Ж.Батзандан: Бид шинэ соёл түгээхээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Бид шинэ соёл түгээхээр ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн Ж.БАТЗАНДАНТАЙ ярилцлаа.

-Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны ээлжит чуулган болох гэж байна. Энэ чуулганы гол зорилго юу вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны чуулга уулзалт энэ сарын 3-5-ны өдөр Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд болно. Улаанбаатар хотын дүүрэг болгоны төлөөлөл болсон нийт 310 хүн энэ удаагийн чуулганд оролцохоор бүртгүүлсэн. Энэ удаагийн чуулган маань "Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье" уриан дор өрнөнө. Чуулга уулзалтаар гишүүд дэмжигчдийнхээ дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо солилцоно. Нийслэлийн ардчилсан хүчний холбоо нь гишүүд дэмжигчиддээ шинэ мэдлэг олгох, тэднийг мэдээллээр хангахад түлхүү анхаарч ажилладаг. Мэдээж чуулганы үеэр гишүүд дэмжигчид хоорондоо танилцах, ардчилсан үзэл санааг нийгэмд хэрхэн түгээх, шууд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр сургалт өдөрлөг зохиогдоно. Чуулга уулзалтын гол зорилго нь эцсийн дүндээ иргэдээ чадавхжуулах, үнэт зүйлээ дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм.

-Ардчилсан хүчний холбоог зарим талаар АН-ын түшиц газар, улс төрийн байгууллага гэж хардаг. Ер нь ямархуу бүтэцтэй байдаг юм бэ?

-Ардчилсан хүчний холбоо бол төрийн бус байгууллага. Намын гишүүнчлэлээс үл хамаарч иргэд үзэл бодлоороо нэгддэг тийм л бүтэц. Нийгэмд намаар хуваагдаж, талцдаг хэсэг байдаг л байх. Харин энэ байгууллагын хувьд улс төрийн нам харгалзахгүй иргэд өөрийн үзэл бодол, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдэж, санаа бодлоо солилцдог газар. Тиймээс ч Ардчилсан хүчний холбооныхон аль ч намын гишүүн байж болдог. Нам бусчууд ч байж болно. Ардчилсан хүчний холбоо бол чөлөөт хүмүүсийн нэгдэл.

-"Монголоо шинэчилье" уриандаа, энэ зорилгодоо хүрэхийн тулд өнгөрсөн хугацаанд ямар ажлууд амжуулснаа манай уншигчидтай хуваалцаач?

-Бид Ардчилсан хүчний холбооныхоо чуулга уулзалтуудыг жил бүр зохион байгуулдаг. Өнгөрсөн наймдугаар сард л гэхэд Зүүн бүсийн чуулганаа хийлээ. Ардчилсан үзэлтэй, хүний эрхийг дээдэлдэг, ардчиллын үнэт зүйлийг Монголд дэлгэрүүлэхийг хүсдэг хүн болгоныг нэгтгэхийн төлөө ажилладаг. Ийм хүмүүст бидний хаалга үргэлж нээлттэй.

Манай чуулга уулзалтаар сонирхлын клубүүд төрөл бүрийн сургалтууд, мөн нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулдаг. Төрийн удирдлагыг боловсронгуй болгох, эрүүл мэндийн гээд л чиглэл чиглэлийн сургалт явуулдаг юм. Эдгээр сургалт нь заавал улс төрийн, төрийн албатай холбоотой байх албагүй. Хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ, онцгой байдлын үед аврах ажиллагааг яаж явуулах вэ гээд сургалтууд явуулдаг. Энэ нь эргээд иргэдээ чадавхжуулах, нийгмээ хөгжүүлэхэд дэм болж яваа гэдэгт би итгэдэг.

-Ардчилсан хүчний холбоо гээд энэ гэр бүлийг цул байлгаж байгаа хүчин зүйл нь юу юм бол оо?

-Бид сүүлийн 22 жил талцаж улстөржлөө. Тус холбооны үйл ажиллагаа амжилттай байгаа хүчин зүйлүүдийн нэг бол хэт улстөржихөөс ангид байх явдал гэж би хувьдаа дүгнэдэг. Тиймээс ч улс төр сонирхдоггүй гишүүд дэмжигчид нам бусчууд манайд олон байдаг. Мэдээж Нийслэлийн ардчилсан хүчний холбоонд АН, өөр намын харъяалалтай нөхдүүд ч бий. Тус төрийн бус байгууллага хатуу гишүүнчлэлээр ажилладаггүй. Чөлөөт гишүүнчлэлийг л дэмждэг. Иргэд уулзаж, өөрийнхөө сонирхсон асуудлаар клуб байгуулж, нээлттэй ярилцаж, нэгдэж ажиллах тэр боломж, бололцоог манай холбоо олгодог. Үүний төлөө л бид нэг цул, нэг гэр бүл болсон.

-Та сая клуб гэж ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай холбооны дэргэд маш олон клуб байдаг. Явган аялагчдын, дугуй сонирхогчдын гээд л нэрлэж болж байна. Энэ нь ууланд алхах, дугуйгаар аялах дуртай хүмүүс хүсэл сонирхлоороо нэгдээд л байгуулсан клуб. Тэд өөрсдөө алхаад зогсохгүй явган алхах, дугуйгаар аялах нь нь эрүүл мэндэд тустай гэдгийг нийгэмд сурталчилдаг. Манайд бас Уул уурхайн клуб, Англиар яригчдын клуб ч гэж бий. Жишээ нь, англи хэлийг сурах, англи саксоны соёл түүх ёс заншлыг мэдэх гэсэн иргэд энэ клубт нэгддэг. Бидний хувьд энэ бүх клубүүдийн чөлөөт зохион байгуулалтыг л дэмжиж ажилладаг. Одоо болох Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны чуулганаар клубууд маань өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийнэ. Ямар үр дүнд хүрсэн, ямар олон хүнийг хамарч чадсан гэдгээ тайлагнах болно. Ер нь бол манай нийгэм нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх дээр тулгуурлаж хөгжих ёстой. Ингэж байж ардчилал өөрөө хүчтэй болдог. Энэ үзэл санааг дэлгэрүүлэх, түгээхийн төлөө Ардчилсан хүчний холбоо үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна.

-Та бол Ардчилсан хүчний холбооны лидер. Угаасаа танай холбооны лидерүүд улстөрчид байдаг. Тэгэхээр улс төрөөс салгаж ойлгож болохгүй байх?

-Манайд улс төр сонирхогчдын клуб гэж хүртэл бий. Бас улс төрөөс ангид байх сонирхолтой хүмүүсийн клуб ч байгаа. Ер нь хүний сонирхлыг хязгаарлаж болохгүй шүү дээ. Нийгмийн хөгжлийг хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрх дээр л тулгуурлаж түргэтгэх ёстой. Бид тийм л бүтцийг бий болгож байгаа юм. Цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг үг байдаг даа. Яг тийм л үндсэн зарчмаар явдаг.

-Нийслэлийн Ардчилсан хүчний холбоонд гишүүнээр элсэхийн тулд ямар шалгуур хангасан байх ёстой вэ?

-Манай холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч байгаа хэн ч холбоонд гишүүнээр элсч болно. Бүгдэд нээлттэй гэсэн үг. Тус холбоонд элсээд өөрийн сонирхсон клубээ байгуулаад ажиллуулж ч болно. Бид байр, уулзалт хийх цагийг зохион байгуулдаг. Ингэж иргэдийн эвлэлдэн нэгдэхэрхийг дэмждэг. Тухайлбал, манай дээр ном уншигчдын клуб гэж байгуулагдсан. Энэ клубын гишүүд долоо хоног бүр уншсан номныхаа агуулгыг ярилцаж санал бодлоо солилцох жишээтэй. Ингэхээр энэ клубуудийн үйл ажиллагаа маань хувь хүмүүсийг хөгжүүлэхийн сацуу нийгмийн хөгжилд ч тустай. Санаачилгыг иргэд гаргах нь чухал гэдэг зарчмыг баримталж ажилладаг. Хуульчдын клуб, эмч нарын клуб, эдийн засагч нарын клуб, ахмадын клуб, эмэгтэйчүүдийн клуб гээд амжилттай ажиллаж байгааг дурдаж болно. Энэ мэтчилэн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх дээр тулгуурласан сайн дурын чөлөөт зохион байгуулалт нь үр өгөөж илүүтэй байдаг.

-Энэ олон клубийн нийгэмд үзүүлж буй хамгийн том эерэг нөлөө нь юу вэ?

-Ийм клубууд Монголын нийгмийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй. Ер нь иргэний нийгэм, ардчилал хөгжсөн улс орнуудад иргэд нь улс төрийн нам, улс төрийн хатуу зохион байгуулалт гэхээсээ илүүтэй чөлөөт зохион байгуулалтад ач холбогдол өгдөг болсон. Тийм ч учраас Нийслэлийн ардчилсан хүчний холбоо чөлөөт зохион байгуулалтыг дэмжих чиглэлээр илүүтэй ажилладаг. Ардчилсан хүчний холбооны гишүүд бол магадгүй манай нийгмийн хамгийн идэвхтэй иргэдийн нэг хэсэг гэж би хувьдаа боддог. Идэвхтэй иргэд дээр суурилж нийгэм урагшилдаг. Идэвхтэй иргэдийн манлайлал дор улс орон хөгждөг. Энэ удаагийн Нийслэлийн ардчилсан хүчний холбооны чуулган маань ч идэвхтэй иргэдээ уулзуулахад чиглэж байгаа.

-Нийслэлийн Ардчилсан хүчний холбоо хамгийн ойрын зорилгоо тодорхойл гэвэл та юу хэлэх вэ?

-Нийслэлийн ардчилсан хүчний холбоо нь иргэдийг идэвхжүүлэх, хөдөлгөөнд оруулах, эвлэлдэн нэгдэж хамтарч ажиллах тэр соёлыг дэлгэрүүлэхээр зорьж ажиллаж байна. Шинэ соёл тарьж ургуулахын төлөө л явж байна гэж ойлгож болно. Би иргэдтэй уулзахдаа хэлдэг. Та нар маань "Шинэхороо", "Шинэ тосгон" хөдөлгөөнөө байгуулаач ээ гэж. Өнөөдөр бүх юмыг дээрээс шийддэг, дарга шийддэг гэдэг итгэл үнэмшлээ гээх цаг болсон. Иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдээд асуудлыг шийддэг, шийдэж чадна гэдэг итгэл үнэмшил тэдэнд төлөвшүүлэх нь бидний гол зорилго. Тухайлбал, Солонгос, Японыг "Шинэ тосгон" хөдөлгөөнийхөн нь өөрчилсөн шүү дээ. Тосгоны иргэд хамтдаа олонасуудлыг шийдэж чадсан байдаг. Үүн шиг Монголчууд ч гэсэн нэгдэж, хамтарч чадвал хорооныхоо, дүүргийнхээ, гэр бүлийнхээ, анги хамт олныхоо асуудлыг шийдэж чадна.

-Эцэст нь асуухад, энэ удаагийн чуулганаар зөвхөн сургалт семинар болоод өнгөрөх үү. Өөр ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ?

-Чуулганаар мэдээж олон төрлийн сургалт, нээлттэй хэлэлцүүлэг зохиогдоно. Мөн энэ удаагийн чуулганаар гишүүд дэмжигчидийнхээ дунд спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар гээд спортын олон төрлийн тэмцээн болно. Чуулганы гол зорилго бол гишүүдээ ойртуулах, нөхөрлүүлэх, бие биеэсээ суралцах, улмаар хамтарч ажиллах бололцоог бүрдүүлэхэд л чиглэж байгаа. Бие биеэ таньдаг, итгэдэг байх нь цаашид хамтарч ажиллах суурь болно. Тиймээс ч энэ чуулга уулзалтыг хийсэн ажлынхаа алдаа оноог дүгнэж, хийх ажлаа ярилцах боломж гэж би харж байна.

 

Эх сурвалж: www.bataar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж