Төсөв, мөнгөний бодлогоо чангатгахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Төсөв, мөнгөний бодлогоо чангатгахыг сануулав

Дэлхийн банк Азийн эдийн засгийг хэрхэн тольдож байгаагаа өнөөдөр танилцуулав. Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн байдал ямар байгаа хийгээд ойрын хоёр жилд хэрхэн өөрчлөгдөх талаарх таамаглалыг  эдийн засагч Дини Джалал Сингапур улсаас танилцуулж, Монгол Вьетнам, Индонези, Камбож, Австрали зэрэг орны сэтгүүлч, сурвалжлагчидтэй видео хурал хийж, сонирхсон асуултад хариулсан юм.

Дэлхийн банкнаас гаргасан “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн мэдээлэл” илтгэлд тус бүс нутгийн хувьд эдийн засаг нь хамгийн хурдацтай өсч буй бүс нутаг байхыг тодотгоод энэ оны хувьд БНХАУ болоод бусад улс орнуудын эдийн засгийн өсөлт удаашралтай байх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. 2013 онд 7,2 хувийн эдийн засгийн өсөлттэй гарч байсан Зүүн азийнхан 2014 оныг 6,9 хувийн өсөлттэйгээр үдэх нь бололтой. Бүс нутагтаа төдийгүй дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэгч Хятад улсын хувьд ч эдийн засгийн өсөлт нь 7,4 хувиас 2015 гэхэд 7,2 хувь буурахаар байгаа ажээ. Хятад, Малайз, Вьетнам, Камбож зэрэг улс орнууд экспортоо нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөгжүүлэх чиглэлээр илүүтэй санаачлагатай ажиллаж байгааг Дэлхийн банк цохон тэмдэглэсэн байна. Гэвч бүс нутгийн хувьд Тайланд, Хонконг гэхчилэн улстөрийн нөхцөл байдал нь хүндэрсэн улс орнууд байсаар байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Видео хурлын үеэр  Хонконгт үүссэн нөхцөл байдал бүс нутгийн болоод Хятадын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх үү гэсэн асуултыг хэд хэдэн орны сэтгүүлчид тодотгосон юм. Үүний хариуд ноён Дини Джалал:

-Хонконг бол өндөр орлоготой хөгжиж буй орон. Тиймээс тус улсад үүсээд байгаа улстөрийн тогтворгүй байдал нь эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдлыг дагуулах уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Тус улсын өөрийнх нь эдийн засаг удаашрах магадлалтай ч бусад улс, оронд,  цаашлаад бүс нутгийн эдийн засагт нөлөөлөх эсэхийг бид үргэлжлүүлэн ажиглах болно хэмээн хариулсан.

Харин Монголын эдийн засаг ихээхэн хэмжээгээр удааширсныг Дэлхийн банк онцолжээ. 2013 оны хоёрдугаар улиралд 14,4 хувьтай байсан эдийн засаг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 5,3 хувь болон буурсан төдийгүй инфляци өндөр, төлөрийн тэнцэл дарамттай байгааг анхааралдаа авахыг сануулжээ. Гэвч эдийн засгийн энэхүү бууралтыг саараар бус сайнаар харах ч үндэс бий гэнэ. Сүүлийн гурван жилд Монголын эдийн засаг их хэмжээний өсөлттэй байснаас үүдсэн сөрөг үр дагаврыг арилгаж, ирээдүйн бодитой бөгөөд бага хэмжээний өсөлтийг хангах үндсийг яг одоо тавих ёстойг Дэлхийн банк анхаарууллаа. Үүний тулд мөнгө, төсвийн бодлогоо чангатгах шаардлагатайг онцолсон юм.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж