилгаар би Ялалтын баярын 65 жилийн ойн арга хэмжээн оролцохоор Москвад очсон. Өнгөрсөн жил Байгаль нуурын 437 метрийн гүнд шинжлэх ухаан судалгааны “Мир” аппаратаар шумбах мартагдашгүй завшаан таарсан юм. Оросын эрдэмтэд Байгаль нуурыг судлан хамгаалах үйлсэд тодорхой хувь нэмэр оруулсныг тань үнэлж байна гэсэн захиаг миний хаягаар илгээсэн байна лээ.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж