Жагсагчид эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн бодлогыг буруутгаж, Испанийн ажил олгогчдоос санал болгож буй хөдөлмөрийн хөлс маш бага байгааг эсэргүүцэж байгаа ажээ. Ирэх ням гаригт болох орон нутгийн сонгуулийн компанит ажил дууссантай зэрэгцэн иргэд эсэргүүцэн жагсч эхэлжээ.
Испанид явуулсан сонгуулийн урьдчилсан санал асуулгаар сөрөг хүчний консерватив нам Ерөнхий сайд Хосе Родригез Запатерогийн тэргүүлж буй социалист намаас илүү рейтингтэй байжээ.
Ерөнхий сайд Запатеро улс орноо эдийн засгийн хямралаас гаргах дорвитой алхам хийж чадаагүй гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа юм. Сүүлийн жилүүдэд тус улсад ажилгүйдлийн хэмжээ эрс нэмэгдсэнээс үйлдвэрчний эвлэлүүд ийнхүү эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм байна. Гэвч интернэтийн сүлжээгээр иргэдийг эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалсан нь эрч нь сул байсан жагсаал хөдөлгөөнийг гал дээр тос нэмсэнтэй адил болгосон ажээ.
Лхагва гаригийн үдээс хойш Мадридын сонгуулийн хороо төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон байна. Испанийн “El Pais” сонинд бичсэнээр эрх баригчид жагсаалыг хүчээр тараахаар төлөвлөж байсан гэнэ.