Медведевийг 2012 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх талаар дуугарах байх гэж шинжээчид хүлээж байсан ч “Ийм том хэвлэлийн хурал дээр тийм мэдэгдэл хийх нь хорхой хүргэм зүйл байж магадгүй” гээд улс төрийн гол ээдрээг тайлсангүй үлдээлээ.
Холбооны зөвлөлийн дарга Сергей Мироновыг эргүүлэн татаж байгаа тухай асуудалд тэрээр үүнийг улс төрийн өрсөлдөөний жишээ гээд тайвнаар хүлээж авах хэрэгтэй гэсэн байна. Энэ нь Нэгдмэл Орос намд ч Шударга Орос нам ч аль алинд нь тустай гэлээ. Холбооны зөвлөлийн өнөөгийн шинэчлэгдсэн системийг тэрээр ерөнхийдөө ардчилалтай гэж онцложээ. Ирээдүйд сенаторуудыг бүх нийтээр сонгодог болохыг тэрээр үгүйсгэсэнгүй.
“Одоо бид НАТО-тай харилцаа хамгийн муу биш” гэж тэрээр онцлоод өдөр тутам өөрөө анхаарч ажиллаж байгаа гэлээ. Эвслийн буруугаар 2008 оны наймдугаар сард харилцаа тасарсан тэр цагаас хойш “их ус урслаа” хэмээн тэрээр хэлэв. Мөн Европын Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хөгжил нь “ойлгомжтой зарчмаар” байх ёстой гээд энэ Оросын байр сууриа АНУ-ын ерөнхийлөгч, болон оролцогсод сонсохыг хүсч байгаагаа илэрхийлэв. Энэ нь Европыг “хүйтэн дайны цагт” эргүүлэн оруулах хамгийн муу байдлыг гаргахгүй байхад тустай гэж тэрээр хэлжээ.
Хэрэв АНУ Европын ПДХСистемийг хэрэгжүүлэх талаар яаравчлавал Орос Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гэрээнээс гарах эрхээ эдэлнэ гэж Медведев санууллаа. Уг гэрээнд ПДХС-ийн хөгжил нь стратегийн тэнцвэрийг алдагдуулахаар байгаа бол гэрээнээс гарах буюу гэрээг зогсоох заалт байдаг юм.
Хэрэв тэрээр дахин сонгуульд оролцох бол намын дэмжлэгтэй байхыг хүсч байгаагаа илэрхийлэв. Гэхдээ өөрөө улс төрийн хүч байгуулж чадна гэсэн үг хавчуулаад бусад орнууд ийм л замаар явдаг гэж тодотгожээ.
Хойд Кавказыг дэмжих
Хойд Кавказын бүсэд ажилгүйдэл их байгаа гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөв. Залуучуудын дунд ажилгүйдэл 30-40 хувь хүрч байгаа нь тэднийг хэт даврагчдын нууц байгууллагад орох сэдлэг байна гэлээ. Хойд Кавказыг дэмжих чиглэл чухал хэвээр үлдэнэ гэж тэрээр хэлжээ.
Бээжингийн сурвалжлагчийн асуутад хариулахдаа тэрээр хоёр орны харилцааг дээд зэрэг тодорхойлов. Москва, Бээжин БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг болон бусад олон улсын институтыг улс төр ба эдийн засгийн стратегийн түнш гэж онцолжээ.
Хоёр орны худалдааны эргэлт 60 тэрбум ам.доллар хүрсэн түүнийг 100 тэрбумд хүргэх нь чухал, үүний тулд хурдаа сааруулалгүйгээр шинэ төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэр хэлэв.
Украины харилцааны талаар
Украиныг Европын холбоонд интеграцлах нь Украины ард түмний эрх. Гэхдээ хоёр сандал дээр зэрэг сууж болохгүй гэж Медведев хэллээ. Байгалийн хийн хувьд энэ сэдэв хэлэлцэгдэж байна. Харин хуучин гэрээ хэлцлээ үүнийг хийж байхдаа мөрдөх ёстой хэмээн тэр мэдэгдлээ.
Дэлхийн бодит байдлыг тэр хүлээн авч байгаа талаараа
Ерөнхийлөгч хэмээх өндөр тушаалд заларснаар бодит байдлаас хэр тасарсан бэ гэсэн утгатай асуултад Медведев “газраас тасраагүй” гэж хариулав. Төрийн тэргүүний хувьд мэдээллийг хүмүүс, мөн сүлжээ, блог, Twitter зэргээс авдаг гэнэ. “Тэнд үнэнийг хэлж байна. Надаас өмнө түүнийг хэн ч хараагүй байв. Тиймээс би “газраас” тасраагүй гэдэгтээ итгэлтэй байна. Энэ утгаараа надад аюул алга. Надаас хойших ямар ч удирдагч тийм байх болно гэж би үзэж байна. Өнөөгийн нийгмийн мэдээллийн амьдралын хууль тийм юм” гэж тэрээр хэлсэн байна. Мөн тэрээр Европын холбооны орон зайд визгүй зорчихын төлөө байгаа, “Роснефть” ба ТНК-ВР хоёрын наймаа нь Орост хэрэгтэй байсан гэж үздэгээ, Сирийн талаар “Ливийн тогтоол шиг” шийдвэр гаргавал дэмжихгүй гэдгээ, Оросын шинэчлэл эрчимтэй явагдах боломжтой, мөн Ходорковскийг суллалаа гэхэд Орост ямар нэг аюул байхгүй гэх зэргээр ярьжээ. Тэрээр Сингапурыг магтаж жишээ болгон авахыг уриалсан байв. Ажлынхаа гол дутагдлыг гурван жил ерөнхийлөгчөөр ажиллахдаа оросуудын амьдралыг сайжруулах талаар огцом өөрчлөлт гаргаж чадаагүй мөн түүхий эдийн хамаарлыг бууруулж чадаагүй гэжээ.