“Ном уншвал гэм цайрна”

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

“Ном уншвал гэм цайрна”

Мэдээллийн Ньюс агентлагаас 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр “Хорихыг номын сантай болгоё” сэдвийг хөндөж үүндээ хүмүүжигчдийн уншсан номны тоог нь, оюун ухаандаа хийсэн хөрөнгө оруулалтыг нь, хүмүүжил ухаажлыг нь үнэлж суллагдах өдрийг нь урагшлуулдаг тогтолцоог нэвтрүүлэх санаачлагыг гаргаж байсан билээ. Тэгвэл уг санаачлагыг бодит ажил хэрэг болгохоор Монголын Залуучуудын Холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Нарантээл” ХХК-тай хамтран "Номоор нээе" төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Хорих ангид хүмүүжигч ном уншиж шагналын хоног тооцуулах ардчилсан, хүмүүнлэг, иргэний төсөл гэдгийг зохион байгуулагчид өчигдөр онцолж байсан бөгөөд “Нэг ном уншиж эдлэх ялын хоногоосоо 5 хоногийг хасах буюу нэг сард 2 ном уншиж нийт 10 хоногоор эдлэх ялын хоногоо бууруулах боломжийг бүрдүүлнэ. Шагналын хоног тооцохдоо тестийн шалгалт авах бөгөөд тэнцсэн хүмүүжигчдэд шагналын хоног олгох болно. Улсын хэмжээнд 6000 гаруй  хүн ял эдэлж байна. Тэдний олонх нь буюу 90 гаруй хувь нь бичиг үсгийн боловсролтой  залуучууд учир дээрх төсөл бодитой үр дүн өгнө. Одоогоор төслийн эхний үе  шат эхэлсэн бөгөөд хорих ангид хүмүүжигчдэд ямар төрлийн ном уншуулах, номыг сонгох, шагналын хоног бодох аргачлал гаргах ажил эхэлсэн” гэнэ.

Хоёр жилийн өмнө Бразилд шоронгийн хоригдлуудаа ном сайн уншвал, эдлэх ялаасаа хасуулах боломжийг олгожээ. Тус улсад “Ном уншвал гэм цайрна” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хуулийг албан ёсны болгон улсын хэмжээний дөрвөн шоронд хэрэгжүүлж хоригдол нэг ном уншвал ялаас нь дөрвөн хоног хасагдах бөгөөд жилд дээд тал нь 12 ном буюу 48 хоногийг хасч тооцуулах бололцоог ялтнуудад олгосон байна. Хоригдол шоронгийн номын санд буй уран зохиол, гүн ухаан, шинжлэх ухааны сэдэвтэй номуудаас сонголт хийж, нэг номыг 21-30 хоногийн дотор унших ёстой гэнэ. Улмаар уншсан номынхоо талаар эссэ бичиж түүнийг нь шоронгийн ажилтнууд уншиж дүгнэдэг гэнэ. Хэрвээ ялтан хүнээс хуулсан буюу бэлэн материал ашигласан нь илэрвэл хөтөлбөрт оролцох эрхийг нь хасахаар заасан байна. Үүний хажуугаар хоригдлуудад номыг хэрхэн зөв уншиж ойлгох талаар лекц явуулж байхаар болжээ.

Шоронд ял эдлээд гарсан хүмүүжигчид сайныг биш мууг сурч, гэмт хэргийнхээ “кариер”-ыг өсгөж сурдаг буюу өмнө нь хулгай хийж байсан нь дээрэм хийдэг,  хүн амины хэрэг хийгээд дахин ял эдэлдэг энэхүү гаж нөхцлийг өөрчлөх боломж  ном унших хөтөлбөрт ч байж болох бөгөөд “эрх чөлөөгөө хасуулж өргөст торны цаана суугаа хоригдлуудыг номтой нөхөрлүүлэх нь тэдний хүмүүжилд эерэгээр нөлөөлж чадна” гэх сэтгэл зүйчдийн дүгнэлт ч байдаг аж.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын холбогдох албаны хүний хэлснээр хорих ангиудын номын санд 1000-3000 төрлийн ном байдаг ч ихэнх нь хуучны, үр өгөөж багатай ном эзэлдэг аж. Тиймээс хүмүүжигчдэд ахисан түвшний мэдлэг, мэдээлэл өгөхүйц номуудыг сонгохоор их сургуулиудын багш, эрдэмтэн судлаачдаас санал авахаар болжээ. Өнгөрөгч 2013 онд Хууль зүйн яамнаас 10 гаруй сая төгрөгөөр шинэ төрлийн ном худалдан авч хорих ангиудад хуваарилсан байна. Үүний дараа  хуучны уран зохиол зэргээс илүү шинээр гарч ирсэн номыг хүмүүжигчид шимтэн уншиж байгаа нь анзаарагджээ. Тэр ч бүү хэл шинэ төрлийн ном унших урт дараалал хорих ангиудын номын санд үүсээд байгаа аж. Энэ нь хүмүүжигчдэд ном унших хүсэл сонирхол, хэрэгцээ  шаардлага  маш их байгааг харуулж байгаа аж.

Төслийн эхний шатанд номын нэрсийг гаргах, шалгалтын тест боловсруулах, хандив цуглуулах ажил хийгдэх юм байна. Харин ирэх арваннэгдүгээр сард номын нэрсийн жагсаалт, шалгалтын тестийг ШШГЕГ-т хүлээлгэн өгөх юм байна. Төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэх хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдана. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх боломжтой хэмээн тооцоолжээ.

Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж