Хятадын ногоонд хордсоор байя гэж үү

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Хятадын ногоонд хордсоор байя гэж үү

Төмс, хүнсний ногооны үнэ өсчихөж. Килограмм тутамдаа хүнс­ний ногооны үнэ100 төгрөгөөр нэмэгдсэн учраас л иргэд ихэд эмзэглэж байгаа бололтой. Үнэ өсөх шалтгаан нь татвар. Татвар нэмэгдсэнээс  болж хоосон хонох нь гэж хэрэглэгчид гомдоллож байгаа юм байна.
Нэг хоёрхон зуун төгрөгөн дээр эдийн засаг ярьж томролгүйгээр эрүүл мэндээ бодсон ч монголчууд уг нь ингэж бухимдах хэрэггүй л баймаар.  Үнэндээ энэ  эмзэглэл иргэ­дэд гэхээсээ импортлогчдод илүү төрж буй биз. Учир нь тэдний бизнесийн ашигт эсрэгээр нөлөөлж байгаа учраас иргэдийн нэрийг барьж эсэргүүцлээ илэрхийлж буй хэлбэр болов уу.

Хятадаас импортолдог  төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо болон гурилын импортын татварыг 15 хувь болгон нэмэх шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан.  Нэмсэн гэхээсээ илүү төмс, хүнсний ногооны татварыг хэвээр нь үлдээсэн гэвэл үнэнд нийцэх болов уу. Учир нь өмнөх жилүүдэд тавдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл гурил, төмс, хүнсний ногооны 15 хувийн татварыг таван хувь болгон буруулдаг байсан юм. Харин энэ жилээс баруун аймгуудынхаас бусад боомтоор оруулж ирэх төмс, хүнсний ногоо, гурилын татварыг 15 хувь хэвээр нь байлгахаар шийдвэрлэсэн хэрэг.  Харин баруун аймгуудын боомтуудаар оруулж ирж буй импортын төмс, хүнсний ногооны татвар урьдын адил тавдугаар сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл таван хувь байна гэсэн үг.

Салбарын яамны зүгээс гаргасан шийдвэрээ дотоодын тариаланчдаа дэмжих бодлого хэмээн тайлбарлаж буй.  Үнэхээр ч хавар зуны бороо, шороонд дарагдаж, хамаг хөрөнгөө барьцаалж байж  тариалан эрхэлж байгаа газар тариаланчдаа төрөөс бодлогоор дэмжихгүй бол өөр хэн тэднийг  гэх билээ.  Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Атрын III” аяныг хэрэгжүүлснээр монголчууд Хятадын хүнсний ногоогоор гэдсээ “дүүргэх”-ээ больж, энэ жил үр тариа, төмснийхээ хэрэгцээг дотоодоосоо 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээнийхээ 60 хувийг үндэсний үйлдвэрлэгчид хангах тооцоог салбарын яамны мэргэжилтнүүд гаргаад буй.  Энэ тооцоогоор бол Монголын зах, хүнс­ний дэлгүүрийн лангуун дээр зарж, борлуулж буй төмс, хүнсний ногоо бүгд үндэсний шошготой байх нь.

Монголчууд 1990-ээд оноос эхлээд хятад хүнсний ногоог хоол хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Газар тариалангийн салбар хөрөнгө мөнгөөр гачигдан таг зогссон учраас монголчууд хятад төмс, хүнсний ногоо “мэрэх”-ээс өөр аргагүй д хүрсэн юм. Гэвч хэтэвч нимгэн гэх шалтгаанаар хятад ногоог сонгодог байсан тэр цаг ард үлджээ.  Өнөөдөр монголчууд эрүүл, чанартай төмс, хүнсний ногоо зооглох нь эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг ч ойлгодог болсон байна.

Химийн бордоогоор бордсон, чанаргүй, найдваргүй эрүүл бус хятад хүнсний ногооны балгаар иргэд хорт хавдраар өвчлөх болсон гэж эмч мэргэжилтнүүд хэчнээн ч хэлэв. Харин “Атрын III” аян хэрэгжсэнээр монголчууд нэг сумаар хоёр туулай буудсан гэхэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй байх. Ямар ч гэсэн манай улсын газар тариалангийн салбар сэргэж, иргэдийн эрүүл хүнсний хэрэглээ ч өссөн. Тэгэхээр татвар нэмсэн хэмээн гоншигнох хэрэггүй дээ, хэрэглэгчдээ. Та бидний эрүүл мэнд, тариаланчдын  нөр их хөдөлмөр хөлсийг бодсон ч татвар нэмэх нь зөв.  Хамгийн муу, хамгийн чанаргүй, хятад төмс, хүнсний ногоо идэхээсээ уйдахгүй байна гэж үү. Өндөр үнэтэй ч гэсэн үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэг­лээд сэтгэл дүүрэн байцгаая л даа.

ТООН ХЭЛЭЭР:
Өнгөрсөн  2010 оны ургац хураалтын дүнгээр  нийтдээ  366.3  мянган тонн үр тариа, үүнээс 344.5 мянган тонн буудай, таван мянган тонн арвай, 3.1 мянган овъёос, 538 тонн хөх тариа, 12.9 мянган тонн тосны ургамал,  205 тонн гурвалжин будаа, 169.0  мянган тонн төмс,  90.3 мянган тонн хүнсний ногоо, 38.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус  хураан авч жилийн  хэрэгцээт буудай, төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны  53.7 хувийг  дотоодын ургацаас хангасан байна.
 

Ж.НЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж