Тивийн шилдгүүд дөрвөн жилийн дараа Жакартад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2014.10.05-нд нийтлэгдсэн

Тивийн шилдгүүд дөрвөн жилийн дараа Жакартад өрсөлдөнө

-234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав.

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болж, өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Ази тивийн 45 орны 12 мянга гаруй тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

БНХАУ 151 алт, 108 мөнгө, 83 хүрэл, нийт 342 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНСУ (79+71+84), Япон (47+76+77), Казахстан (28+23+33), Иран (21+18+18) улсууд удааллаа. БНАСАУ 11 алт, 11 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бол 2018 оны XVIII наадмыг зохиох эрхийг аваад байгаа Индонези улсын баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 20 хүрэл медаль хүртжээ.

234 тамирчны бүрэлдэхүүнтэй Инчоныг зорьсон Монголын баг 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсаж, өмнөх наадмуудад үзүүлж байсан олон амжилтуудыг эвдсэн юм. 

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож эхэлсэн бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байжээ. Үүнээс хойш нийт 14 алтан медаль хүртсэн бөгөөд "Шинэ Дели-1982" наадмаас гурван алтан медаль хүртэж байжээ. Харин "Шинэ Дели 1982"-т тогтоож байсан гурван алтан медалийн амжилтыг "Инчён-2014"-т тав болгон эвдэж, нийт 19 алтан медалийг Азийн наадмаас хүртээд байна.

"Инчён-2014" наадамд жүдо бөх, чөлөөт бөх, буудлага болон боксын баг тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсэн бол таеквондогийн анхны медальтан төрлөө. Мөн Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүллээ.

Тодруулбал, Монголын боксчдоос анхны Азийн наадмын аваргыг ОУХМ Д.Отгондалай, эмэгтэй боксчдын анхны медалийг (хүрэл) ОУХМ М.Нандинцэцэг нар хүртлээ. Мөн таеквондын тамирчдаас анхны медальтан болсон М.Түмэнбаяр, марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:06:13 цагийн амжилтаар IV байрт шалгарсан юм.

Жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 66 кг-д Дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртэж, мөнгөн медалийг Дэлхийн аварга, ОУХМ Г.Болдбаатар, Б.Дүүрэнбилэг, Г.Одбаяр, хүрэл медалийг Л.Отгонбаяр, Н.Дагвасүрэн, Д.Сумъяа, Ц.Наранжаргал нар хүртлээ.

Чөлөөт бөхийн баг тамирчдаас нэг мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн болон залуучуудын Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль хүртлээ.

Буудлагын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Азийн наадмын буудлагын тэмцээнд урт бууны тамирчин Ч.Нарантуяа 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд 624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болов.

25 метрийн спорт гар бууны дасгалд онч сорьсон Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд Монголын баг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. 

Есдүгээр сарын 30-нд эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар онч сорив. Уг дасгалд 14 багийн тамирчин буудсанаас Монголын мэргэн буучид 1140 оноогоор хүрэл медаль хүртэж, “ИНЧЁН -2014” Азийн наадмаас Монгол Улсын анхны медалийг авчирсан билээ.

Түүнчлэн Азийн наадамд оролцсон Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй болон эмэгтэй баг тамирчид маань гайхалтай тоглолтуудыг үзүүлж, шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үзүүллээ.

Ийнхүү амжилт бахархалаар дүүрэн, алдаа оноо, сургамж шүүмж, хөлс хөдөлмөрийг харуулсан олон олон сонирхолтой тоглолтууд үргэлжилсэн 16 хоног өнгөрлөө.

 

Монгол Улсын баг тамирчид 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж, 45 орноос 16-д жагсав. Харин 2018 оны Азийн зуны спортын наадмыг зохиох эрхийг аваад байгаа Индонез улс 4 алт, 5 мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, 17-д жагсав.

1962 онд Азийн зуны спортын IV дэх наадмыг зохион байгуулж байсан Индонезийн Жакарта хотод дөрвөн жилийн дараа тивийн шилдэг тамирчид дахин өрсөлдөх юм.

Харин Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж