“Дорнод уран”-ыг “Хан ресурс”-ын зарга чөдөрлөж байгаа нь үнэн

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

“Дорнод уран”-ыг “Хан ресурс”-ын зарга чөдөрлөж байгаа нь үнэн

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбаттай уулзаж ярилцлаа.

-Монголд цөмийн хог хаягдал байршуулах талаар гаднынхан багагүй сонирхож байгаа юм биш үү. Сүүлийн үед гадаадын хэвлэл мэдээллээр Америк, Япон Монголд цөмийн хаягдал байршуулах асууд­­­лаар манай нэр нөлөө бүхий хүмүүстэй яриа хэлэлцээр өрнүүлсэн гэх шуугиан дэгдээд байгаа. Цөмийн энергийн газраас ийм яриа өрнөөгүй гэж албан ёсоор мэдэгдсэн ч зарим нэг хүмүүс дээрх асуудлаар япончуудтай яриа хэлэлцээр өрнүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй юм билээ?

-Би таны асуултад хариулахын тулд эхлээд Засгийн газрын, манай төрийн үйл ажиллагаа явагддаг зарч­маас хэлье. Уран, цацраг идэвхт, цөмийн бодистой холбоотой ямар нэгэн асуудал албан ёсоор яригдлаа гэхэд төрийн өмнөөс Цөмийн энергийн газар шийд гаргадаг. Манай агентлагийн эрх мэдлээс хэтэрсэн асуудал байлаа гэхэд Цөмийн энер­гийн комиссоор хэлэлцэж шийд­вэрлэдэг. Цөмийн энергийн комиссыг Монгол Улсын Ерөнхий сайд ахалдаг.   Цөмийн энергийн салбартай холбоотой бүх л асуудлыг манай агентлаг мэдэх үүрэгтэй. Мэдэж байх ч ёстой. Манай төр, Засгийн газар таны тавьсан асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлсэн, урьдчилан тохирсон, гэрээ хэлэлцээр хийсэн зүйл огтхон ч байхгүй.  Магадгүй хэн нэгэн компанийн эзэн, хувь хүн тийм яриа хэлэлцээр өрнүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Манай улс ардчилсан орон. Энэ утгаараа хэн ч хаана, хэнтэй  ч яриа хэлэлцээр үүсгээд явж болно. 

Гэхдээ Монгол Улсын цөмийн энергийн хуулинд  гаднаас цөмийн аюултай хог хаягдлыг нэвтрүүлэх, дамжин тээвэрлэхийг хориглосон байдаг.  Тиймээс хэн нэгэн яриа гаргалаа гээд Засгийн газар үгэнд нь ороод цөмийн түлшний хаягдлыг булшлахыг зөвшөөрчих юм биш.  Дуртай нэг нь мөрөөдөж л яваг, харин дуран дээр нь хаясна гэсэн үг байдаг биз дээ.  Хэн нэгэн хувь хүн Японтой, Америктай ийм яриа хэлэлцээр өрнүүлсэн байлаа ч энэ хэрэгжүүлэх боломжгүй асуудал. 

-Цөмийн хог хаягдлыг байр­шуул­лаа гэхэд маш их хэмжээний  мөнгө дагалддаг болохоор олон улс орон газар нутаг дээрээ булшлах сонирхолтой байдаг юм биш үү. Орос, Хятад хүртэл нутаг дээрээ бусдын цөмийн хаягдлыг байршуулдаг гэсэн. Ядруухан төсөвтэй Монгол Улсад бөөн мөнгө орж ирэх “суваг” ч болох юм билүү?

-Гадны орнууд цөмийн хэрэглэсэн түлшийг авах сонирхолтой байж болно л доо.  Харин Монгол Улсын хувьд бусдын хог хаягдлыг өөрийнхөө нутагт байршуулах боломжгүй гэдгийг бүр чанга дуугаар мэдэгдье. Ер нь түлш худалдаж авах гэрээнд эргэж хадгалах заалт заавал байдаг. Тэдгээр улс манайхаас түлш худалдаж аваагүй тохиолдол бусдын цөмийн хаягдлыг нутаг дээрээ байршуулах “тэнэг” хүмүүс биш шүү дээ, монголчууд. Цөмийн  хаягдлыг өндөр үнээр хадгалдаг нь үнэн. Гэхдээ монголчууд юугаараа мөнгө олох вэ гэдэг нь чухал шүү дээ. Мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэж бодож болохгүй шүү дээ. Мөнгөний төлөө юу хийх вэ, ямар хэлэлцээр өрнүүлэх вэ гэдгээ эхлээд бодолцох хэрэгтэй.

-Тэгвэл Монгол түлшээ  бусдад зарсан тохиолдолд  хог хаягдлыг нь буцаан авна гэсэн үг үү. Олон улсын хууль дүрмээр бол?

-Тийм.  Бусад оронд түлш зарлаа гэхэд монголчууд хог хаягдлыг нь эргүүлж авах ёстой л доо. Гэвч энэ асуудал өнөөдөр биднээс хол байна. Монгол Улс түлшээ бусдад зарах болоогүй байна.

-Ямар ч байсан Засгийн газрын төвшинд бусдын хог хаягдлыг байршуулах талаар яриа өрнөөгүй, Монгол бусдын цөмийн шаарыг нутаг дэвсгэр дээрээ булшлахгүй юм байна гэдэгт итгэлтэй байж болох нь ээ?

-Болно. Хэрвээ Монгол Улс бусдын хог хаягдлыг байршуулах боллоо, ийм шийдэлд хүрлээ гэхэд хамгийн түрүүнд ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Ард түмэн маань сонирхолтой байна уу, үгүй юу  гэдгийг нь өөрсдөөр нь шийдүүлнэ. Энэ чинь их том асуудал. Үүнээс гадна олон улсын байгууллагуудаас зөвшөөрөл авах болно. Тэд зөвшөөрөх үү.  Цөмийн хаягдал чинь зэвсгийн түүхий эд болдог.  Тэгэхээр чинь манайх цөмийн зэвсэг үйлдвэрлэх үү. Үгүй л байхгүй юу. Манай улс цөмийн зэвсэггүй орон гээд зарлачихсан. Ураныг энхийн зорилгоор хэрэглэнэ гээд олон улсад тунхаглачихсан орон. Тийм болохоор баахан аюултай хог хаягдлаа Монголд булшилна гэвэл санасны гарз байхаа л гэж хариулмаар байна.

-Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” компанийн асуудал юу болж байна. Хамтарсан компани байгуулахаар хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ингэхэд энэ компанийг байгуулах юм уу, үгүй юм уу?

-“Дорнод Уран” компанийг байгуулна. Нэгэнт  хоёр улсын Засгийн газар хооронд “Дорнод Уран” хамтарсан компани байгуулна гээд гэрээ байгуулсан нь үнэн юм чинь, заавал байгуулж л таараа.

-“Хан ресурс”-ийн зарга шүүл­гээс болоод “Дорнод Уран” бай­гуулах асуудал хойшлогдоод байгаа шүү дээ. Хэрвээ арбитрын шүүхийн шийдвэр “Хан ресурс”-ын талд гарвал “Дорнод Уран”-ыг байгуулж чадахгүйд хүрэх юм биш үү?

-“Хан ресурс”-ийн  заргаас бо­лоод тодорхой хугацаагаар хойшлог­дож буй нь үнэн. Гэхдээ “Дорнод Уран”-ыг байгуулах асуудал “Хан ресурс”-ийн заргаас 100 хувь шалт­гаа­лаад байгаа юм биш. Хоёр тал эзэмших хувь, хөрөнгө оруулалт дээрээ санал нийлэхгүй явдал гарч байсан. Түүнээс болоод жаахан удааширсан тал бий.  Өнгөрсөн онд Монгол Ул­сын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчлахдаа хоёр тал хувь, хөрөнгө дээ­рээ тохиролцоонд хүр­сэн. Харин энэ тохирол­цооноос хойш бол ком­­­­­­­­­­пани байгуулах асуу­­далд “Хан ресурс”-ийн зарга нөлөөлж буйг үгүйсгэхгүй. Гэхдээ би  хувь­даа энэ асуудал ойрын үед шийдэгдэх байх гэдэгт найдаж байгаа.  Арбитрын шүүх дээр манай тал  ялна гэдэгт  ямар ч эргэлзээ байхгүй. Харин энэ заргыг нэг тийш нь шийдэгдтэл хүлээхээс өөр аргагүй нь.

-Яагаад. “Хан ре­сурс”-ийн буцааж авахаар зар­галдаад бай­гаа Дор­нодын ордын  лицензийг  “Дорнод Уран”-д өгөх болохоор уу?

-Нэгдүгээрт, Дорнодын орд газрын тусгай зөвшөөрөлийг “Хан ресурс” эзэмшиж байгаагүй юм. Гурван улсын хамтарсан  “Төв Азийн уран” компани эзэмшдэг байсан. Дорнодын орд газарт Монгол Улсын 237 А дугаартай лицензийг  анх “Төв Азийн уран” компани эзэмшдэг байсан юм билээ. Энэхүү компанийн 58 хувийг “Хан ресурс”, 21 хувийг Монгол Улс, 21 хувийг оросууд эзэмшдэг байсан. Тэгээд улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн Монгол Улсын хуулийн заалтын дагуу оросуудаас найман хувийг, “Хан ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Уг компанийг байгуулах ажлыг Монголын талаас “Мон-Атом”, Оросын талаас “Атомредметзолото” компани хариуцаж байгаа юм. Цөмийн энергийн газрын дарга гэж нэг нөхөр “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар дээрэлхээд авчихсан юм шиг зарим хүн бодоод байдаг юм шиг байна лээ. Үнэндээ бол тийм биш. “Хан ресурс” маш их зөрчил гаргаж байсан учраас бид хуулийн дагуу зөвшөөрлийг нь хураасан юм.   Цаашид зөрчил, дутагдал ихээр гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийг ажиллуулахгүй.  Монгол Улс ураныхаа асуудлыг цэгцэллээ. Өнөөдөр ноцтой зөрчил гаргаж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг хураан, ноцтой биш зөрчил гаргаж буйтай нь  торгууль шийтгэл тооцно.  Ер нь бол  Цөмийн энергийн газар гэж болдоггүй агентлаг юм шиг ойлгож болохгүй. Бид Монгол Улсын хуулийг сахиулахын төлөө ажиллаж байна. Монголчуудынхаа эрх ашгийн төлөө ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Цөмийн энергийн газар бол бодлого барих, бодлогыг хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллага.

-Тэгэхээр “Төв Азийн уран” компанийн эзэмшдэг байсан орд газар дээр “Дорнод Уран” үйл ажиллагаа явуулах юм байна гэж ойлголоо?

-Тэгж ойлгож болно.

-Цөмийн энергийн газраас ямар ажил хийж байна. Цөмийн энергийн салбар хуультай болсоор багагүй хугацааг үдлээ шүү дээ. Энэ хугацаанд юу амжуулав?
-Өнгөрсөн хугацаанд манай газар ураны салбараа цэгцэллээ. Үндсэндээ энэ асуудлыг журманд нь оруулчихлаа. Одоо газрын ховор элементийг хуулийн дагуу цэгцэлнэ. Өнөөдөр энэ асуудал маш замбараагүй байна.  Дараагийн асуудал нь цацрагийн хяналт. Энэ ажлаар би саяхан хөдөө орон нутгаар яваад ирлээ. Орон нутгийн эмнэлгүүдийн ренген тононг төхөөрөмж  бас л замбараагүй байна. Үүнийг цэгцлэх ажлыг хийж байгаа. Хүн амыг  цацрагаар хордуулж байгаа, өвчтөнг эмчлэхээсээ илүү муугаар нөлөөлөх багаж төхөөрөмж  цөөнгүй байна лээ.  Түрүүчээс нь бид актлах арга хэмжээг авч байна.   Хамгийн чухал, хамгийн том ажил бол цөмийн эрчим хүч. Цөмийн эрчим хүчний судалгааг хийлгүүлж байна. Өнгөрсөн жил бид цөмийн эрчим хүчний станцыг хаана барих вэ гэдэг байршлын судалгаа хийсэн.

-Цөмийн эрчим хүч гэснээс Монгол Улс атомын цахилгаан станц барина гэсээр байтал цөөнгүй жил өнгөрчихөж?

-Цөмийн цахилгаан станцыг нэг өдөр шийдээд, нэг сар барьчихдаг амар зүйл биш шүү дээ. Маш их судалгаа хийхгүй бол маш  эрсдэлтэй. Монголын Улс 2021 он гэхэд атомын цахилгаан станцтай болно гээд төлөвлөчихсөн байгаа. Манай зүгээс 2021 он гэхэд атомын цахилгаан станц барьчихна гэсэн төлөвлөгөөтэй байна.  Атомын цахилгаан станц барихад дор хаяж гурван жил судалгаа хийх шаардлагатай. Барих нь 3-5 жил байдаг юм.

-Японы Фүкүшимагийн дэлбэ­рэл­тээс болоод атомын цахилгаан станц барих хэрэгтэй юм уу гэх эргэлзээ монголчуудад төрөх болсон. Тэр тусмаа манай монголчууд байгалийн гамшгийг тэсч гарах цөмийн эрчим хүчний байгууламж барьж чадна гэдэг хэцүүхэн санагдаад байна?

-Монголчууд мундаг шүү дээ. Яагаад монгол хүн гэхээрээ бусдаас дор сэтгэдэг, бусдаас дор ажилладаг гэж боддог юм бэ. Бид өөрсдийгөө дөвийлгөх хэрэгтэй шүү дээ. Япон мундаг нь үнэн. Саяын дэлбэрдэг  Фүкүшима чинь Чернобылиос 20 жилийн өмнө баригдсан. Жараад оны технологиор, далаад онд баригдсан атомын цахилгаан станц. Харин тийм аймаар аюулыг тэсч гарсанд нь бахархаж байгаа шүү. Тэнд цөмийн аюул гараагүй шүү дээ, зөвхөн цацрагийн аюул гарсан.  Тухайн үед надад  нэг зүйл бодогдож л байлаа. Хэрвээ цөмийн аюул гарсан бол монголчууд хэцүүдэх байжээ гээд л. Ийм аюул гарлаа гэхэд Монголд хоргодох байр нэг ширхэг ч байхгүй. Цацрагт идэвхт бодисын эсрэг үйлчилгээтэй  нэг ширхэг ч эм байхгүй. Тэгэхээр монголчууд үхэхээс өөр аргагүйд хүрнэ биз. Тэнд болсон хүмүүстэй л адилхан хордоно шүү дээ. Манай улсын ойр байгаа орнууд бүгд цөмийн хэрэглээтэй. Тэдгээр улсад аюул гарвал яах вэ. Энэ асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй юм байна гэж би ойлгосон. Тиймээс ч хоргодох байр барих саналаа Монгол Улсын шадар сайд М.Энхболдод тавьчихаад сууж байна.

-Газрын ховор элементийн асуудлыг цэгцэлнэ гэлээ. Уг элементийг монголчууд олборлож байгаа юм уу?

-Монгол Улс өнөөхөндөө газрын ховор элементийг олборлоогүй. Гэх­дээ манай Монголд газрын ховор элемент бий юу гэвэл бий. Энэ элемент юунд хэрэгтэй юм бэ гэвэл хамгийн түрүүнд сансрын технологид хэ­рэг­лэдэг юм. Мөн байлдааны техно­логи, цөмийн технологид газрын ховор элементийг ашигладаг. Тэгэхээр стратегийн ашигт малтмал мөн үү гэ­вэл мөн.  Цаашлаад электрон хэрэг­сэл, хүнсний бүтээгдэхүүн, нано тех­но­логид хэрэглэдэг чухал элемент шүү дээ. 

-Газрын ховор элементийн асууд­лыг танайх бус Ашигт малт­малын газар хариуцах ёстой юм биш үү?

-Цөмийн энергийн тухай хуулид газрын ховор элементтэй холбоотой заалтууд бий. Тэр утгаараа манайх хариуцах ёстой. Энэ элемент бол маш их үнэтэй баялаг. Манай газарт гадаадын хөрөнгө оруулагчдаас багагүй санал хүсэлт ирж байгаа. Газрын ховор элементийн хайгуулыг нь хийж өгье,  боловсруулаад өгье гэсэн санал их ирж байна.

-Аль улсын ямар компани санал тавьж байна?

-Үүнийг нь одоохондоо нууцалья. Учир нь бизнесийн өрсөлдөөн, бизнесийн бодлоготой холбоотой болохоор. Ямар ч байсан өндөр хөгжилтэй орны томоохон компани Монголоос газрын ховор элемент олборлох сонирхолтой байгаа юм билээ. Бидний хувьд тэдний тавьсан саналыг судалж үзнэ.

Ж.Нямсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж