Буудайн чанараа сайжруулъя

Хуучирсан мэдээ: 2014.10.07-нд нийтлэгдсэн

Буудайн чанараа сайжруулъя

Сүүлийн үед гурил, улаан буудайн үнэ, импортыг тойрсон маргаан дэгдэх боллоо. Өнгөрсөн жил 120 тонн улаан буудай импортолж болоод байхад энэ жил 100 мянган тонн буудай импортлох  шийдвэр гарсанд шүүмжлэлтэй хандах хүн цөөнгүй. Энэ хүрээнд саяхан нэг компанид 50 мянган тонн улаан буудай оруулж ирэх зөвшөөрлийг төрийн эрх бүхий яам хуйвалдан өгсөн гэсэн мэдээлэл тархсан юм. Энэ цаашлаад дотоодын тариаланчдаас улаан буудай авахгүйд хүргэж, тариаланчдын хөдөлмөр талаар болох сөрөг талтайг Монголын үр тариа эрхлэгчдийн холбооныхон шүүмжилсэн. Энэ асуудлын хариуг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнууд гурилын үйлдвэрүүдийн төлөөллийг байлцуулан өчигдөр тайлбар хийсэн юм.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “49 мянган тонн улаан буудай импортлохыг ганц компанид биш, нийт таван компанид олгосныг ташаа мэдээлж байна. Нэг нь спиртний үйлдвэр, бусад дөрөв нь гурилын үйлдвэр байгаа. Эдгээрийг сонгохдоо Үнэлгээний хороо тендер сонгон шалгаруулалт шиг ажиллаж, шийдвэр гаргадаг”  гэж хэлсэн юм. Тэрбээр уулзалтыг ахалж, “Улаанбаатар гурил” ХХК, “Од” групп, “Жавхлант буудай” ХХК, “Миллхаус” ХХК, “Орхон мандал” ХХК, “Өег гурил” ХХК, “Баганат гурил” зэрэг хүрэлцэн ирсэн арав гаруй гурилын үйлдвэрүүдийн төлөөллөөс компани нь хэрхэн ажиллаж, тариаланчдаас улаан буудай авч байгаа эсэхийг асууж байсан. Тухайлбал,

-“Од групп үйл ажиллагаа хэвийн явуулж, тариаланчдаас улаан буудай авч байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар болон Сэлэнгээс нийт 7000 тонн улаан буудай авсан бөгөөд цаашдаа 30 мянган тонныг авах төлөвлөгөөтэй”

-“Инжосэ  ХХК Булган аймгаас 200 тонн улаан буудай авсан. Цаашдаа 650 тонныг худалдан авна. Тариаланчдын улаан буудайг саадгүй авч байгаа”

-“Милл хаус ХХК нийт 30-40 мянган тонн улаан буудай авах төлөвлөгөөтэйгээс 18 мянган тонныг Дархан, Эрдэнэт хотоос аваад байна. Одооноос Улаанбаатар хот дахь үйлдвэр засварт орох тул хэд хоног улаан буудай авахгүй, Дархан хот дахь салбартаа авна. Тулгарсан асуудлын хувьд, эргэлтийн хөрөнгийг боломжийн нөхцлөөр шийдэж өгвөл сайн байна” гэсэн юм.

Харин “Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг “Манай компанийг 40 мянган тонн улаан буудай импортолсон гэж гүтгэж байна. Тэр улаан буудай нь гурван жил хадгалсан учраас чанар муу ч гэх юм. Энэ бол ташаа мэдээлэл. Бодит байдал дээр манай компани дотоодын тариаланчдаас хамгийн их гурил авч байгаа.Одоогоор Сэлэнгийн бүс нутгаас 10 мянган тонн, Төв аймгаас 5000 тонн, Сүхбаатар аймгаас 1000 тонн авсан байна. Импортоор 1000 тонн улаан буудайг тонн тутамд нь 494 мянган төгрөгөөр авсан” гэлээ.

Ийнхүү уулзалтад ирсэн арав гаруй гурилын үйлдвэр бүгд тариаланчдаас улаан буудайг саадгүй худалдаж авч байгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд цаашдаа эргэлтийн хөрөнгөд шаардлагатай хөнгөлөлттэй зээл авах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсч байсан.

Дотоодын улаан буудай цавуулаг муутай байна гэв

Одоогоор гурилын үйлдвэрүүд тариаланчдаас нэг тонн улаан буудайг дунджаар 480-550 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Үүн дээр нэмээд тариаланчдад үндэсний үйлдвэр, цех, Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан улаан буудайн тонн бүрт 100 мянган төгрөгийн урамшуулал олгож буй. Мөн баруун таван аймгаас улаан буудай нийлүүлж байгаа бол энэ хэмжээ нэмэгдээд 150 мянган төгрөгийн урамшуулал өгч байгааг албаныхан онцолсон. Үндэсний үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариаланчдыг дэмжихийн тулд ийнхүү урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэх болсон ч зарим тариаланчдын нийлүүлж буй улаан буудайн чанар хангалтгүй байна гэж гурилын үйлдвэрийнхэн учирлаж байлаа. Бидний хэлдгээр ус сайн даадаг чанартай гурил үйлдвэрлэхэд  28 болон түүнээс дээш хувийн цавуулагтай улаан буудай байх ёстой аж. Гэтэл одоо гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж буй дотоодын улаан буудайн цавуулаг дунджаар 20 хувьтай байгаад гурилын үйлдвэрийнхэн сэтгэл дундуур байна. Гэсэн ч гэрээ хийсэн учраас тариаланчдаас энэ хэмжээгээр худалдан авч, үүн дээр цавуулаг сайтай улаан буудай хольж гурил үйлдвэрлэж байгаа гэлээ. Ийм учраас гурилын үйлдвэрүүд импортоор улаан буудай авах болсноо хэлж байсан юм.

Ер нь улаан буудайн чанарыг сайжруулахад юу хэрэгтэйг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.

“Тариаланчдын зүгээс улаан буудайныхаа чанарыг сайжруулахын тулд тариалах ургацын хэмжээгээ нэмэх хэрэгтэй. Үүний дараагаар тариалалт хийх хөрсөө бордох, цэвэр буудай гарган авахын тулд ургамал хамгааллын бодис ашиглах, үрийн сортоо зөв сонгох хэрэгтэй болно. Тариаланчид үүнийг сайн мэдэх ч боломж, бололцоондоо тааруулан бордоо, ургамал хамгааллыг орхигдуулдаг. Тиймээс тариаланчдаа дэмжихийн тулд урьдчилгаа төлбөртэйгээр ургамал хамгааллын бодис, үр, шатахууныг зээлээр олгосоор удаж байна. Үлдсэн төлбөрийг намар ургац хураасны дараа улаан буудайгаараа төлдөг шүү дээ” гэж хариуллаа.

Энэхүү уян хатан нөхцөлтэй зээлийн тухайд, тариаланчид хавар тариалалтаа эхлэхээс өмнө тариалалтдаа шаардлагатай үр авах төлбөрийн 30 хувь, ургамал хамгааллын бодисын 30 хувь, шатахууны  төлбөрийн 50 хувийг урьдчилан төлж, үлдсэнийг нь зээлээр авдаг. Үлдсэн төлбөрийг заавал бэлэн мөнгөөр гэлтгүй улаан буудайгаар төлдөг учраас тариаланчдад энэ нь их нэмэртэй. Энэ мэт дэмжлэггүй байхад тариаланчид болгоод байсан хэр нь одоо зээл, тусламж, дэмжлэг үзүүлсээр байтал тариаланчид улаан буудайн чанарт анхаарахгүй байгаа нь харамсалтай. 

Цаашдаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Монголбанктай хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлж, тариаланчид, гурилын үйлдвэрүүдэд хэдий хэмжээний хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэн, шийдэлд хүрэх юм байна. Энэ бүх урамшуулал, дэмжлэг ахиухан буудай хураагаад арвихан урамшуулал авахад биш бага боловч чанартай буудай тарьж ургуулах хөшүүрэг нь байгаасай.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж