Өнгөрсөн жил 630 сая төгрөг шороонд булжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн жил 630 сая төгрөг шороонд булжээ

Их хотын амин сүнс нь  ногоон байгууламж сэргэж байна уу, эсвэл. Ингэхэд жил болгон л дарга, цэрэг, үүхэд, хүүхэдгүй мод тарих сайхан уламжлал тогтоод байгаа. Ингэхэд хөөр болон тарьсан тэдний маань хэд нь ургадаг бол? Хэд нь хий тариад өнгөрөх шоуны золиос болж газарт булагддаг бол. Энэ талаар сонирхоод үзвэл ямар байх бол?
Сүүлийн хоёр жил нийслэлчүүд хоёр сая гаруй мод тарьжээ. Гэвч урган төлжсөн нь цөөхөн. Ихэнх нь амь тавин талийсныг та бид харж байгаа.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Тунгалаг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд мод тарьж байгаа ч ургасан нь алга. Дүүргийн дарга нар мод тарих нэрээр тоо хөөж шоудаж байна. Жишээ нь нэг дүүрэг 200 мянган мод тарьсан байхад  нэг нь ч ургаагүй. 200 мод тарьж арчлахгүй хаяж байхаар хоёр мод тариад сайн арчилж байсан бол хоёр мод ч гэсэн үр дүнгээ өгөх байсан. Дүүргийн дарга нар тооны хойноос биш чанарын араас хөөцөлдөх хэрэгтэй. Чанар ярьж байж бид ногоон байгууламжийг сэргээх боломжтой” гэж ярьж байсан.

Зөвхөн өнгөрсөн жил гэхэд нийслэлд нэг сая гаруй мод тарьсан. Өөрөөр хэлбэл, нэг дүүрэг ойролцоогоор мод тарихын тулд 60-70 сая төгрөг шороонд булсан.  Нэг дүүрэг 70 сая гэж бодохоор нийслэл дунджаар 630 сая төгрөг сая гаруй  мод тарихад зарцуулсан байгаа юм. Ийм их мөнгийг салхинд хийсгэж байхаар  цөөхөн мод тариад түүнийгээ арчилгаанд  зарцуулвал бага ч гэсэн нэмэр болно гэдгийг ойлгодог л байлтай. Таны, бидний хүүхдүүд зун шороон дунд тоглож, бохирдсон агаараар амьсгалж бяцхан уушиг нь сэвтэж байна. Мод тарих нэрээр хэдэн саяыг нь халаасалж, хэдэн саяыг зүгээр л салхинд хийсгэж байхаар иргэдийнхээ эрүүл мэндэд нөлөөлөх зүйлийг хийвэл танд ч бас бидэнд ч ашигтай ажил болох бишүү дүүргийн дарга нар аа.

Мод тарихдаа гол нь зөв, тодорхой зохицуулалт хийх нь хамгийн чухал гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхээр Хотын дарга Г.Мөнхбаярын санаачлагаар хотын захиргаанд 50 хүний бүрэлдэхүүнтэй арчилгааны баг, ногоон байгууламжийг цогцоор нь хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Өнгөрсөн жилүүдэд ямар ч хамаагүй мод суулгаж байсан гэнэ. Гэтэл нарс, гацуур, хуш зэрэг нь арчилгаа их шаарддаг, ургахдаа удаан. Тиймээс энэ жил навчит мод илүү их тарьсан гэнэ. Гэтэл юм мэдэхгүйх ч юм уу, эсвэл мөнгө нь илүүдсэн ч юм уу зарим дүүрэгт нарс тарьсан гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тавдугаар сарын 17-ны “Мод тарих” өдрөөр энэ жил нийслэлийн 23 мянга гаруй иргэн энэ өдөр 63 мянга 800 мод тарьсан. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулбал бага тоо байгаа биз. Харин албаны хүмүүс үүнийг “Өнгөрсөн жилүүдэд олон мод тарьсан ч үр ашиг муу, их мөнгө зарж байна. Энэ жил цөөхөн мод тарьж чанаржуулах зорилготой. Мод тарьчихаад арчлахгүй байна. Арчилгааны мөнгийг тусад нь төсөвлөж, анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Аж ахуй нэгж ч үүнийг анхаарах хэрэгтэй” гэж тайлбарлаж байсан.  Ямартай ч жил бүр хий хоосон мөнгө хийсгэж байснаа ухаарсан бололтой. Ирэх жилээс энэ жил тарьсан модныхоо үр ашгийг үзэх байх гэдгийг харж л суухаас.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж