ОХУ-ын Якут улсын Якутск хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр буюу аравдугаар сарын 4-нд эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан боллоо.
Энэ тэмцээнд Азербайжан, Армян, Афганистан, Беларусь, Болгар, БНСУ, БНХАУ, Грек, Гүрж, Казахстан, Киргиз, Иран, Литва, Монгол, Польш, Румын, Тажик, Турк, Украин, Финланд, Хорват, Эстони, Япон зэрэг 31 гадаад орон, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриад, Кабардино-Балкари, Татар, Тува, Умард Осет, Якут улс, Кемерово, Красноярск, Эрхүү мужийн бөхчүүд оролцож байна.
Тэмцээнийг зохион байгуулахаар Дэлхийн нэгдмэл бөхийн холбооноос Европийн бөхийн хорооны Шүүгчдийн зөвлөлийн дарга, Польшийн спортын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Брудзински Мирослав, техникийн төлөөлөгчөөр болгарын иргэн Мирослав Гочев иржээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Солтан Сергеевич Засеев ажиллаж байна.
Эхний өдөр 57 кг-ын жинд спортын мастер Занданбудын Занабазар /”Арслан” клуб/, 65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймаг, ”Мега-Старс” клуб/, олон улсын хэмжээний мастер Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/ нар барилдсанаас Б.Нямдорж, П.Өнөрбат нар хүрэл медальд хүрлээ.
П.Өнөрбат энэ тэмцээнээс 4 дэх медалиа, түүний дотор 3 дахь хүрэл медалиа авлаа.
Тэмцээн өнөөдөр үргэлжилнэ.
Тэмцээний дүн
57 кг 1. Виктор Рассадин /Якут/
2. Шиничи Юмото /Япон, олимпийн хүрэл медальт, азийн аварга/
3. Юнес Сармасти /Иран, залуучуудын дэлхийн аварга/
3. Игорь Дмитриев /Якут/
65 кг 1. Алан Казбекович Гогаев /ОХУ, ДАШТ-ний мөнгөн медальт,
европийн аварга/
2. Шого Маеда /Япон/
3. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Нухкадиев Мурад /Красноярск муж/
Манай бөх Б.Нямдорж хоёрдугаар тойрогт тувагийн бөх Менги Мортуй-оолыг ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх Шого Маедад ялагдсан ч хүрэл медалийн төлөө беларуссын бөх Виктор Середатай барилдаж хөлд нь орж оноо авч 1:0, 4:1 онооны харьцаагаар дийлжээ.
74 кг 1. Ацамаз Санакоев /Умард Осет улс/
2. Заур Макиев /Умард Осет улс/
3. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-уул аймаг, “Мега-Старс” клуб/
3. Алексей Сабидиев /Буриад улс/
Манай бөх олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат хүрэл медалийн төлөө грекийн бөх Александрис Саманидистэй өрсөлдөж 4:2, 4:0 онооны харьцаагаар хожжээ.
97 кг 1. Амир Мохаммади /Иран/
2. Сёмен Семенов /Казахстан, азийн аварга/
3. Зана Чага /БНХАУ/
3. Шахбази Хосейн /Иран/
Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)