Мексикийн Игуала хотын захаас нийтийн булш олдсоныг өнгөрсөн долоо хоногт сураггүй болсон оюутнуудынх байж магадгүй гэж сэжиглэж байна. Игуала хотын албаныхны мэдээлснээр нийтийн булшнаас олдсон цогцоснуудад ДНК-ийн шинжилгээ хийж, хэн болохыг нь тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ нийтийн булшнаас хэдэн хүний цогцос олдсоныг мэдээлээгүй байна.
Мексикийн өмнөд хэсгийн Герреро мужид өнгөрсөн есдүгээр сарын 27 оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдсөн юм. Гэвч мөргөлдөөний үеэр үл мэдэх зэвсэгт этгээдүүд гал нээснээс зургаан хүн амь үрэгдэж, 25 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 57 оюутан сураггүй болсон аж. Сураггүй болсон оюутнуудаас өнгөрсөн долоо хоногт 14 нь эсэн мэнд олджээ. Харин үлдсэн 43 оюутанг эрэн сурвалжлах ажил одоо болтол үргэлжилсээр байгаа юм. Энэ хэрэгт Игуала хотын цагдаагийн газрын 22 алба хаагчийг сэжиглэн баривчилсан байна.
Герреро нь Мексикийн хамгийн ядуу, гэмт хэрэг, хүчирхийлэл их гардаг мужуудын нэг гэнэ. Мексикээс хүмүүсийг олноор нь булсан нийтийн булш олдох нь бараг хэвийн үзэгдэл болсон бөгөөд хохирогчид нь ихэвчлэн хар тамхины гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байдаг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: “The Christian Science Monitor”