Цаг хугацаа юунаас ч илүү үнэтэй. Улирч буй хором бүхэн дахин давтагдашгүй. Гэвч бид залуу нас улам бүр холдсоор байгааг мэдрэх бүртээ гунигт автдаг. Болдог бол урсах өдөр хоногийг эргүүлж авчрахыг хүсдэг. Бүтэхгүй тэр мөрөөдөлдөө шаналж суухын оронд цаг мөч бүхнийг сэтгэл дүүрнээр үдэхийг хичээ. Нэгэнт цаг хугацаа таныг хүлээхгүй, саатаж эргэж харахгүйгээс хойш хуанлийн хуудсыг нэг нэгээр нь эргүүлэхдээ хэр чадлаараа аз жаргалтай байхыг бод. Нас бүхэн чухал. Хором бүхэн аз жаргалтай.
Жил бүр нэгээр нэмэгддэг насны өртөөгөөр хамтдаа аялцгаая.
Таван нас
Биднийг ээжийн тухай дуу дуулахыг сонсоод уйлж байхыг нь хараад цэцэрлэгийн багш надад таалагддагийг олж мэдлээ
Долоон нас
Миний идэх дуртай байцааны салатад нохой маань дургүй юм байна гэдгийг мэдэв
Есөн нас
Томчууд руу хараад инээхээр тэд өөдөөс минь хариу инээмсэглэл шагнадгийг мэдлээ
Арван хоёр нас
Өрөөгөө яг л хүссэнээрээ гоёж, тохижуулж орхихоор ээж маань бүгдийг нь цэвэрлэн хуучин хэвд нь оруулдгийг анзаарлаа
Арван дөрвөн нас
Ээж, аав хоёр минь миний төлөө бүхнээ зориулахад бэлэн байдгийг мэдэрлээ
Хорин зургаан нас
Балчир хүүгийнхээ сэвлэгийг үнэрлэн суух энэ дэлхийн хамгийн агуу аз жаргал гэдгийг ухаарлаа
Хорин есөн нас
Амьдрал гэдэг зам дандаа дардан шулуун байдаггүйг ухаарлаа
Гучин таван нас
Хэн нэгний хэлсэн таагүй үгийг зүгээр л салхинд цаас шиг хийсгэчих хэрэгтэйг ойлголоо
Дөчин нас
Зүрх сэтгэлээсээ надад хайртай хэрнээ тэр хайраа яаж илэрхийлэхээ мэдэхгүй зөндөө хүн байдгийг олж нээлээ
Дөчин гурван нас
Онож хэлсэн ганц үг ч хэн нэгний шинэ өдрийг диваажин болгодгийг мэдлээ
Дөчин таван нас
Бусдыг буруутгахаас илүү өөрийнхөө алдааг хүлээж сурах нь асар том боловсрол байдгийг ухаарлаа
Дөчин долоон нас
Өнөөдөр юу ч тохиолдсон маргааш ахин нар манддагийг, магадгүй улам хурц гэрэлтдэгийг олж анзаарлаа
Тавин нас
Хүүхдүүд эмээ, өвөөтэйгээ бурхнаас учруулсан найзууд байдгийг мэдэрлээ
Тавин гурван нас
Ээж, аавтайгаа дотно, дотно биш байсан нь хамаагүй бурхны оронд одчихоор нь бэтгэртлээ санадгийг мэдэрлээ
Тавин найман нас
Амьдарсан шиг амьдрах гэж юу болохыг танив
Жаран нас
Амьдралд заримдаа хоёр дахь боломж олддогийг анзаарлаа
Жаран дөрвөн нас
Хоёр гараараа зөвхөн авч амьдралгүй хааяа бас бусдад өгч байх хэрэгтэйг тунгаалаа
Жаран таван нас
Мэдэрч л чадвал аз жаргал үргэлж намайг тойрч хүрээлж байдгийг мэдэрлээ
Жаран зургаан нас
Уучлах, өршөөх сэтгэлд илүү татагдах болсон миний гаргасан аливаа шийдвэр голдуу л зөв байдаг болсныг анзаарлаа
Далан хоёр нас
Ямар нэг зүйлийн төлөө аминчлан залбирах яасан их хань болдгийг мэдэрлээ
Наян хоёр нас
Бие тавгүйрхэн өвдөхөд дэргэдээ үргэлж хэн нэгнийг байлгахыг хүсдэг болсноо анзаарлаа
Ерэн нас
Хэн нэгний халуун дулаан сэтгэл, зөөлөн гарыг мэдрэх хэчнээн сайхныг ойлголоо
Ерэн хоёр нас
Амьдралд суралцах зүйл чамгүй олон байгааг ухаарлаа