II төрөх дулаан өвөлжих үү?

Хуучирсан мэдээ: 2014.10.03-нд нийтлэгдсэн

II төрөх дулаан өвөлжих үү?

Нийслэлийн II амаржих газрын байр өнгөрсөн жил огт дулаангүй өвөлжжээ. Учир нь эргэн тойронд нь тэнгэр баганадсан олон барилга сүндэрлэсэн учраас дулаан авах тал дээр багагүй асуудал үүсчээ. Гэтэл II төрөх нь өөрөө бүтэн жарны өмнө ашиглалтад орсон, хоёр давхар модон байшинд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд тус төрөхөд төрж байгаа эх, хүүхдийг хөлдөөчихгүйн тулд цахилгаан халаагуур ашиглаж, өөрсдийн бүхий л нөөц боломжоороо ажилласан гэдгээ тус эмнэлэгийн удирдлага, эмч ажиллагсад учирлаж байсан.

Харин энэ хавраас хонгилын үзүүрт гэрэл харагдаж Нисйлэлийн Засаг даргын захирамж гарч тус амаржих газрын дулааныг Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын дулааны худгаас авах, түүнд зарцуулагдах хөрөнгө мөнгийг нийслэлийн ИТХ-ын төсвийн тодотголоор оруулан баталсан байна. Дулааны төв байгууллагаас нь энэхүү худгаас халаалт авахад ямар ч асуудал байхгүй гэдгийг нь мэдэгдэж, зураг төслөө гаргаж явсаар өнгөрсөн сарын 15-аас дулааны шугам татах ажлаа эхлүүлж болно гэдгийг II амаржих газрынханд дуулгаж. Дуун дээр нь ажлаа эхлүүлэхээр Улаанбаатар их дэлгүүрийнхэнд хандтал “Эх, нярайн нэр барьж хувийн байгууллагыг түрэмгийллээ. 600 сая төгрөгийг барагдуул” гэсэн утга бүхий хариу иржээ.

Харин тус дэлгүүрийнхэний хувьд “Бид нар 600 сая төгрөг нэхэмжлээгүй” хэмээн мэдэгдэж байна лээ. Гэсэн ч Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад хаягласан тус дэлгүүрийн албан бичгийн доод талд “…дулааны шугам татах ажлыг манай байгууллага дэмжиж болох боловч өнөөгийн байдлаар 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө зарцуулаад байгаа манай компанийн хохиролыг барагдуулж…” гэсэн өгүүлбэр бий. Нилээд хэдэн жил сайн муу мэдээ бичиж, сэтгүүлч нэр зүүж яваа миний бие үүнийг “зарцуулсан 600 саяыг мин төл” гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Мэргэн уншигч абугай танд ч тэгж ойлгогдоно байх.

Улаанбаатар их дэлгүүрийн ерөнхий захирал Г.Сүхээ гэгч эмэгтэй хэвлэл мэдээллийнхэнийг очихоор “Бид нар дэмжиж ажиллаж байгаа. Харин ч төр, эд нарын хийх ёстой ажлыг би хийж байна” хэмээн сүржин даржинаар мэдэгддэг ч яг үнэндээ ийм байна.

Аргаа барахдаа Эрүүл Мэндийн дэд сайд нь “Бүүр болохгүй бол Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 600 саяыг гаргаж болох эсэхийг судалж үзнэ. Гэхдээ тус дэлгүүр нийгмийн хариуцлагаа ухамсарлах л хэрэгтэй” хэмээн ярьсан.

Уг нь бол II төрөхрүү дулаан татах гээд байгаа газар нь Улаанбаатар дэлгүүрийн зүүн талд байрлах машины зогсоол, явган хүний зам буюу нийтийн эзэмшилийн зам талбайгаар дайран өнгөрөх учиртай. Харин тус дэлгүүрийнхэний далайлгаж байгаа хамгийн том зүйл бол зүүн тийшээ харсан хаалгыг нь хэд хоног хаах явдал. Уг нь тус дэлгүүр монголдоо л томоохонд тооцогдох дэлгүүр бөгөөд ертөнцийн зүгээр хойшоо, зүүн тийшээ харсан хоёр хаалгатай. Тухайн дэлгүүрйиг зорьсон худалдан авагч “Зүүн талыг нь хаагаад дулааны шугмын ажил хийж байна. Хойд хаалгаар нь орохгүй, явлаа.” гээд буцчихгүй байлгүй дээ. 

Их хэмжээний татвар төлдөг, улсдаа дээгүүрт тооцогдох тус дэлгүүр эх хүүхдүүдийн эрүүл мэнд, эх орныхоо гэрэлт ирээдүйг бодолцоод нэг удаадаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тухайн нэхэмжилсэн мөнгөө огт авахгүй байдаггүй юмаа гэхэд багасгаж болмоор л санагдах юм. Бизнесийнхэн мөнгөнд дуртай, гэхдээ улс орны нийгмийн хариуцлага гэж түүнээс том асуудал бий. Нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаар хязгаарлагддаг.  Гэхдээ хэн мэдлээ дээ. Хэрхэхийг цаашид II төрөхөд төрөх хүүхдүүдийн буян заяа, Г.Сүхээ захирал хоёр л мэдэж дээ.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж