Амаржих газар хүрэлцээгүй, эмч, сувилагчийн ачаалал хэт өндөр, төрөх эмнэлгүүдийн барилгын ажил удаашралтай байгаа талаар хангалттай ярьж, хэвлэл мэдээллээр ч улиг болтол бичлээ. Эхнэрээ, охиноо, бэрээ эсэн мэнд амаржуулах гэж ямархуу нөхцөл байдалтай нүүр тулж, хэрхэн даван туулдагийг нийслэлийн хэмжээн дэх гурван амаржих газар, ЭХЭМТ буюу хуучнаар Эх нялхсын хаалга, үүдийг сахиж үзсэн олон мянган уншигч надаар хэлүүлтгүй мэднэ. Энэ л олон ээж, тэдний гэр бүлийнхний адилаар Улсын клиникийн нэгдүгээр амаржих газарт долоо хоногийг өнгөрүүлсэн юм. Энэ хугацаанд төрөх эмнэлэг яаралтай шинээр барих, зэрэмдэглэж орхисон барилгуудаа дуусгах ямар их шаардлага, хэрэгцээ байгааг яс махандаа шингэтэл ойлгосон гэх үү дээ. Төрөх эмнэлэг хүрэлцэхгүй байна гэж хий хоосон шүүмжлэгсэд, улс төр хийгчид, барилгын ажлыг удаашруулж царцаасан эрхмүүд, хөрөнгө мөнгөнөөс нь зувчуулагсад анхаарлаа хандуулаарай.
ЖЭЭТ-ийнхэн
Улсын клиникийн нэгдүгээр амаржих газар боловсон хүчин сайтай, хариуцлага өндөр гэж би хувьдаа үнэлдэг. Тийм ч учраас харьяаллаа шилжүүлэн байж энэ төрөх эмнэлэгт анхны үрээ төрүүлэхээр очсон юм. Тэнд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн ээжүүд харьяалалтай. Тухайн үед Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу бидний нэрлэж заншсанаар Эх нялхас засвартай байсан учир Баянгол дүүргийн ээжүүдийг давхар хүлээн авч байлаа. Ганц эмнэлэгт нийслэлийн дөрвөн дүүрэг харьяалагддаг гэхээр ямархуу ачаалалтай ажилладаг нь ойлгомжтой. Одоо ч энэ байдал дээрдээгүй байх. Нэгдүгээр амаржих газар хүлээн авах, ЖЭЭТ буюу жирэмсэн эхчүүдийн эмгэгийн тасаг, төрсний дараах тасаг, нярайн эрчимт эмчилгээ, хагалгаа хийлгэсэн, хүндрэлтэй төрсөн ээжүүдийн гэсэн хэд хэдэн хэсгээс бүрддэг. Миний төрөх хугацаа хэтэрсэн учир ЖЭЭТ-т хэвтлээ. Хувцас хэрэглэл, халуун савтай цайгаа дааж ядсан цүндгэр гэдэстэй дөрвөн ээж коридорын хуучирч элэгдсэн буйдан дээр “тухалсан” байв. Ачаалал ихтэй учир ЖЭЭТ-ийн ор бас л дуусчээ. Хоёр тор дүүрэн хэрэгтэй зүйлсээ чирсээр тэдний эгнээнд нэгдэхтэй зэрэгцээд жижүүрийн сувилагч “Өдрийн 10 мянган төгрөгийн төлбөртэй нэг ор байгаа. Орох ээж байна уу” гэв. Ор хүлээн коридорт төвхнөсөн таван ээжийн нэг нь ч төлбөртэй өрөөнд орсонгүй. Би ч мөн төлбөргүй өрөө сулрахыг хүлээхээр шийдлээ. Даралт нь ихэсч, бие нь тавгүйрхсэн ээжүүд ч тэвчээр заан хүйтэн коридорт дусал залгуулан, тариагаа тариулдаг юм билээ. Ийм нөхцөлд ажиллаад удаж байгаа эмч, сувилагч нар коридорын ээжүүдэд чадахаараа анхаарал тавина. Ингээд коридорт хонохын даваан дээр нэг ор гарч, миний ээлж ирлээ. Надаас хойно ирсэн арваад ээжид ор олдоогүй тул тэр шөнөдөө коридорт “амьдарсан” юм. Маргааш нь төлөвлөгөөт хагалгаанд орсон, шөнө өвдөж төрөх тасаг руу шилжсэн ээжүүдийн оронд тэд бүгд өрөөтэй боллоо. Ийм дүр зураг бараг өдөр бүр үргэлжилнэ.
Энд надтай адил хугацаа нь хэтэрсэн, эсвэл даралт өндөр, хаван ихтэй зэрэг янз бүрийн шалтгаантай ээжүүд эмчлүүлдэг. Нэг өрөө 3-4 ортой. Харин төлбөртэй өрөөнд хоёр ор, зурагт, хөргөгч сэлтийг байрлуулсан байх. Ээжүүд өдөрт хэд хэдэн удаа ургийн зүрхний бичлэг хийлгэнэ. ЖЭЭТ-ийнхний дундын өмч хоёр ширхэг ургийн зүрхний бичлэгийн аппарат нь үе үе эвдэрчихдэг учир 30 минут, заримдаа 1-2 цаг хүлээж, дугаарлах нь энүүхэнд. Энэ зуур ээжүүд төрөх үе шат, төрөх эмнэлгийн нөхцөл байдал, хүүхдийн эрүүл мэндийн талаар яриа дэлгэнэ. Илүү тээлттэй ээжүүдэд хийх онцын эмчилгээ байхгүй. Ураг дэмжих тариа, эхо, ургийн зүрхний бичлэг. Өглөө оройдоо ургаа чагнуулж, даралтаа үзүүлэх. ЖЭЭТ-ийнхний эмчилгээ ерөнхийдөө ийм. Ингээд л өвдөхөө хүлээнэ дээ. ЭХО-д үзүүлээд ус багассан, ус ногоорсон, ургийн зүрхний цохилт цөөрч, хөдөлгөөн удааширсан байвал яаралтай арга хэмжээ авна. ЖЭЭТ-т зургаа хоноход өдөрт 10 гаруй ээж төлөвлөгөөт болон яаралтай кесарево хагалгаанд орж байсан нь сэтгэл эмзэглүүлж байлаа. Эгээтэй л мал нядалгаанд явуулж байгаа мэт бөөн бөөнөөр нь хагалгааны хэсэг рүү явуулна. Хэдийгээр ачаалал ихтэй ч хариуцсан эмч нар ээж нэг бүрийг ЭХО-д үзэж, зөвлөгөө өгч байсан нь сайхан санагдав. Ер нь хүн бүр өөр өөрийн өмнөх ажилдаа хариуцлагатай хандаж байсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ олон хүнтэй харилцаж, хүнд нөхцөлд ажиллахаар уурлаж уцаарлах, ширүүн харилцах тохиолдол гардаг л байх. Миний хувьд ийм байдлаар зургаа хоносны дараа сая нэг өвдөлт эхэлж, сувилагчдаа яаран сандран хэллээ. Гэтэл жижүүр сувилагч өөдөөс харснаа “Их өвдсөн царай биш байна. Тасагтаа хүлээж бай. Жижүүр эмчид үзүүлнэ” гэх нь тэр. Туршлагатай хүн гэсэндээ ээжүүдийн биеийн байдлыг царайнаас нь мэддэг болжээ. Үнэхээр ч үүнээс хойш арав гаруй цагийн дараа үр минь мэндэлсэн юм. Тэр өдөр хүү, охин нийлсэн 44 хүүхэд мэндэллээ. Бас л их ачаалал шүү. Ийм хүнд нөхцөлд ээжүүд амаржиж, эмч нар эх хүүхдийг эсэн мэнд төрүүлэхийн төлөө ажилласаар л байна.
“Бушуухан эмнэлгээс гарах юмсан”
Элдэв хүндрэлгүй амаржсан ээжүүдийг асрагч нар тэргэнцэрт суулган лифтээр гурван давхрын төрсний дараах тасагт хүргэж өгнө. Тухайн өдрийн 13.30 цагт төрсөн миний хувьд бас л ор гарахыг хоёр цаг хүлээсний дараа төрсний дараах тасагт шилжсэн юм. Гурван давхрын 309 тоот палатад тухайн өдөр амаржсан гурван ээж сууж байлаа. Бүгд анхны төрөгчид болохоор хүүхдээ хөхүүлэх, өлгийдөхөөс эхлээд мэдэхгүй, чадахгүй зүйлтэй алхам тутамдаа таарч, сандарч тэвдэнэ. Ачаалал ихтэй учир нярайг угааж, нэг удаа өлгий даавууг нь солиход л сувилагч тусаллаа. Харин бусад үед сувилагч өрөөнд орж ирэхгүй, сурагласан ч олдох нь ховор. Эрчимт эмчилгээний тасгийн дутуу төрсөн болон хүнд өвчтэй нярайг асардаг учир тэдний ажил мундахгүй их. Амаржсан ээжүүдээ багтааж ядаж байгаа төрсний дараах тасаг ээжүүдийн ар гэрийнхнийг бүү хэл дадлагын оюутнуудыг ч нэвтрүүлэхгүй байлаа. Хүйн халдвар зэрэг ноцтой аюулаас сэргийлснийх биз ээ. Олон цаг өвдөж, ядарч зүдэрсэн би хүүхдүүдийн дуу шуугиан, агааржуулалт муутай бүгчим өрөөнд чихцэлдэн, тав тухгүй байгаадаа сэтгэл дундуур байв. Орой ч боллоо. Амаржсан ээжүүд тэргэнцэрээр түрүүлэн ар араасаа хөвөрсөөр л. “За төрөхийн өмнөх тасагт ч яахав коридорт хонуулдаг юм байж. Нялх биетэй ээжүүдийг арай ч хүйтэн коридорт суулгахгүй байлгүй дээ” гэж битүүхэндээ бодов. Гэтэл бүр эсрэгээрээ оройн 22.00 цагаас хойш төрсөн ээжүүд бараг бүгдээрээ коридорт хоносон байх. Умгар жижигхэн, бүгчим өрөөгөө голох ч хэрэггүй гэдгийг тэр үед ойлгосон юмдаг. Хаанаа ч багтаж шингээх газаргүй болохоор аргагүй эрхэнд л ингэж хонуулдаг юм байна лээ. Эмнэлэгт ч өөр арга байхгүй, ээжүүдэд ч өөр сонголт үгүй. Гагцхүү эсэн мэнд амаржсандаа л баярлаж, үг дуугүй нөхцөл байдалтайгаа эвлэрэх дэндүү өрөвдөлтэй дүр зураг одоо ч нүдний өмнө тодхон харагдаж байна. Ийм байдалд дуг нойрондоо дугжрах ээж нэг ч байхгүй. Өлсөж эсвэл халууцсандаа байдаг чадлаараа уйлах нялх үрээ тэвэрсээр л, бүүвэйлсээр л. Ийм байдалтай нэг хонолоо. Өвдөж эхлээд нэг шөнө, амаржсаны дараа хүүхдээ хөхүүлэх гэж ноцолдсоор бас нэг шөнө. Хоёр шөнө цурам хийсэнгүй, ядарч туйлдсан гэж жигтэйхэн. Бусад ээж ч мөн адил. Гэсэн ч өөрийгөө эхо-д үзүүлэх, хүүхдээ нярайн эмчид үзүүлэх, түнхний мултралыг шалгуулах, сорьцын шинжилгээ өгөх зэрэг мундахгүй их ажил угтдаг юм билээ. Хоёр, гурав, дөрвөн давхар луу хэдэн удаа гарч, бууж, хэдэн удаа нэг эмчийн үүдэнд эргэлдсэнээ санахгүй байна. Өлгийтэй үрээ тэвэрсэн ээжүүд яваад л байсан, яваад л байсан. Бас алхам тутамдаа асрагчаас эхлээд сувилагч, эмч нарын захирч, зандарсан ааш аягтай таарна. Тэр бүхэнд номхон хүлцэнгүй байхгүй бол загнуулна, зэмлүүлнэ. Ингэж явсаар оройн 18.00 цагтай уралдан эмнэлгээс гарах нөхцөл бүрдлээ. Анхны үрээ тэвэрсэн ээж хань, аав ээжтэйгээ эмнэлгийн үүдэнд уулзах тэр мөчид бүх асуудлыг таг мартаж, эсэн мэнд төрүүлсэн эмч нартаа баярласан сэтгэлээс өөр юу ч үлдээгүй юмдаг. Бүх ээжид ийм мэдрэмж төрдөг байх. Амаржих газарт өнгөрүүлсэн адал явдалтай долоо хоног ингэж л өндөрлөсөн юм даа.
Хүний өмнөөс хүүхэд төрүүлсэн биш. Ээж болсон хүн бүрийн туулдаг зам гэж хэлэх хүн байж мэднэ. Тийм ээ, хүний өмнөөс хүүхэд төрүүлээгүй. Гэхдээ ээжүүд таатай орчин нөхцөлд амаржиж, асарч сувилуулах эрхтэй. Эмч, сувилагч, асрагчид ажлын тохиромжтой хуваариар ажиллаж, амьдральдаа хүрэлцэхүйц цалин хангамж авах эрхтэй. Энэ сурвалжлагаараа аль нэг амаржих газрыг муучлах гэсэнгүй. Гагцхүү өнөөдөр ийм л нөхцөлд эх, үрийг төрүүлж байгааг бага ч гэсэн ойлгуулахыг зорилоо. Бусад амаржих газруудад ч ялгаагүй, яг ийм нөхцөлд ээжүүд төрж байгаа шүү дээ. Гэтэл бид “Монголын үрс маш олон болтугай” гэж хий хоосон цээжээ дэлдсээр л байх уу?
С.ОТГОНСҮРЭН
Холбоотой мэдээ