Эбола вирусээр нас барсан хоёр хүнийг асарч байсан Испани сувилагч халдвар авсан болох нь илэрчээ. Испанийн Эрүүл мэндийн сайд Ана Матогийн мэдээлснээр халдвар авсан сувилагч Мадрид хотын эмнэлэгт эболагаар өвчилсөн номлогч Мануэль Гарсиа Вьехо, Мигель Пахарес нарыг эмчлэх багт ажиллаж байсан гэнэ. Энэ нь тахлын голомт Баруун Африкийн бүсийн гадна өөр улсад эболагаар хүн халдварласан анхны тохиолдол болжээ. Эбола вирусын халдвараар 3400 гаруй хүн амь үрэгдсэний цөөн хэд нь өвчний голомт Баруун Африкаас гадна байгаа юм. Гэвч тахлын голомтын гадна амь үрэгдсэн иргэд бүгд Баруун Африкт байхдаа халдвар авсан нь тогтоогджээ.
Халдвар авсан Испани сувилагчийн бие одоогоор тогтвортой байгаа аж. Түүнд өвчний шинж тэмдэг өнгөрсөн долоо хоногоос амралттай байх хугацаанд нь илэрч эхэлсэн байна. Тэрээр өчигдөр /Х.6/ Мадридын ойролцоох Алькоркон хотын эмнэлэгт өндөр халуунтай ирж, үзүүлжээ.
Испанийн номлогч 69 настай Мануэль Гарсиа Вьехо Сьерра-Леоне улсад байхдаа эбола вирусын халдвар авч, өнгөрсөн есдүгээр сарын 25-нд III Карл хааны нэрэмжит Мадрид хотын эмнэлэгт нас барсан аж. Харин 75 настай Мигель Пахарес Либери улсад байхдаа халдвар авч өнгөрсөн наймдугаар сард нас барсан байна.
Эбала вирус хүний биеийн бүх шингэнээр халдварладаг тул урьдчилан сэргийлэх ганц арга нь өвчтөнийг тусгаарлах аж. Одоогийн байдлаар олон улсад 7500 орчим хүн эболагаар өвчлөөд байна. Өвчний голомт Баруун Африкийн Гвиней, Сьерра-Леоне, Либери улсууд юм.
Үүнээс гадна Томас Данкан гэгч эбола вирусын халдварыг АНУ-д анх авчирч, өөрөө Даллас хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Тэрээр Либери улсад байхдаа халдвар авсан байна. Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Түүнийг “Brincidofovir” гэх эбола вирусын эсрэг туршилын шинэ эмээр эмчилж байгаа аж. Түүнчлэн АНУ-ын албаныхан нисэх онгоцны буудлуудад Баруун Африкаас ирж байгаа хүмүүсийг шалгах тусгай мэдрэгчтэй дэлгэц байрлуулахаар хэлэлцэж байгаа гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС