“Ардчиллын үндсэн зарчим бага багаар бэхжиж, улстөрчдийн үйл ажиллагаа алхам алхмаар ил болж” байгаагийн нэг үндсэн шалтгааныг иргэд, олон нийтийн улс төрийн идэвхи, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо нэмэгдэж байгаатай холбон үзэж болох юм. Харин үүн дээр улс төрийн намуудын санаачилга, хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгийн хойно тавих, итгэл үнэмшил, үзэл бодлоороо нэгдмэл байх энэ тэрийг нэмчихвэл ардчиллын үндсэн зарчим улам бэхжих юм биз дээ. Улс төрийн намуудын оролцооны тухайд өнөөдөр улстөрийн хүрээ болон олон нийтийн дунд “халуун” сэдэв болж, хүлээлт үүсгээд байгаа Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр жишээ аваад үзчихэд гэмгүй.
Хамгийн сүүлд юун дээр зогслоо. Сонгуулийн холимог тогтолцоон дээр арай гэж гар өргөсөн МАН-ын бүлгийнхэн хувь тэнцүүлсэн болон мажоритари суудлын харьцаан дээр дахин гацаа үүсгээд байгаа. УИХ-ын ажлын хэсгээс холимог тогтолцоотой хамт оруулж ирсэн 50:26 буюу 50 суудлыг намын нэрээр санал хураалгаж хувь тэнцүүлэн хуваарилах, 26-г нь 2008 оныхтой адил том 26 тойргоос нэг нэг нэр дэвшигч өрсөлдүүлэх ёстой. Гэвч хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлгээс хувь тэнцүүлсэн суудлын тоог танах санал гаргаж, бүр 24 хүртэл буулгаад байгаа. Харин үлдсэн 52 суудлыг 2004 оноос өмнө хэрэглэж байсан жижиг 76 шиг жижиг 52 тойргоос сонгох гэнэ.
Суудлын харьцаанаас болж санал зөрөн хоёр тийшээ харсан АН, МАН-ынхан одоо хүртэл ажлын хэсгийг хуралдуулаагүй байгаа. Шалтгаанаа “тооноос наана шийдэх асуудал олон байна. Зарчмын зөрүүтэй саналуудаа эхлээд шийднэ” гэх боловч үнэн хэрэгтээ тоон дээр гол гацаа байгаа. Тэгээд ч энэ асуудлыг УИХ биш, МАН-ын Удирдах зөвлөлөөр шийдэх тухай яриа чих дэлсээд байна. Өнгөрөгч бямба гаригаас хойш хуралдаагүй байгаа МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр, үгүй гэхэд ирэх даваа гаригт хуралдаж, сонгуулийн хуулийг гацааг гаргах бололтой. Ажлын хэсэг хуралдаж чадахаа больсон ганц шалтгаан нь энэ. Угаасаа Монголын төрийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргадаг болсоор удаж байгаа юм хойно.
Хэрвээ МАН-ын Удирдах зөвлөл намынхаа эрх ашгийг бодоод 24:52 гэж тогтох юм бол 46 суудалтай энэ нам олонхиороо дэмжээд явчихна гэсэн үг. Харин Ардчилсан намынхны хувьд аль ч тохиолдолд алдагдалгүй. Нэг бол МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцсэн болж, хугацаагүй завсарлага аваад хуучин хуультайгаа сонгуульд орох, үгүй бол санал хураалтаар хайнаагаа хагалаад жижиг 52 дээр нь очиж өрсөлдөх хоёр зам харагдаж байна. Төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь аймаг руугаа зөөгөөд замаа засчихсан нөхдүүдэд хагас аймаг дээр өрсөлдөх юухан байхав харагдаж байгаа. Энэ бол эрх барьж байгаа хоёр намын эрх ашиг. Харин сонгогчид болоод улс орны эрх ашиг гэж яривал арай өөр.
24:50 гэдэг хувилбарыг гаргаж ирсэн шалтгаанаа МАН-ынхан Үндсэн хуультай холбож, хувь тэнцүүлсэн суудал олон байх нь иргэдийн шууд сонгох эрхэд харшилна хэмээн тайлбарлаж байгаа. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт бий нь үнэн. Гэхдээ “шууд сонгоно” гэдэг нь нэр дэвшигчийг дугуйлна гэсэн үг үү, эсвэл иргэд саналаа хэн нэгний оролцоогүйгээр өөрөө бие дааж өгөх тухай ойлголт уу гэдэг маргаан бараг сүүлийн арван жил үргэлжилж байгаа. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт яригдах бүрт сөхөгддөг. Хэрвээ хуулийн заалт хоёрдмол утгыг илэрхийлж байна гэж үзвэл уг хуулийг батлан гаргаж байх үед ямар утга агуулгаар хийсэн бэ гэдгийг хуралдааны протоколоос харчихаж болдог. Харин 1992 оны Үндсэн хуулийг баталж байх үеийн УБХ-ын хуралдааны протоколд “шууд сонгоно гэдэг нь нэр дэвшигчийг сонгохыг хэлнэ” гэсэн нэг ч зүйл, үг өгүүлбэр байхгүй гэдгийг судлаачид хэлж байгаа. Үндсэн хуулийг “эцэг” гэгддэг Б.Чимид гуай ч энэ тухай “шууд сонгох зарчим гэдэг нь иргэд хэн нэгний оролцоогүйгээр бие дааж сонголтоо хийхийг хэлнэ” хэмээн өөрийн номд тайлбарласан байна.
Тэгээд ч Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэжээ. Энэ нь сонгуулийн тухай хууль, тэр дундаа тогтолцооны асуудлыг хууль тогтоох байгууллага болох УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, хуульчилна гэсэн утгатай болохыг судлаачид хэлж байна.Уг нь бол заавал хөндлөнгийн дүгнэлт шаардаад байхааргүй, энгийн логик шүү дээ. Тэгэхээр тогтолцооны өөрчлөлт дээр Үндсэн хуулийн нэр барих нь утгагүй болж байгаа юм. Тэгээд ч үнэхээр МАН-ын бүлэг л хууль зөрчих гээд байна гэж үзсэн бол яагаад анхнаас нь холимог системийг дэмжсэн хэрэг вэ. 26 нэр дэвшигчийг сонгохоор шууд бус сонголт, 52-ыг сонгохоор шууд сонголт болдог гэж аль Үндсэн хуульд заасан хэрэг вэ. Хууль зөрчихдөө тулах юм бол “Их ч идсэн үмхий, бага ч идсэн үмхий” болно биз дээ.
МАН-ын бүлгийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн саналаа бэлэн болгосон, ирэх долоо хоногт танилцуулна гэсэн байна лээ. Засгийн газрын гишүүдийн 1/3-ээс илүүгүйг УИХ-аас томилдог байх хязгаарлалт, хот тосгоныг бие даасан статустай болгох гэсэн хоёр асуудлаар. Тэгвэл сонгуулийн төгөлдөршил, тогтолцооны шинэчлэлийг мухардалд оруулаад байгаа хамгийн гол зүйл болох “шууд сонгох” асуудлыг яагаад тойрчихсон хэрэг вэ.