&#34Монос&#34-д хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

&#34Монос&#34-д хариуцлага хүлээлгэнэ

-Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд "Люминал" эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгаа талаарх гомдлууд цөөнгүй иржээ-

"Монос" эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүргэгдээгүй "Фенобарбитал" буюу бидний нэрлэж заншснаар "Люминал" эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн гэх шалтгаанаар 16 нярай өнгөрсөн наймдугаар сард хордсон. Тодруулбал, дөрвөн хоногтойгоос гурван сартай хүртэлх настай нярай хүүхдүүдэд эмийн тунг хэд дахин хэтрүүлэн өгснөөс хордож Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлэхэд хүрсэн. Албан үүрэгтээ хайнга хандсан эмийн санчийн хэргийг шалгах явцад тархины даралттай хүүхдүүдэд өгөхөөр эмч нарын жор бичдэг "Люминал" эм нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй өөрөөр хэлбэл хууль бусаар  худалдаалагдаж байсан нь тогтоогджээ. Иймээс энэхүү эмийг худалдаалах эрхийг түдгэлзүүлж, эмийн сангийн лангуунаас татаад байж. Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд "Люминал" эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгаа талаарх гомдлууд цөөнгүй ирсэн байна. "Люминал" эмийг эргүүлэн худалдаалж эхлэх эсэх, энэ төрлийн эмийг орлуулах ямар эм байдаг талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодруулахад,

-Тархины даралт, нярайн шарлалт, нойргүйтлийг эмчилдэ шидтэй энэхүү эмийг худалдаалахыг зогсоосон нь зөвхөн эмийг бүртгүүлээгүй зөрчлөөс үүдсэн. Угаасаа манайд үйлдвэрлэж байгаа эмийн 70 хувь нь бүртгэлгүй байдаг. Энэ бол шууд л хариуцлагын асуудал юм. Эрүүл мэндийн яамны зүгээс ажлын хэсэг гарч, улмаар мэргэжлийн хяналтын байгууллагад "Фенобарбитал" эмийг худалдаалах зөвшөөрөл олгохыг хүссэн. Хэрэв мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрвөл энэ эмийг шууд худалдаалахад бэлэн гэх мэдээллийг өглөө.

Өөрөөр хэлбэл МХЕГ, НМХГ-аас яаралтай зөвшөөрөл олгож энэхүү эмийг эргүүлэн худалдаалахыг салбарын яамнаас хүсч байгаа аж.

Харин хариуцлага алдсан эмийн санч, эмийн зөвлөх утасны операторт хариуцлага тооцох, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах асуудлуудад Эрүүл мэндийн яамнаас хариуцлага тооцох чиглэлтэй байгаа аж. Гагцхүү энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа учраас хариуцлага тооцох боломжгүй хүлээгдээд байгаа гэдгийг мөн сайлбарын дэд сайд онцолсон юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж