Гай газар доороос гахай модон дотроос гэж үг бий. Тэгвэл энэ гай газраас ч биш чуулганы танхимаас гахай мэт гэнэт гарч ирэх боллоо. Баталсныхаа дараа тооцож судалдаг буруу жишиг, гаргах гэж буй хуулийн зүйл заалтууд ямар уршиг дагуулахыг ойлгодоггүй гишүүд олон байгаагаас ийм “гай” гарч ирдэг. Урт нэртэй хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн араас ахиад нэг бүтэл муутай дүү нь гарах цагаа хүлээгээд л сууж байна. Танилц, түүний нэрийг “Жолоочийн хариуцлагын хууль” гэдэг.
Энэ “нөхөр”-ийн хийх гээд буй хамгийн гол зохицуулалт нь жолоо барих эрх авсан хүн бүр заавал жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахаар болж байгаад юм. Өөрөөр хэлбэл хууль батлагдвал 772 мянган жолооны үнэмлэхтэй иргэн татвар төлөгч болох нь. Үндсэн хуулийн дагуу даатгалын хураамж нь татварын нэг төрөл болдог тул шууд ийнхүү татвар гэж нэрлэхэд буруудахгүй биз.
Монголын энгийн гэр бүл дунд ганц машинтай хэд хэдэн жолоо барьдаг хүнтэй айл олон бий. Магадгүй хууль тогтоогчид олон машинтай цөөн ам бүлтэй өөрсөдтэйгээ адилхан байх хэмээн сэтгэсэн ч байж болох. Жолооны үнэмлэхтэй ч машингүй нь бол бүр олон.
Ийм хууль батлагдахаас өмнө ямар сайхан талаасаа гардаг гээч. “Жил бүр зам тээврийн ослоор 300 гаруй хүн нас барж, 900 гаруй хүн гэмтэж байна. Иймд жолоочийн хариуцлагын хуулийг батласнаар жолооч нар хариуцлагажиж, хохирогч иргэд түргэн шуурхай нөхөн төлбөрөө гаргуулах боломжтой болно” гээд л. Гол мөрний урсац бүрэлдэх газар ашигт малтмал хайх, олборлох, ашиглахыг хориглох тухай хууль буюу “Урт нэртэй” хууль ч гарахынхаа өмнө “Байгаль орчныг хамгаалах, гол усны нөөцийг хадгалахад энэ хууль батлагдах шаардлагатай” гэж хууль тогтоогч бүхэн ярьж, хөөрцөглөж байсан. Тэмдэгтийн хураамжийн хуульд өөрчлөлт оруулахад “Архи дарс үйлдвэрлэгч, борлуулагчдийг шахах хэрэгтэй. Ирээдүй минь архинд хордож байна” гээд улаан туг барьж жагсах нь холгүй байж батлуулсан. Гэтэл сүүлд нь зарчмын зөрүүтэй саналаар гэнэт орж ирээд дэмжигдчихсэн, Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх тооцоо судалгааг хийж байгаа, УИХ алдаа гаргасан нь үнэн байна гээд л хамаг муу тал нь гарч эхэлсэн. Уг нь хуулийг батлахын өмнө сайн, муу аль аль талыг нь тооцож байж л гаргах учиртай.
Гэвч тэд ийнхүү тооцож сураагүй л бололтой. Хууль тогтоогчид хүссэн ч хүсээгүй ч татвар төлөгч болгох төлөвлөгөөг хэлэлцсээр л байна. Ирэх долоо хоногт, байнгын хороо, бүлгийн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хуулийн төслийг оруулж ирсэн Засгийн газрыг төлөөлж Ц.Нямдорж “энэ чинь мөнгө биш шүү дээ. Гар утасны ганц сарын төлбөрөөс ч бага мөнгөөр жилийн даатгал хийлгэх болно” гээд чуулганы өчигдрийн хуралдаан дээр магтан дуулав. Гэтэл энэ хэмжээнээс ч бага халамжийн мөнгөө авах гээд явган нүцгэн банкны гадаа хонож байгаа хүмүүс олон байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Жолооны үнэмлэхтэй байсных нь төлөө заавал биелүүлэх үүрэг оноох нь зөв гэж үү.
Түүнчлэн даатгалын компаниудаас төлбөр, актив, пассивийн чадвартай заримд нь л даатгалын энэ үйлчилгээг хариуцуулахаар ярьж буй нь хариуцлагагүй явдал. Яг л ноолуурын салбарыг дэмжинэ гээд нэр зааж 12 компанид хөрөнгө оруулдагтай адил зүйл. Төр хамгийн муу менежер гэж бодохоор ноолуурын 110 тэрбумын бондоос нэг зүйлээрээ ялгаатай нь дутуу бодсон тохиолдолд энэ хэдэн даатгалын компаниудынхаа үүдийг нь бариулахад ч хүргэж болох.
Хууль гарч даатгалжуулахыг хэн ч эсэргүүцээгүй. Гэвч үүн дээр нь дөрөөлж олон нийтийг дарамтлаж болохгүй. Агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байж агаарын бохирдлын төлбөрийн татвар, машин эвддэг муу замаар үйлчилснийхээ төлөө авто үзлэгийн татвар, авто замын татвар авч машинтай болсноор нь яллаж байгааг бид дуугүй л хүлээн зөвшөөрсөн. Одоо харин үүнийг чинь зөвшөөрнө гэж үү. Урдуур машин чихэхэд уур хүрдэг шиг юм болж байна шүү. Хүүе, жолоочийг нь биш тээврийн хэрэгслийг нь даатгаач дээ. Хүүе, гэрлээ шилжүүлээч…