-Засгийн газрын хуралдаанд Оюутолгой төслийн хэрэгжилтийн талаар танилцуулсан. Ямар тодорхой шийдвэр гарав?
-Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд гол нь эрчим хүчний асуудал чухал байгаа. Тийм учраас энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Гэрээнд зааснаар Оюутолгой төслийг эхлүүлснээс дөрвөн жилийн дараа буюу 2016, 2018 онд цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар байсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас энэ хугацааг урагшлуулах шийдвэр гаргалаа. 2012 оны эцэст Оюутолгой төслийн анхны олборлолт эхэлж, бүтээгдэхүүн гаргана гэсэн тооцоо байгаа. Энэ үе шаттай нь уяж, эрчим хүчний хэрэгцээг нь хангах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, говийн бүсийн эрчим хүчний системийн хамгийн ноён нуруу болох том цахилгаан станцыг Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой компанийн оролцоотойгоор хойтон жилийн эцэс гэхэд эхний үе шат нь эхэлсэн байх ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Харин манай яам ирэх зургадугаар сард багтаагаад Оюутолгойн ордын эрчим хүчний хангамжийг дотоодоос хангах цахилгаан станцын асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах үүрэг хүлээгээд байна.
-Эрчим хүчний цахилгаан станцыг яг хаана барих вэ. Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь бэлэн болсон уу?
-Оюутолгойн ордод барих цахилгаан станцын ТЭЗҮ-г сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд “Оюутолгой” компаниас судалж гаргасан. Цахилгаан станц барих хэд, хэдэн хувилбар байгаа. Бас Тавантолгойн ордын орчимд цахилгаан станц барих хувилбар ч бий. “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” компанийн хувьд хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа, ажлын хэсэг дүгнэлтээ гаргах цаг ойртож байгаа. Тийм учраас явцыг нь Засгийн газарт танилцуулж ирэх зургадугаар сард багтаан тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн бодлоготойгоор л ажиллаж байна даа.
-Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд усны хангамж бас чухал байгаа. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар “Хөрөнгө оруулагчдыгн зүгээс усны хангамжтай холбоотой асуудлыг тавьж буй тухай” дуулгасан. Энэ асуудлыг хэлэлцсэн үү?
-Эрчим хүчнээс дутуугүй бэрхшээл дагуулсан асуудал яах аргагүй усны хангамж. Үүнийг шийдвэрлэхэд газар, усны шугамын газрын болон цахилгааны шугамын асуудалтай тулгарч байсан. Гэхдээ үүнийг шийдвэрлэж чадсан учраас бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болж байгаа. Нэг зүйлийг онцолж анхааруулахад, Оюутолгой төсөл, Тавантолгой төсөл бусад томоохон бүтээн байгуулалтын төсөлтэй холбогдуулаад газрын асуудлыг шийдвэрлэхэд маш хүнд байгаа. Зарим талаас нь аваад үзвэл орон нутгийн байгууллагууд маш хөшүүн ханддаг. Ихэнхи тохиолдолд газрын зөвшөөрөл өгөхгүй хугацаа алдаж байгаа. Газрын зөвшөөрлөөс болж хугацаа алдана гэдэг бол том бүтээн байгуулалтын ажлын хугацаа алдаж байна гэсэн үг л дээ. Тийм учраас Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “Том бүтээн байгуулалттай холбоотой ажлын газрын асуудлыг яаралтай шийд. Шаардлагатай газрыг нөөцөд ав. Нөөцөд авсан газар дээр нь том бүтээн байгуулалтын дэд бүтэцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж олго” гэж тусгасан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг олон удаа ярилцсаны эцэст ийм шийдвэр гарсан.
–Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал эрчим хүч, усны асуудалтай холбоотойгоор бэрхшээлтэй байна гэж Ерөнхий сайд тайлбарласан. Харин Засгийн газрын хуралдаанаас хөрөнгө оруулагчдаас тавьж байсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд нэлээд нааштай шийдвэрүүд гарлаа. Тэгэхээр энэ нь хэлэлцээрт нөлөөлөх болов уу. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал хэзээ цэгцрэх вэ?
-Хөрөнгө оруулагч талтай гэрээнд гарын үсэг зурах хугацаагаа тодорхойлж байна. Хугацаагаа ярьж байгаа нь мэдээж бусад асуудалтай холбоотой. Ойрын хугацаанд гарын үсэг зурна гэдэгт итгэлтэй байна.
-Тавантолгойн Цанхийн хэсэгт олборлолт явуулах оператор компанийг сонгох сонгон шалгаруулалт ойртож байна л гэдэг. Энэ талаар өгөх шинэ мэдээлэл байна уу?
-Ажлын хэсгийг Н.Алтанхуяг сайд ахлаад, хэлэлцээрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан хэсэг хийж байгаа. Ойрын хугацаанд УИХ-д энэ асуудлыг танилцуулна.
-ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, технологийн яамны төлөөлөгчидтэй та өчигдөр Төрийн ордонд уулзсан. Уулзалтаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Германы Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Пфаффенбах тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан. Энэ уулзалтын үеэр гол ярилцсан асуудал нь өнөөдөр Германы компаниудын Монголын тодорхой төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн байна. Урд өмнө нь Германы аж ахуйн нэгжүүд уул уурхайн салбарт төдийлөн ордоггүй байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд хаягдсан салбар болсон байсан л даа, германы бизнесмэнүүдийн хувьд. Германы Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард уул уурхайн салбарын стратегийн бодлого гэсэн баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичгийн хүрээнд уул уурхайн салбарын түүхий эдийн стратегийн түнш гэдэг нэр томъёог гаргасан байгаа. Уулзалтаар Монгол Улс, Герман улс хоёр стратегийн түнш болох сонирхлоо хоёр талаас илэрхийллээ. Стратегийн түнш болохдоо Монголын талаас сонирхож байгаа зүйлүүд гэвэл нэгдүгээрт, Германы техник технологийг оруулах, Германы хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаа. Хоёрдугаарт, Монголын зүгээс аль болох боловсруулах үйлдвэрүүд, тухайлбал, химийн үйлдвэр, коксын үйлдвэр, хайлуулах үйлдвэрүүд дээр Германы техник технологийг оруулах, мөн санхүүжилт, хөрөнгө оруулалт, ялангуяа төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхдээ онцгой ач холбогдол өгөөч ээ гэдэг хүсэлт тавьсан. Яагаад гэвэл Европын холбоо Германд бол экспортыг дэмжих банкууд байдаг. Дээрээс нь экспортын даатгал өгдөг компаниуд байгаа төрийн мэдлийн. Үүнд онцгой ач холбогдол өгөөч гэсэн.
-Хүсэлтийг хүлээж авсан уу?
-Германы зүгээс гарсан хамгийн нааштай шийдвэр бол Монгол Улсын экспортын зээлийн ангиллыг дээшлүүлсэн. Манайх тавдугаар ангилалд ордог байсан бол нэг шат ахиулж одоо дөрөвдүгээр зэрэглэл рүү оруулсан байна. Энэ нь Монголын компаниуд экспортын зээл авах, нөгөө талаасаа Германы компаниуд Монголд хөрөнгө оруулахад экспортын зээл авахад Германы тал зээлийн хүүгээ бууруулна гэсэн үг. Нөгөө талаас экспортын даатгалд хамрагдах бололцоотой болж байна. Ингэснээр экспортын даатгалын эрсдэл нь буурч байна гэсэн үг. Энэ бол том шийдвэр. Энэ тухай сая Германы талаас мэдэгдлээ. Ер нь энэ уулзалтаар ярьсан бас нэг асуудал нь манай Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Германы талтай хамтраад жил болгон уул уурхайн ажлын хэсгийг хуралдуулдаг. Хоёр дахь удаагаа хуралдсан. Ирэх есдүгээр сард гурав дахь уулзалт болно. Энэ гурав дахь уулзалтаар аль болох Герман, Монголын бизнесмэнүүдийг хооронд нь уулзуулъя. Бмзнесмэнүүд хоорондоо уулзаад тодорхой төслүүдийн талаар яриг. Одоо ч гэсэн ярьж байгаа тодорхой төслүүд байгаа. Энэ төслүүд дээр ялангуяа Германы талаас дэмжлэг үзүүлж, санхүүгийн зээл, санхүүгийн экспортын даатгалд хамруулах арга хэмжээгээ илүү сайн судлаач ээ. Ялангуяа Германы Хөгжлийн банк гэх мэтийн хэд, хэдэн механизмууд байгаа. Эдгээртээ хамруулах талаас онцгой анхаараач ээ гэдэг талаас нь гурав дахь удаагийн уулзалтаа чиглүүлье гэж үндсэндээ тохирлоо.
-Тодорхой төслүүд гэдэг маань Тавантолгойн төслийг хэлээд байна уу?
-Ер нь бол Монголын компаниудын ярьж байгаа хэд, хэдэн том төслүүд байгаа. Жишээлбэл, Төмөр замын төсөл байгаа. Энэ төслийг гүйцэтгэхэд Германы томоохон компани болох Дойче банк оролцъё гэдэг сонирхлоо илэрхийлсэн байсан. Дээрээс нь Тавантолгойн орд газрын оператор компанийн сонгон шалгаруулалтад Германы компани оролцож байгаа. Дээрээс нь коксын үйлдвэр барих, мөн нүүрсийг шингэрүүлэх төслүүдийг ярилцаж байгаа Монголын компаниуд байна. Одоо энэ бүх төслүүд маань юун дээр очиж байгаа вэ гэхээр санхүүжилтээ яаж босгох вэ, экспортын даатгалд яаж хамрагдах вэ, энэ хөрөнгийг босгоход Германы төрийн банкууд, төрийн механизмыг бас оролцуулаач ээ гэдэг талаас нь онцгой анхаарч ярилаа.