Цагдаагийн байгууллага нь дарга болж тоглодог талбар биш

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллага нь дарга болж тоглодог талбар биш

К.ЖЕНИСГҮЛ: Цагдаагийн байгууллага нь хэн нэгний дарга болж тоглодог талбар биш

Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа, Хууль зүйн ухааны доктор К.Женисгүлтэй ярилцлаа.

-Таныг Нийслэлийн цагдаагийн газрын даргад  өрсөлдөх магадлалтай цөөн тооны боловсон хүчний нэг гэж сонин хэвлэлээр яригдаж байсан. Яагаад нэр дэвшсэнгүй вэ?

-Улаанбаатар хотын цагдаагийн даргыг ард нийтийн өмнө нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж, томилно гэдэг нь дэвшилттэй асуудал. Ер нь иргэдэд “Та бүгдийн амар тайван  амьдралын баталгааг хангахын төлөө тодорхой хөтөлбөр дэвшүүлж, хэрэгжүүлнэ” гэж амлан өрсөлдөж байгаа хэлбэр юм. Иргэдийн зүгээс болон цагдаагийн хамт олны зүгээс намайг нэр дэвш, дэмжинэ гэдгээ илэрхийлж, хамгийн гол нь “Та л Нийслэлийн цагдаагийн газрыг богино хугацаанд хөгжүүлж, чадавхжүүлж чадна” гэж урам, итгэл өгч, үүний дагуу мөрийн хөтөлбөр боловсруулж, материал бүрдүүлж бүртгүүлэхээр болсон.

Тодорхой бус шалтгаанаар намайг бүртгэхээс татгалзсан. Миний ойлгож байгаагаар нэр дэвших тусгай шалгуурт нь “гурваас  доошгүй жил нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад удирдах ажил хийсэн” гэх заалт бүхий болзлыг хангаагүй гэж үзсэн бололтой. Уг нь миний бие хөдөө орон нутагт цагдаагийн газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн даргын ажил, үүрэг гурваас доошгүй жил гүйцэтгэж ирсэн. Улаанбаатар хотын цагдаагийн даргын сонгон шалгаруулалтад НЦГ-т хэлтсийн болон тасгийн даргын ажил хийж байсан нь эерэг үзүүлэлт баймаар. Гэтэл заавал дүүрэг, хөдөө орон нутагт гээд л ойлгомжтой бус тайлбар гаргана лээ. Ул суурьтай бодох л асуудал. Ингээд миний нэр дэвших асуудал хад мөргөсөн дөө.

-Та нэр дэвшсэн хүмүүсийн талаар ямар үнэлэлт, дүгнэлттэй байна вэ?

-Би үнэлэлт, дүгнэлт хийх нь зохимжгүй, зургаан хүн бүртгүүлснээс хоёрыг нь бүртгэхээс татгалзсан, хоёрыг нь хар машинаар эрх зүйн тестийн шалгалт авч хасаад, одоо хоёр нь буюу НЦГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч хурандаа Ч.Болдбаатар мөн н.Цэрэндорж гэх хүн өрсөлдөж байна. Цагдаагийн даргын сонгон шалгаруулалт явуулж байгаа бол ямар нэгэн хэлбэрээр сонгож, шалгаруулах хэрэгтэй. Тэр тусмаа богино хугацаанд энэ том айлын ажил гүйцэтгэх чадавхийг эрс дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бодитой бууруулж чадах хүнээ олж сонгох нь чухал. Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг энэ хотын амар тайван байдлын баталгааг хангах, сахих, бэхжүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг байгууллагыг удирдах асуудал нь хэн нэгний талцаж тоглодог, карьер хөөдөг, даргын дадлага туршлага хийдэг газар огт байж болохгүй. Энэ асуудал нь өргөн агуулгаараа асар том хариуцлага, зөв ажил гүйцэтгэл, бодит үр дүн, нийт нийслэлчүүдийн амар амгалан, аюулгүй орчинд амьдрах баталгаа юм.

-НЦГ-ыг удирдаж байхдаа ажлыг нь элгээр нь  хэвтүүлсэн хүн. Одоо эрс өөрчлөлт хийнэ гээд нэр дэвшээд байгаа талаар хүмүүс ярьцгааж байна?

-Би дахиад хэлье. Нэр дэвшигч нарыг дүгнэж хэлдэг хүн нь би биш, зөвхөн өөрт холбоотой асуудлаар ярьвал зүгээр байна. Гэхдээ нэгэнт асуусан болохоор товч хариулья. Нэгд, НЦГ-ын ажил элгээрээ хэвтэх хэмжээнд муудсан асуудал байхгүй, хоёрт, цагдаагийн байгууллагын тухай хууль хэрэгжээд удаагүй, бүтэц зохион байгуулалтын асуудал нэлээд явагдсантай холбоотой өнгөрсөн жил нэлээд бужигнаантай байлаа. Аливаа шинэ бүтэц чиглэлээр ажиллаж эхлэхэд ажил жигдрэх гэх зэргээр үр бүтээл муутай байдаг. Гэхдээ элдэв шалтаг тоочоод байвал ажил сайжрахгүй. Урагшаа зүтгэж л байж, ажлын амжилт дээшилнэ.

-Та мөрийн хөтөлбөр боловсруулсан ч нэр дэвшээгүй. Гэхдээ ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нь сонирхол татаж байна?

-Би өөрийн ажлын туршлага, хийсэн бодит ажилдаа тулгуурлаж тодорхой биелэгдэх боломжтой хөтөлбөр боловсруулсан. Хамгийн гол онцлог нь нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг 15-20 хувиар бууруулна гээд шууд заачихсан. Үүнийг цагдаагийн удирдлага, Нийслэлийн засаг дарга, нийт иргэдэд шууд амлана, хэрэгжүүлнэ, эс тохиолдолд жилийн дараа нийт иргэдэд тайлангаа тавьж, огцрох өргөдлөө шууд өгөх хариуцлагын ухамсартай.

Энэхүү албан тушаал нь хэн нэгний дарга болж тоглох, туршлагажих талбар биш, өндөр төвшний менежмент, ажил зохион байгуулах чадвар, хариуцлагын тогтолцоо юм. Ер нь мөрийн хөтөлбөр төлөвлөгөө, лозунг хэлбэртэй байж болохгүй, хүрэх үр дүн, үр дүнд хүрэх ажил, аргачлал, менежмент, хариуцлага гэсэн гурван зүйлийг шууд тусгасан байвал бусдад ойлгомжтой.

Миний бие 2012-2013 онд нэг жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын даргын үүрэгт ажилд томилогдож, гэмт хэрэг, зөрчлийн гаралтын үзүүлэлтээр буюу өсөлтөөр улсад дээрээс хоёрдугаар байр эзэлж байсныг 25,7 хувиар бууруулж, буурсан үзүүлэлтээр дээрээс хоёрдугаар байр эзэлсэн  амжилт гаргасан. Нэг жилийн  хугацаанд цагдаагийн  албаны ажил гүйцэтгэх чадамжийг эрс сайжруулсан. Тухайлбал, албан хаагчдын ажлын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, ахуй хангамж, ажиллах нөхцөлийг дээшлүүлсэн.

Цагдаа иргэдийн харилцаанд онцгой анхаарч цагдаагийн албан хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлж, удирдлагын хүнд суртлыг үгүй хийсэн. Ажлын анхны гарааг бүх сумдаар биечлэн явж, иргэдийн санал бодлыг сонсож, ажилдаа тусгаж эхлүүлсэн. Хийж гүйцэтгэсэн ажлаа жилд хоёр удаа тайлагнаж ажилласан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүхий л хэлбэрээр буюу хэвлэл, мэдээлэл, олон нийтийн хүчинд тулгуурлаж хийсэн. Хоосон үр дүнд хүрэхгүй ажлуудыг зогсоож, хүн бүр ажлаа хий, үр дүн гарга, хариуцлага алдвал шийтгэлтэй “Талх талхаа идэцгээх” зарчмыг тогтоосон. Ажил гүйцэтгэлийг дүгнэх, хянах системийг боловсронгуй болгож, ажлын хийдэл бүрмөсөн арилсан.

Богино хугацаанд цагдаагийн нэр хүнд олон нийтийн дунд эрс өсч, таатай уур амьсгал бий болсон. Үр дүн гайхалтай байсан, ард нийтийн санал асуулгаар миний бие аймгийн тэргүүний хуульч өргөмжлөлөөр шагнагдсан. Сайн ажил, сайн туршлага, үүнээс үүдэж гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад ямар чиглэлээр ямар ажил хийх, ямар сахилга бат, ажлын хариуцлагын тогтолцоо бий болгох гэх зэргээр ажлын туршлага надад байна. Энэ байдал дээрээ тулгуурлаж хэдийгээр нийслэл хөдөө орон  нутгийг бодвол газар нутаг хүн амын хувьд том ч гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бодитой богино хугацаанд бууруулахад чиглэсэн ажил хийхэд боломжтой гэж үзсэн.

-Таныг нэлээд шударга, дайчин ажилладаг гэдгийг иргэд мэддэг. Нөгөө Марко Пологийн асуудлыг яаж шийдсэн бэ?

-Нэлээд хэдэн жилийн өмнөх асуудал. Ажил  үүргийн хувьд миний хариуцаж байсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил байнга гаргадаг, хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, охидыг биеэ үнэлэх нөхцөлөөр хангадаг “Марко Поло” нэртэй цэнгээний газар байсан. Тус газрын эзэн Герман улсын иргэншилтэй итали гаралтай Ф. гэгч иргэн байнга танхайрч, хэрэг төвөгт их орооцолддог байсан үйлдлийг шалгаж, хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ер нь их хэцүү  хүн байсан шүү, иргэд сайн мэддэг байсан. Би хууль зөрчигчдөд нэлээд хатуу зарчмаар ханддаг, хэн нэгний нөлөөнд автахгүй шударга ажиллахыг хичээдэг, хэн нэгнээс айгаад, хулчийгаад байдаггүй зантай. Энэ нь миний суурь хүмүүжил, итгэл үнэмшил, боловсрол юм. Ер нь хулчгар, бялдууч хүн цагдаагийн албанд огт нийцэхгүй.

-Та цагдаагийн байгууллагад нисдэг тэрэг ашиглах зайлшгүй шаардлага гарч байна гэж судалж  байсан. Энэ асуудал шийдэгдэж байна уу?

-Цагдаагийн албаны ажил гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх чиглэлээр санал бодлоо чилээх, зарим нэг төрлийн ажил, үйлчилгээнд ахиц гарах боломжтой гэж үзэн шинэлэг ажил сэдэж, дээш доошгүй саналаа явуулж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагад бага оврын нисдэг тэрэг Автожир ашиглах боломжийн талаар судалж, цагдаагийн удирдлага, салбарын сайдад танилцуулсан.

Жирийн автожир нь өөрийн ашиглалтын өртөг бага, автомашинтай зүйрлэж болох боловч бөглөрөөнд цаг алдаж зогсохгүй сайхан юм. Одооны автожирууд нь 180 км/ц хурдтай нисэх ба 100 км -т ямар жинтэй нисч байгаагаас шалтгаалан 9-15 литр АИ 95 маркийн бензин зарцуулдаг. Өөр нэг давуу тал нь нисдэг тэргийг бодвол чичиргээ бага байдаг нь агаарын бүх төрлийн зураг авах, эргүүл хийх нэн тохиромжтой мөн маш хүчтэй салхитай үед /20м/с/ нисч болдог. Хүчтэй салхинд тэнцвэрээ алдахгүй, агаарт тогтох чадвартай. Агаарт хөөрөх хүртэл хэдэн метр талбай явж, хөөрч, буух тохиолдолд шууд газардах боломжтой. Нэг жийпний үнэ ч хүрэхгүй юм. Хөгжингүй орнуудын цагдаагийн байгууллага энэ төрлийн техник, онгоцоор бүрэн хангагдсан, энэ утгаар гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох ажилд сайн чадамжтай байдаг.

Саяхан Улаанбаатар хотод “АПУ” компанийн борлуулагч алга болоод, Налайхын уурхайн нүхнээс олдсон, ийм тохиолдолд агаараас эрэл хайгуул хийхэд тохиромжтой, үүнийг мэргэжлийн хүмүүс сайн мэдэж байгаа шүү дээ, гол нь дэмжиж хэрэгжүүлэх л хэрэгтэй.

Мөн цагдаагийн морьт эргүүлийн үйл ажиллагааг үр өгөөжтэй арга хэрэгслээр сэргээх асуудлыг хөндөж тавьсан. Өмнө нь ОХУ-ын үнэ ихтэй томск морьд худалдан авч, өндөр зардлаар тэжээж, морьт эргүүлийн үйл ажиллагаа явуулах гэж оролдсон боловч, энэ нь Монгол орны онцлогт тохирохгүй нь нотлогдсон. Эргүүлд монгол морьд ашиглах, адуун сүрэг – малчин хэлбэрээр тэжээх, тодорхой чиг үүрэг бүхий дамжлагын сургалтын баазтай, үүнд их зардал ороод байхгүй юм.

Ер нь хотын гэр хорооллын гудамжинд морьт эргүүл хамгийн хурдан иргэдэд хүрч ажиллах чадвартай, маневр, хурд гээд олон үзүүлэлтээр явган болон машинт эргүүлээс давуу талтай. Энэ мэтчилэн цагдаагийн байгуул-лагын чадавхийг сайжруулахад өөрийн олсон мэдлэг, туршлагад тулгуурлан элдэв бодол, санал тээн зүтгэж л байна.

-Цагдаагийн байгууллагад эмэгтэй хүний хувьд өсч, албан тушаал ахихад хүнд байдаг уу?

-Би үүнтэй санал нийлэхгүй байна. Цагдаагийн байгууллагад олон чадалтай бүсгүйчүүд алба хашдаг, эрчүүдээс нэг их дутаад байдаггүй. Зарим эрчүүд ч аймхай, хулчгар, хэрүүлч хариугүй сэтгэлтэй харагддаг, ер нь цагдаагийн албанд ажиллаж байгаа хүнд зоригтой, гярхай, сийрэг толгойтой байх гээд наад захын чанарууд байж л ажил, үүргээ хэвийн явуулдаг юм. Эс тохиолдолд ёстой л хувцасны гол болно шүү дээ. Уг нь би цагдаагийн байгууллагын түүхэнд анхны эмэгтэй хууль зүйн доктор, анхны эмэгтэй газрын дарга хурандаа болсон хүн. Олон жил хүн ард иргэдийн  амар амгалан байдлын төлөө хоёргүй сэтгэлээр, шударгаар ажилласны үр дүн шагнал гэж ойлгодог.

Гэхдээ ажил гүйцэтгэх зам дардан шулуун байсан гэж хэлэхгүй. Шударга, шулуун зан нөлөөлдөг юм уу, зарим нэг даргад таалагдаагүй, тэр хүний эрх ашиг нь зөрчигдсөн гэж олон ч удаа арга хэмжээ авахуулахаар хурлаар хэлэлцэгдэж байв. Саяхан гэхэд л шинэлэг ажил, санал санаачлага дэвшүүлж, саналаа бүхий л шатны удирдлагад бичиж явуулсны төлөө хурлаар хэлэлцэгдсэн. Уг нь цагдаагийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хэд, хэдэн асуудал дэвшүүлсэн юм. Ямар ч ажлын идэвхгүй, урсгалаар ажлаа хийдэг хүмүүст арга хэмжээ авах байтал, юм хийе, бүтээе гэж байгаа хүнээ шийтгэхээр хуралдаж байгаа хүмүүсийг хараад гайхах, өрөвдөх шиг их л сонирхолтой үзэгдэл байдаг шүү.

-Улаанбаатар хотын цагдаагийн газар ямар чиглэлийн ажлыг анхаарвал зохистой вэ?

-Олон чиглэлээр ажил явуулах ёстой. Гэхдээ их сүртэй номчирхоод, хоосон төлөвлөгөө гаргаад, элдэв хууль яриад л иргэдэд ойлгомжгүй асуудал үүсгэх нь  буруу юм.

Мэдээж ажил үүргээ хуулийн хүрээнд мэргэжлийн төвшинд явуулах нь зөв. Хамгийн гол нь иргэдэд ойлгомжтой хэлбэрээр хүрч үйлчлэх нь чухал, тухайлбал, дөрвөн замын уулзварт түгжрээ гарлаа гэхэд замын цагдаа тэнд л байж түгжрээг багасгах үүрэгтэй, түүнээс түгжрээтэй олон иргэдийн бухимдалтай нөхцөл  байдал үүссэн байхад ойрхон хажуу талд нь машин нэг нэгээр зогсоогоод л шалгалт хийгээд явж байдаг, үүнийг иргэд яриад зохицуулж өгөөч гээд хүсээд байгаа юм. Уг нь зохицуулахад боломжтой асуудал байгаа биз, дээр хэлсэн “Талх талхаа идэх” зарчим, энэ нь юу гэсэн үг гэхээр замын цагдаа нь хариуцсан объектдоо эзэн байж, ажлаа хий, хариуцлагаа хүлээ, эргүүлийн цагдаа нь мөн адил хариуцсан нутаг дэвсгэртээ эзэн байх гээд л хүн бүр ажлаа хийдэг, хариуцлагын механизмыг зөв бүрдүүлээд өгвөл ажил аяндаа сайжирна. Ажлаа сайн хийж байгааг зөв үнэлдэггүй, ховч, бялдууч тал засагч нөхдүүд тойрон хүрээлэгч болж суудал ахидаг, ийм л систем, тогтолцоо зарим газарт байгаад байна. Уг нь жаахан шударга хандаад санаачлагатай ажил хийж чадах, мэргэжилдээ чадалтай хүмүүсээ дэмжээд, зөв зохион байгуулаад удирдах юм бол хамт олон илт сэргэдэг, ажлын бүтээмж сайжирдаг юм шүү дээ.

-Гэхдээ гэмт хэргийн гаралтад олон хүчин зүйл нөлөөлдөг байх л даа?

-Гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа нөхцөл байдалд олон хүчин зүйл нөлөөлж байна. Харанхуй, гэрэлтүүлэг байхгүй орчинд гэмт этгээд гэмт үйлдлээ хийх сэдэл төрдөг бөгөөд судалгаагаар энэ байдал батлагддаг. Энэ асуудлын эргэн тойронд ялангуяа ямар арга хэрэгслээр шийдвэрлэх тал дээр надад тодорхой санал бодол байдаг юм. Энэ тухайгаа холбогдох шийдвэр гаргах төвшний албадын удирдлага, мэргэжилтнүүдэд танилцуулсан. Улаанбаатар хотын хэмжээнд гудамж талбайд гэрэлтүүлэг, камерын систем суурилуулах ажилд ихээхэн хэмжээний төсөв мөнгө зарцуулж байна. Энэхүү ажлын нэлээд хэсгийг ААНБ-дын хүч хөрөнгөд түшиглэж хэрэгжүүлэх боломжтой, ялангуяа шинээр баригдаж байгаа барилга, байгууламж, хотхон, хорооллын орчин дахь гудамж талбайг тухайн ажил гүйцэтгэсэн компаниар санхүүжүүлж, хийлгэж, улсын комисс хүлээн авдаг байхаар зохицуулалт хийх боломж байна. Энэ тохиолдолд төсвөөс энэ их хөрөнгө төсөв, ажил болгохгүйгээр хялбархан шийдэх гарц байгааг хаа хаанаа ойлгож, хэрэгжүүлэхээр оролдох л хэрэгтэй юм.

-Цагдаагийн байгууллагын ажилд иргэдийн туслалцаа хэрэгтэй гэж үү?

-Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил дан ганц цагдаагийн ажил биш. Төрийн байгууллагуудын албадын ажлын уялдаа холбоо, тэр тусмаа хамтарч ажил явуулах явдал маш чухал. Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, байнга зөрчил гаргадаг, гэмт хэрэг, зөрчлийн үүр уурхай болсон аж ахуйн нэгж байгууллагууд нэлээд байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс зөрчил, дутагдлыг илрүүлж, өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудад санал хүргүүлдэг боловч, дээр дурдсан аж ахуйн нэгж байгууллагууд зөрчил, дутагдлаа гаргасаар байна. Ийм нөхцөл байдалд цагдаагийн байгууллага ажиллаж чадахгүй байна уу, эсвэл төрийн өөр албад арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байна уу гэх зэргээр хариуцлагын асуудал дунд нь орхигддог. Энэ байдлаас гарах, чухам аль байгууллагын хариуцлагагүй байдлаас дээрх зөрчил, дутагдал баттай оршсоор байгааг тодорхойлох зорилгоор төрийн байгууллагуудын албадын хамтарсан баг хяналт, шалгалтын ажил явуулах нь илүү ач холбогдолтой, үр дүнтэй ажиллагаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгч багаар  ажиллах ач холбогдлыг тодорхойлж, өөрийн хэлсэн үгэндээ тусгасаныг та бүгд санаж байгаа. Энэ бодох л асуудал.

-Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа зарим нэг хүн зөвхөн өөрийнхөө нэр хүндийг өндөрт өргөж бусдын үгийг ч тоохоо больчихсон явдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Зарим хүн удирдах албан тушаалд очингуут их л буруугаар бодож, аашилж аяглах юм. Эдгээр хүмүүсийг хөндлөнгөөс хараад байхад энэ албан тушаал нь мөнхийн суудал мэт арслан бар шиг аашилж, мөн ойр тойрондоо дээрэлхүү хандаж, олон ч сайн нөхдөө гомдоох юм. Нэгд, хааны суудал халаатай, эзний суудал ээлжтэй. Нэг л нартай өдөр нөгөө дээрэлхээд байсан хүмүүстэйгээ зэрэгцээд сууж  байна гэдгээ, энэ үед юу хэлэхээ, нүд рүү нь харж чадахаа бодох л хэрэгтэй, хоёрд, албаны эрх ашиг, хувийн эрх ашиг ааш аягаа нягт салгаж ойлгоод ухамсартайгаар албандаа хандаж сурах нь чухал. Зарим нэг нь хувийн эрх ашгийн үүднээс албандаа хандаж, хувийн компанийнхаа ажилчдыг хөөж, тууж байгаа юм шиг л дөвчигнөж, эрхшээлдээ оруулж, төрийн албан хаагч энэ даргын гутлыг тосолж өгөх, өмд, цамцыг индүүдэж өгөх, бэлэг сэлт өгөх зэргээр үнэхээр сэтгэхүйн, ухамсрын, нэр төрийн хувьд доройтолд орж байсан тохиолдол харж л байлаа.

Миний хувьд удирдах ажил хийхдээ наад захын хүн чанар, сэтгэлгээгээ алдахгүй юмсан, төрийн албаны эрх ашиг, дархлаа, нэр хүндийг зохих төвшинд нь хадгалах, бэхжүүлэх гэж хичээж ирсэн.

Зарим хөгтэй гэх юм уу, эмгэнэлтэй явдал болж л байна. Ямар ч удирдах ажлын туршлага, мэдлэг, чадваргүй залуу хүн даргын суудалд хэн нэгний шахаас, нөлөөгөөр томилогдчихоод өрөөндөө компьютер тоглон, үзгээ эргүүлэн, хэн нэгний танилцуулсан, шийдвэрлэх ёстой ажлын утга, ач холбогдлыг ч ойлгохгүй, ёстой памперстай, манцуйтай хүү гэдэг шиг төрийн ажлаар тоглож байсан тохиолдол байсан юм шүү. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл аливаа албан тушаал, мест нь өөрт тохирсон дадлага, туршлага, ажил гүйцэтгэх чадвар, мэргэжлийн мэдлэгтэй хүнийг оршоож байж ажил, үйлчилгээ зохих төвшинд явагдана.

В.САРАНТУЯА

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж