Настнуудад хэн “хайртай” вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.06-нд нийтлэгдсэн

Настнуудад хэн “хайртай” вэ?

-“Ахмад настнуудаа асрамжийн газарт амьдруулж, хүний ёсоор хүндлэл үзүүлдэггүй гэж бидний төсөөлдөг барууныхан нас дээр гарсан хүмүүсээ “ад үзэлгүй”, харин ч нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулахыг хичээсэн, тэдэнд таатай орчин бүрдүүлэхийг эрмэлздэг болох нь нийгмийн даатгал тэтгэврийн тогтолцооноос нь харагдана”-

Намрын сэрүүн өдрүүд ирж, хичээл сургууль цуглаад ч тэр үү Улаанбаатар урьдынхаасаа ч илүү хөл хөдөлгөөнтэй болсон мэт санагдана. Оюутан сурагчдаас гадна Монголыг зорих жуулчдын цуваа тасраагүй байгаа бололтой. “Central tower”-ын урдуур алхаж явтал өөдөөс буурал толгойтой гадаад эр эхнэрийн хамт ирж “Энэ хавьд хоночихоор аятайхан буудал бий юу?” гэж асуув. Би эргэн тойронд байх хамгийн л дажгүй гэгддэг буудлуудыг санал болгоод, бусдыгаа бодвол үнэ ханш нь жаахан ахиу талаар хэлтэл тэтгэвэртээ гараад аялж яваагаа хэлээд, үнэ ханш нь хамаагүй гэв. Тэтгэвэртээ гараад ингээд аялж явбал сайхан ч юм аа даа ухааны юм бодон цаашаа хоёр гурав алхтал “Жингээ үзээрэй миний хүү” гэх монгол өвөөгийн танил дуу өнөөх хийсгэлэн мөрөөдлийг минь тэр даруй газарт унагаж орхив. Нээрээ л үр хүүхдийнхээ буянаар тийм ийм сайхан газар үзээд ирлээ гэж хүмүүсийн ярихыг сонсож байснаас биш тэтгэвэртээ гараад тэр мөнгөөрөө газар орон үзээд аялж явна гэх монгол хүнтэй таарч байсангүй. Нас өндөр болохоороо үр шимийг нь хүртэнэ гэж сар бүр нийгмийн даатгал төлөөд байгаагийн үр шимийг аав ээж өвөө эмээ нар маань үнэхээр хүртэж чадаж байгаа билүү. Бидний систем арай дэлхийн жишгээс эсрэг зүгт эсвэл хаа хол яваа юм биш байгаа?

Дэлхий даяар сар бүр нэг сая хүн 60 нас хүрч байгаагийн 80 хувь нь хөгжиж буй улсуудад аж төрж байгаа аж. НҮБ-аас гаргасан таамаг мэдээгээр 60-аас дээш насны хүмүүсийн тоо 2025 он гэхэд одоогийнхоос хоёр дахин олон буюу 1.2 тэрбум болж, энэ тоо 2050 онд 2 тэрбумд хүрнэ гэжээ. Ахмад настнуудаа асрамжийн газарт амьдруулж, хүний ёсоор хүндлэл үзүүлдэггүй гэж бидний төсөөлдөг барууныхан нас дээр гарсан хүмүүсээ “ад үзэлгүй”, харин ч нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулахыг хичээсэн, тэдэнд таатай орчин бүрдүүлэхийг эрмэлздэг болох нь нийгмийн даатгал тэтгэврийн тогтолцооноос нь харагдана. Дани, Австрали, Голланд, Швед, Швейцарь, Канад зэрэг улсуудыг хүн амьдрахад хамгийн таатай улс гэдгийн учир ч үүнтэй холбоотой. Дэлхий дээрх 18 төрлийн тэтгэврийн системийг харьцуулан үзэхэд Дани А, Их Британи С+, Чили Америк, Франц улсууд С, харин Хятад, Энэтхэг, Солонгос, Япон D түвшинд үнэлэгдсэн байна. Мерсерийн индексээр хамгийн шилдэг гэж үнэлэгдээд буй Данийн тэтгэврийн тогтолцоо жижиг компани бус том сангуудаар дамждаг ба хамгийн арвин сан бүхий жишиг системийн нэг гэж үнэлэгддэг. Данид 16-67 насны, долоо хоногт 9-өөс дээш цаг ажиллаж байгаа хүн бүр тэтгэврийн сангийн хуримтлалд татаас өгөх бөгөөд ажилласан жил харгалзалгүй 65 хүрсэн хүн бүр тэтгэвэр авдаг. Ингэхдээ нийгмийн даатгалын 2/3-ыг ажил олгогч, үлдсэнийг ажилчдын цалингаас суутгадаг. Хувийн салбарын орон тооны ажилчид цалингийнхаа нэг хувийг шимтгэлд төлөх бөгөөд ажилласан жил, хэр удаан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөсөө хамаарч үндсэн цалингийнхаа 41 хүртэлх хувьтай тэнцэхүйц тэтгэвэр тогтоолгодог байна. Данийн тэтгэврийн тогтолцооны гол онцлог нь нийгмийн аль ч хэсгийг орхигдуулалгүй хангалттай хэмжээний тэтгэвэр олгохын зэрэгцээ тэтгэврийн санд төлсөн мөнгөн дүнгээс нь хамааруулан нэмэлт урамшуулал олгодог нэлээд эрх тэгш байдагт оршино.

Аль улсад ажил хөдөлмөр эрхэлбэл нас өндөр болохдоо хамгийн шударга хуваарилалттай тэтгэвэр авах боломжтой вэ гэж Вартон сургуулийн тэтгэвэр нийгмийн халамжийн судалгааны төвийн захирал Оливиагаас асуухад “Өндөр настай хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр зүй зохистой нийгмийн халамжийн тогтвортой тогтолцоотой байх нь улам бүр хэцүү болж байгаа. Гэвч өөрчлөгдөн буй энэ нөхцөлд хамгийн оновчтой арга барилыг Австрали, Нидерланд нэвтрүүлээд байгаа” гэжээ. Үнэхээр ч энэ хоёр улсын тэтгэврийн тогтолцоог “өглөгч” хэмээх ганц үгээр бүхэлд нь тодорхойлж болно. Хэрвээ та урт удаан наслах л юм бол нийгмийн даатгалын санд төлсөн мөнгөө богино хугацааны дотор 100 хувь эргүүлэн авах боломжийг энд л олгодог. Энэ мэтчилэн амжилттай, ард түмэндээ үр өгөөжтэй тогтолцооны жишээ болох олон улс бий. Гэхдээ амьжиргаагаа залгуулах орлогын эх үүсвэрийг нь баталгаажууллаа гээд ахмадуудад бүрэн утгаараа хандсан үйл ажиллагаа явуулж чадаж байна гэсэн үг биш юм. Урь орж, дулаараад ирэхээр байрны гадаа хэдэн өвөө нар даалуу тавьж харагддагаас бусдаар манай ахмадуудад нийгмийн үйл ажиллагаанд оролцох боломж тун хомс. Тэгвэл дэлхий дахин хүмүүсийг нас өндөр болох тусам бие махбодь болон сэтгэл санааны хувьд эрүүл энх байлгахад анхаарах болсныг бас л бодууштай. Настай хүмүүсийг яавал нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, өөрсдийн амьдралд сэтгэл хангалуун байх талаар олон зуун судалгаа жил бүр хийгдэж, хэл сургах, спортоор хичээллүүлэх, орчин үеийн бүжиг, шинэ хөгжмийн урсгалтай танилцуулах зэрэг олон олон сонирхолтой төсөл хөтөлбөрүүд дэлхий даяар хэрэгжсээр байна. ДЭМБ хотын настангуудыг идэвхтэй амьдруулахад чиглэсэн хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэхдээ нийгэм болон хүрээлэн буй орчны хүчин зүйлд гол анхаарлаа хандуулжээ. Ахмад настнуудын 3/4 нь хотод амьдардаг гэсэн статистик үзүүлэлт бий. ДЭМБ-ын “Настнуудад ээлтэй хот” төслийн хүрээнд нийслэл хотуудаас эхлэн ахмад настнуудын эрүүл амьдралын хэв маягт тус болох зарим хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх болсон байна. Ахмадууд хөгшрөлттэй холбоотойгоор олон бэрхшээлтэй асуудал тулгардаг ба харин “Настнуудад ээлтэй хот” төсөл тэтгэвэрт гарсан хүмүүсийг нийгмийн амьдралд өмнөхөөс ч илүү идэвхтэйгээр оролцуулж, тэдний аюулгүй байдлыг хангасан орчинд сэтгэл санаа болон бие махбодын хувьд эрүүл урт удаан наслахад нь туслах зорилготой аж.

Юм л бол бусдаар тэтгүүлэх, бүхнийг төрд даатгах сэтгэлгээтэй гэж бид өөрсдийгөө шүүмжилдэг ч энэ бүхний гол шалтгаануудын нэг нь тэтгэвэр тэтгэмжийн сул тогтолцоо болохыг анхааралгүй орхиж болохгүй. Бөөнөөр нь хавтгайруулж хөгшин залуу ялгаагүй бүх хүний толгойг илэх биш, хийж бүтээсэн хүмүүст нь түүнийх нь үр шимийг хүртээх тогтолцоог дэлхийн олон орон амжилттай хэрэгжүүлж байна. Хүн ам, тэр дундаа тэтгэврийн насныхны тоогоороо манай улсаас хэд дахин олон улс маш энгийн бөгөөд ард иргэдийнхээ сэтгэлд нийцсэн улсын төсөвт ачаа болдоггүй оновчтой замаар явж байна. Хүмүүсийн амьдралд үр өгөөж нь төдий л хүртэхгүй байхад бид хөгжүүлж байна, өмнөхөө бодвол шинэчилж байгаа гэж алдаа бүрээ өмөөрдөг сэтгэлгээгээр хэдий хүртэл явах вэ?

Б.ЛХАМ

Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж