“Хөрөнгө оруулагчид ирэх гэж яарахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

“Хөрөнгө оруулагчид ирэх гэж яарахгүй байна”

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг алгуур боловч өсөөр байхыг Дэлхийн банк онцоллоо. Энэхүү бүс нутагт багтдаг улс орнууд нь бусад хөгжиж буй бүс нутгаас илүү хурдацтай хөгжиж байгаагаараа ялгардаг. Дэлхийн банкны эдийн засагчдын таамаглаж байгаагаар энэ бүс нутгийн эдийн засаг алгуур боловч өссөөр байх ажээ. Дэлхийн банк эдийн засгийн таамаглалаа бүс нутгийн хэмжээнд гаргаад зогсохгүй улс орнуудын тухайд ч урьдчилсан дүгнэлт өгдөг. Тиймээс энэ онд Монголын эдийн засаг ямар байх бол гэсэн асуултын хариуг  Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Таехён Лигээс тодруулсан юм.

-2014 он гарсаар 10 сарыг ардаа үджээ. Жилийн ихэнх цаг хугацаа ард хоцорч, тун багахан хугацаа өмнө  байгаа ч үлдэж буй хугацаанд манай улсын эдийн засаг ямар байна гэж та бүхэн дүгнэж байна вэ. Эдийн засагт тулгарч буй хүндрэлийг хэрхэн давах вэ?

-2014 онд Монголын эдийн засаг удааширсан нь олон үзүүлэлтүүдээс харагдаж байгаа. 2013 оны хоёрдугаар улиралд 14.4 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт 5.3 хувь болон буурсан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн ч ялгаагүй 2.8 хувь болтол буурчээ. Үйлдвэрлэлийн гарц 0.3 хувиар  өсч, бөөний жижиглэн худалдааны салбар 12.3 хуюиар багассан нь дотоодын эрэлт суларсныг харуулж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтад 32.4 хувийн цоорхой үүссэний дээр 2014 оны долдугаар сарын байдлаар инфляци үндэсний хэмжээнд 14.9 хувьд хүрээд байгаа юм.

Нөгөөтэйгүүр энэ оны эхний хагас жилийн урсгал дансны баланс 603 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны 1.607 (нэг тэрбум 607 сая) сая ам.доллартай харьцуулахад эрс буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Оны эхнээс зургадугаар сарын хооронд худалдааны данс 35 сая ам.долларын илүүдэлтэй байсан нь өмнөх оны 756 сая ам.долларын алдагдлаас эрс сайжирсан байна. Оны эхний долоон сард Оюутолгойн экспортын өсөлт 150 хувьд хүрснээс үүдэн нийт экспорт 24.9 хувиар өссөн. Энэ бүх эдийн засгийн гол үзүүлэлтээс харахад тулгамдаж буй хүндрэлүүдийг арилгаж, төсвийн эрүүл байдлыг хадгалах гэх мэтээр богино хугацааны хүндрэлийг амжилттай давж гэмээнэ цаашдын ирээдүй гэрэлтэй байх болно.

-Гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Хөрөнгө оруулагчдыг татах үүднээс хуулийн шинэчлэл хүртэл хийсэн ч бодитой үр дүн гараагүй байна. Оюутолгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт хойшлогдсоор байгаа нь манай улсын эдийн засгийг хүлээлтийн байдалд оруулчихаад байгаа. Таны хувьд манай улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт хэзээнээс сэргэнэ гэж таамаглаж байна вэ?

-Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, тэр дундаа Оюутолгой төслийн хувьд явц удаашралтай байгаа. Энэ жил төдийгүй ирэх оны хувьд ч гадаадын хөрөнгө оруулалт огцом дээшлэх боломж харагдахгүй байна. Харин 2016 оноос гадаадын хөрөнгө оруулагчдын хөл хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай юм. Тиймээс ихээхэн чармайлт шаардана гэсэн үг. Томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид  Монгол руу ирэх гэж, хөрөнгө  оруулах гэж яарахгүй байгаа нь ажиглагдсаар байна.

-Хятадын эдийн засгийн өсөлт бага зэрэг буурахаар байгаа юм байна. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөх бол?

-БНХАУ-ын эдийн засгийн төлөв байдлыг энэ онд болон ирэх жилүүдэд бага зэргийн бууралттай байна Дэлхийн банк  таамагласан. Энэ жилийн хувьд 7.4 хувийн өсөлттэй байгаа Хятадын эдийн засгийн өсөлт ирэх 2015 онд 7.2 болж, үл мэдэг буух юм. Энэ нь хөрш орон төдийгүй эрдэс баялгийн түүхий эд экспортлогч Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх магадлалтай. Тухайлбал нүүрс, зэс зэрэг бүтээгдэхүүний экспортын хэмжээ, үнэ ханшид нөлөөлж болзошгүй. Гэвч хятадын  эдийн засагт  огцом өөрчлөлт орохгүй.

-Эдийн засгийн хүндрэлийг давж гарахын тулд Монголын Засгийн газар юү хийх ёстой бол?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, санхүү мөнгөний бодлогоо чангатгах ажлыг хийх шаардлагатай. Бидний ажиглаж байгаагаар төсвийн алдагдал болон ДНБ-ий зөрүү өндөр гарахаар байгаа. Инфляциас гадна төлбөрийн тэнцэл алдагдалтай байгааг анзаарахгүй орхигдуулж болохгүй. Монгол Улсын Засгийн газраас багагүй ажил хийж байгааг дурдах хэрэгтэй байх. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эрх баригчдаас гадна эгэл жирийн иргэдийн оролцоо ч чухал байдаг. Монголчууд хэмнэлт гаргаж, хүндрэлийг туулахыг “бүсээ чангалах” гэдэг дээ. Түүн шиг дээр дооргүй бүсээ чангалж, үргүй зардлыг бууруулах шаардлагатай байна. Монгол Улсын эдийн засаг удааширч байгаа ч инфляцийг таягдан хаях, төлбөрийн тэнцлийг тэнцвэржүүлэх бодлогыг түлхүү хийх аваас түр зуурын хүндрэл нь урт хугацаандаа эерэг үр дүн авчрахыг үгүйсгэх аргагүй юм.

-Хүндрэлийг туулж гарах үе хэзээ хүртэл үргэлжлэх бол?

-Монгол бол эрдэс баялгийн салбараас хараат орон. Дэлхийн зах зээл дээр эрдсийн түүхий эд, бүтээгдэхүүний үнэ хэзээ өсөхийг, уул уурхайн салбарт орох хөрөнгө оруулалт хэзээ өсөн нэмэгдэхийг тааварлахад хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн он жилүүдийг харахад ч эрдэс баялгийн үнэ ханш байнга хэлбэлзсээр ирсэн. 2011 онд хурдтай өссөн үнэ ханш 2012 огцом буурч байсан. Тиймээс тухайн улс орон байнгын бэлтгэлтэй байх ёстой юм. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд ч ганц улс орны бодлогоос шалтгаалдаггүй. Хэдийгээр Монгол Улс хөрөнгө оруулалтын орчинг дээшлүүлсэн байлаа ч бүс нутгийн, дэлхийн эдийн засгаас хамаардаг. Тиймээс хөрөнгө оруулалт буурсан нь  Монголын хөрөнгө оруулалтын орчин муу байна гэж туйлшран дүгнэж болохгүй.

-Уул уурхайгаас бусад салбарт анхаарч гэмээнэ эдийн засагт үзүүлэх ирээдүйн өгөөж нь их гэдэг. Үүний тулд юү хийх ёстой вэ?

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилийн турш хуримтлагдсан эдийн засгийн тэнцвэргүйжүүлэлтийн дарамтан дор байна. Ашигт малтмалаас бусад салбарын өсөлт сул байгаа. Инфляци хоёр оронтой тоонд хэвээр байна. Энэ бүх богино хугацааны хүндрэлийг давж, эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүүлэхийн тулд уул уурхайн хараат байдлаас гарах нэн чухал. Ингэхийн тулд хувийн сектороо дэмжих учиртай.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж