МАН-ын гишүүдийн “Хэрүүлийн алим” буюу 5 тэрбум төгрөг

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүдийн “Хэрүүлийн алим” буюу 5 тэрбум төгрөг

МАН-ын генсек асан У.Хүрэлсүх гэгч зайтай эр тэр жил “Намдаа шинэчлэл хийнэ” хэмээн намынхаа удирдлагуудын толгойг 3600 эргүүлэн, МАХН нэрнээс “Х”-г хассанаар хөрөнгө хогшил, нэр төдийгүй гишүүдээ булаацалдах их хэргийн эхлэлийг тавьсан түүхтэй. Хамгийн анх намынхаа нэрийг булаацалдан Н.Энхбаяртай нэг хэсэг дайтаж энэ нь ялагдлаар дууслаа. Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэгчээр тус намын махн.мн гэх домайн нэрийг эзэмших хэрүүл дахин газар авч МАН, МАХН-ын залуус зодоон цохиондоо тулж байж эцэстээ тус сайтыг хааснаар хэрүүл намжсан. Үүнээс хойш тун удалгүй Лениний музейн асуудал босож дахиад л “булаацалдах их аянд” МАН-ынхан мордоцгоов. Ийнхүү байсхийгээд л хөрөнгө хогшил булаацалдан гэдсэндээ хөлөө хийлцдэг МАН-ынханы уламжлалт “булаацалдаан” гишүүдийнх нь дунд өрнөж эхэллээ. 

Тодруулбал, Лүнгийн алдарт “зам там”-ыг бий болгосон МАН-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг “дуэль”-д дуудаж, нөгөөх нь гүрийж цаг хожсоор эцэстээ энэ хэрүүл нь тогооноосоо хальж буй нь энэ. Энэ нь мөн л хөрөнгө мөнгөнөөс эхтэй. Тэдний хэрүүлийн алим нь 5 тэрбум төгрөг.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын эзэмшлийн “Очир төв” ХХК нь 2007-2011 онуудад Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106,2 км асфальт бетон хучилттай авто зам барих ажлыг хийж гүйцэтгэж 2011 оны намар улсын комисст хүлээлгэн өгчээ. Эл ажлыг хийж гүйцэтгэх явцад үнийн өсөлтийн зөрүү 8,141,181,091 төгрөг гарсан байна. Тиймээс Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас 8,141,181,091 төгрөгийг гаргуулж “Очир төв” ХХК-д олгох тухай нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 618 тоот шийдвэр 2012 оны 04 сарын 19-ний өдөр гарч, хүчин төгөлдөр болжээ.

Ийнхүү шүүхийн шийдвэр гарсны дараа “Очир төв” ХХК-д олгох ёстой 8,1 тэрбум төгрөгийг 3,1 тэрбум болгон бууруулсан нь Д.Дамба-Очирын намынх нь нөхөр, УИХ-ын гишүүн С.Бямбацогттой холбоотой байсан нь хожмоо ил болжээ. Баримт өгүүлье.

УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар 2013 оны төсөвт “Өмнөх онуудад баригдсан автозамын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг нэмэх” тухай асуудлыг хэлэлцэх үед үнийн зөрүү авах 8 компанийн 10 замын ажлын талаар маш тодорхой нэр заан танилцуулж, шийдвэрлүүлсэн байдаг аж. Үүнд “Очир төв” ХХК-ийн нэр орсон хэдий ч тус хуулийг хэрэгжүүлэх явцад төлбөр авах компанийн тоо гэнэтхэн 9 болон нэмэгдэж,  “Өмнөх онуудад баригдсан авто замын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг нэмэх” тухай асуудлыг хэлэлцэх үед тухайн жагсаалтад байгаагүй “Алтайн зам” ХХК орж иржээ. Ингэхдээ “Очир төв” ХХК-д олгох ёстой 8,1 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр 3,1 тэрбум болгон бууруулж, нэмж оруулсан “Алтайн зам” ХХК-д 5 тэрбум төгрөгийг хуваарилан олгожээ.

Тэр ч бүү хэл УИХ-ын намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд “Алтайн зам” ХХК болон тус компанийн барьсан Өлгий-Цагааннуурын чиглэлийн 40 км хатуу хучилттай авто зам УИХ-д Төсвийн байнгын хорооноос танилцуулсан жагсаалтад байгаагүй байна. Түүнчлэн тус замын ажлын талаар тухайн газар нутгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн шүүмжлэлтэй хандаж, зориуд лавлаж тодруулсан байдаг. Тодруулгын хариу ч тухайн компани төлбөр авагчдын тоонд багтаагүй гэж ойлгогдохоор тэмдэглэн үлдсэн байтал “Алтайн зам” ХХК үнийн зөрүү авах компанийн жагсаалтад гэнэтхэн нэмэгдэж, 5 тэрбум төгрөг халаасласнаар МАН-ын гишүүдийн хооронд мөнгө төгрөг булаацалдах “Их дайн” үүсчээ.

“Алтайн зам” ХХК-ийн ар тал хэн бэ?

Ийнхүү намын нөхрийнхөө компанийн хөрөнгө рүү чимээгүйхэн хуруугаа дүрж 5 тэрбум төгрөг халаасласан гэх хэргийн эзнээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт тодроод буй. “Алтайн Зам” ХХК нь 2003 оноос хойш УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Нью прогресс” группын харъяанд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Дээр дурьдсанчлан УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар 2013 оны төсөвт “Өмнөх онуудад баригдсан авто замын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг нэмэх” тухай асуудлыг хэлэлцэх үед үнийн зөрүү авах 8 компанийн ажлын талаар маш тодорхой нэр заан танилцуулж, шийдвэрлүүлчихээд байхад хүч түрэн жагсаалтад орж ирсэн “Алтайн зам” ХХК-ийн найдвартай ар тал нь С.Бямбацогт аж. Батлагдсан хууль хэрэгжих явцад, замын дундаас орж ирнэ гэдэг эрх мэдлийн илэрхийлэл. Юутай ч Д.Дамба-Очир эзэнтэй “Очир төв” ХХК-д олгох ёстой 5,040,660,015 төгрөг одоо хүртэл олгогдоогүй бөгөөд МАН-ын хоёр гишүүдийн хооронд “Хэрүүлийн алим” болсон 5 тэрбум төгрөгийн асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.

М.МИШЭЭЛ

Эх сурвалж: www.mongolcom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж