Гэтэл иргэд дээрхи байгууллагаас илүү мэдээлэлтэй байдаг бололтой. Танил хамгаалагчаасаа нулимс асгаруулагч хаанаас авч болохыг лавлахад “Нулимс асгаруулагч зардаг олон газар байдаг ш дээ. Хувь хүмүүст зардаггүй. Хамгаалалтын албаны хүмүүст бол өгч байдаг юм” гэлээ. Хаана зардагийг нь заалган тус газарт нь очиж сонирхсон юм. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хажууд байрлах “Арми шоп” дэлгүүрт хамгаалалтын хувцас болон хэрэгсэл зардаг юм байна. Дэлгүүрийн худалдагчаас нулимс асгаруулагч авах гэснээ хэлэхэд их л сонжсон харцаар харж байснаа “Манайд тийм зүйл зардаггүй” гэх. Уг нь танил маань сарын өмнө энэ дэлгүүрээс нулимс асгаруулагчийг нь худалдан авч байсан гэж хэлсэн юм. Авья гэсний зоргоор өгдөггүй бололтой.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхай хэлтсийн дарга Ц.Нямдорж хэлэхдээ “Уг бодисыг шинжлэх лаборотори Монгол Улсын аль хяналтын байгууллагад байхгүй. Гаалийн ерөнхий газар, Эрдэс баялаг эрчим хүчний яаманд бичиг хүргүүлсэн ч одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна. Өмнө нь манайд нулимс асгаруулагчаас болж хүний амь эрсдэх, гэмтэх тохиолдол гарч байгаагүй” гэж байсан. Түүний яриагаар бол заавал ийм хэрэг гарсны дараа судалж, шинжилдэг лабороторитой болох ёстой гэнэ. Аливаа эрсдэлд урьдаас төлөвлөж байж болзошгүй аюулаас зайлсхийх боломжтойсон.
Гаалийн ерөнхий газраас нулимс асгаруулагч болон ийм төрлийн бодисыг зөвхөн цагдаа, цэрэг, хуулийн байгууллага оруулж ирдэг гэх. Хэрвээ өөр газар зардаг бол тэр нь хууль бусаар оруулж ирсэн гэж байлаа. Иргэд ийм төрлийн бүтээгдэхүүн бараан дунд нуун оруулж ирдэг гэнэ. Гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын байцаагчид хил дээр ажилладаг л баймаар. Хил гаалиар мэр сэр хууль бус бараа бүтээгдэхүүн орж ирдэг нь нууц биш. Гааль хяналтын байцаагчид нь өөрсдөө найран дундаа яваад байна уу эсвэл ганзагийн наймаачид тэднийг мад тавиад байна уу. Нэлээд хэдэн танилаасаа нулимс асгаруулагчийн талаар асуухад мэддэггүй хүн алга аа, хувь хүн хүртэл биедээ авч явдаг болсон гэнэ.
Дээр нь хэн хил гаалиар нулимс асгаруулагч оруулж ирдгийг албаны нөхдүүд бие бие рүүгээ бичиг цаас шидлэн асууж байгаа талаар өгүүлсэн. Гаалийн ерөнхий газар ганзагын наймаачид оруулж ирдэг байж магадгүй гэж буруугаа бусдаас хайсан. Дээрх хэргийн тухайд нулимс асгаруулагчийг ямар замаар хаанаас худалдаж авсныг цагдаагийн байгууллага тогтооно биз. Гэсэн хэдий ч Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар энэ хэргээс мултрах боломжгүй. Хилээр ганзагын наймаачид нулимс асгаруулагч оруулж ирдэг юм бол хяналт, шалгалт хийх ёстой тэднээс хамгийн түрүүнд хариуцлагыг нь асуух ёстой биз.
Ганзагын наймаачдаас гадна нулимс асгаруулагчийг хамгаалалтын албаны хүмүүс оруулж ирдэг гэнэ. Тэд өөрсдийн ажилчдын хэрэгцээнд тохируулан оруулж ирдэг бөгөөд хэн нэгний зөвшөөрөлгүйгээр нууцаар оруулж ирдэг юм байна. Харин хамгаалалтын албаны дарга нар нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан дарга нар байдаг гэх. Тэд хаагуур хэнээр дамжуулж, яаж оруулж ирэхээ төвөггүй мэддэг нөхдүүд. Хуулиндаа бол нулимс асгаруулагч гэх мэт бараа бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгслийг лицензтэй буюу эрх бүхий яам, тусгай газраас олгосон лицензээр улсын хилээр нэвтрүүлдэг юм байна.
Хэн нь хэнийгээ мад тавиад байгааг уг хэргийг шалгаж байгаа цагдаагийн ажилтнууд л тогтоох байх. Гэвч тэд ах нар руугаа чулуу шидэх болов уу, гааль хяналтынхан руу чулуу шидэх болов уу. Сонирхолтой л хариу гарах байхдаа.