Ливийн нефть олборлолтыг дайн дуустал зогсоолоо. Засгийн газрын армийн зүгээс нефтийн салбарын дэд бүтцийг сүйтгэх вий гэсэн болгоомжлол байгаа учраас ийм шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ нь нефтийн биржийн мэдээнд төдийлөн нөлөөлсөнгүй. Томоохон нефть олборлогч Arab Gulf Oil Company (AGOC) компани Каддафийн армийн буудлагад өртөнө гэж болгоомжлон олборлололтоо зогсоов. Тэд Ливийн дайн дууссан цагт л олборлолтоо сэргээнэ гэдгээ хэлсэн байв. Энэ шийдвэр тус орны бусад нефтийн компаниудад нөлөөлөх бололтой. Энэ тухай AGOC-ийн төлөөлөгч Абделджалиль Мухаммед Мэйуфийн мэдэгдэлд тулгуурлан “Associated Press” мэдээлсэн байв. Сануулахад нефть олборлолтыг Ливид нийгэмчилсэн бөгөөд Ливийн үндэсний нефтийн корпораци (National Oil Corporation) гүйцэтгэдэг. Корпорацийн бүрэлдэхүүний ганц компани ийм шийдвэр гаргаад өнгөрөхгүй бусад компаниуд ч олборлолтоо зогсоож магадгүй нь ойлгомжтой болж байна.
Каддафийн хүчин нефтийн аж үйлдвэрийн байгууламжуудад чиглэсэн цохилт өгнө гэсэн болгоомжлол үндэсгүй зүйл биш. Компани одоо сөрөг хүчний хяналтад байгаа. Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Засгийн газрын цэрэг Ливийн зүүн өмнөд нутгийн Мессла хот дахь нефть шахах станцыг бусад байгууламжийнх нь хамт буудсан байлаа. Тобрук боомт руу нефть шахах станц дайралтад өртсөн юм. “Бид нефтийн талбай бүрийн дэргэд арми тавьж чадахгүй. Үйлдвэрлэлийг сэргээх нь цэргийн ажиллагаа ба Каддафийн зайлахаас хамаарна” гэж Мэйуф хэлсэн байлаа. Лондоны нефтийн биржийн (ICE) мэдээгээр Arab Gulf Oil Company компанийн олборлолт ын хэмжээ нь хоногт 95 баррель болж байна.
Хөрөнгө оруулагч нар дайнаас залхжээ
Засгийн газрын эсрэг үймээн Ливид 2011 оны хоёрдугаар сарын 11-нд эхлээд бараг шууд л бүрэн хэмжээний иргэний дайн болсон юм. Тэр нь нефтийн үнэд нөлөөлөхгүй байж чадсангүй. Сануулахад тогтоогдсон нефтийн нөөцөөрөө (5,1 тэрбум тонн) Ливи улс Африкт нэгдүгээрт, ОРЕС-ийн гишүүн орнуудад (Саудын Арави, Кувейт, АНЭ ба Иракийн дараа) тавдугаарт ордог. Ливи жилдээ 75–77 сая тонн нефть олборлож байгаагаас дотоодын хэрэглээндээ 7–8 сая тонныг нь хэрэглэдэг ажээ. Үлдсэн хэсэг нь Европ ба АНУ-д экспортлогддог гэнэ.
Дайны үйл ажиллагаанаас болон нефтийн үнэ эрс өсч шинжээчид үнийг дахин өснө хэмээн дүгнэж байлаа. Байдлыг Японд болсон газар хөдлөлт ба цунами нугалсан юм. Тэр үеэр эрэлт унана гэсэн хүлээлт нь нефтийн бүтээгдэхүүний үнийг доош буулгалаа. Нефть боловсруулалтаараа тэргүүлэх Япон энэ түлшний томоохон экспортлогч билээ.
Нефтийнхний цэвэр орлого дээд амжилтыг эвдсээр байна
Хоёрдугаар сарын 22-нд нефтийн хольцийн Brent маркийн дөрөвдүгээр сарын фьючерсийн үнэ Лондоны бирж дээр 1,31 доллараар нэмэгдэн нэг баррель нь 107,05 ам.доллараар зарагдаж байлаа. Ливийн үймээн нь олон улсын нефтийн нийлүүлэлтийн үйл ажиллагаанд нөлөөлнө гэсэн айдсийн улмаас үнэ нь улам нэмэгдсээр байв. Оросын Сангийн яам Ойрхи Дорнодын үймээн нь тэдний нефть олборлогч нарт нэмэлт ашиг авчирна гэж урьдчилан дүгнэсэн юм. Хоёрдугаар сарын үйл явдлаас ялгаатай нь гуравхан хоногийн өмнө хийгдсэн тэр мэдэгдэл зах зээлд сонирхол татсангүй. Тавдугаар сарын 6-наас эхэлсэн үнийн бууралтаар нефть явж байна. Тэр өдрийг нефтийн биржийн “хар пүрэв гариг” гэж болох юм. Тэр өдрийн үнийн уналт нь бараг 10 хувь хүрсэн билээ.
Ливийг цаашид тооцонд оруулахгүй болжээ
“Ливи өмнө гуравдугаар сард нефть олборлолтоо 70 хувиар бууруулж гадагш бараг нийлүүлэлт хийлгүй дотоодын зах зээлээ л хангаж байсан байсан” гэж Due Diligence „2К Аудит-Деловые консультации / Morison International“ албаны захирал Александр Шток тайлбарлав.
ОРЕС-ийн мэдээгээр одоо нефть олборлолтын төвшин нь өдөрт 285 мянган баррель болж байгаа нь үнэн хэрэгтээ хувьсгалын өмнөх үеийн хэмжээний 18 хувь болж байна. Дөрөвдүгээр сарын олборлолт нь 0,3 сая баррелиас хэтэрсэнгүй. Үймээнээс өмнө тэр үзүүлэлт нь 1,5–1,6 саятай байжээ. Зах зээл нийлүүлэлт тасарснаас үүсэх хомсдлыг мэдрэхгүй байгаа. Бодвол Саудын Арави ба бусад орнууд Ливийн өндөр чанартай нефтийг нөхөн орлуулж чадсан бололтой.
Ливийн нефть олборлолт бүрэн зогсох нь нефтийн зах зээлд түр зуурын үнийн нэмэгдэл гаргахаас хэтрэхгүй гэж шинжээчид ярьж байгаа юм. Хэрэв тийм өсөлт гарлаа гэхэд онцын нөлөөгүй. Зах зээл Ливийн нөхцлийг аль гуравдугаар сардаа нөхсөн гэдгийг үнийн уналт харуулж буй. Энэ долоо хоногийн даваа гаригийн арилжаа нефтийн үнийн өсөлт гарна гэсэн эрмэлзэл тун бага байгааг харууллаа. Харин өнгөрсөн баасан гаригийн арилжааны хаалтын уналт нь 1 хувьтай байсан билээ. Ливийн нефтьчдийн мэдэгдэл зах зээлд сандралдаан гаргаагүй нь ОРЕС-ийн гишүүдийн амлалттай холбоотой байх. Тэд Ливийн олборлолтын бууралтыг нөхнө гэдгээ нэг биш удаа мэдэгдэж байлаа.