Өмнөговь амйгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн уурхайн Ханбумбат нисэх буудалд “Аэро Монголиа” компани шууд нислэг хийх болжээ. Хэдийгээр өмнө нь шууд нисдэг байсан ч тэр нь голчлон албан ажлын нислэг байжээ. Харин аравдугаар сарын 1-нээс эхлэн “Аэро Монголиа” компани Ханбумбат нисэх буудал руу долоо хоногт хоёр удаа нисэж эхлээд байна.
Голланд улсад үйлдвэрлэсэн, 50 хүний суудалтай “Фоккер-50”онгоцоор үйлчлэх энэхүү шинэ нислэгийн нээлтийн үеэр “Аэро Монголиа” компанийн гүйцэтгэх захирал У.Сагамдолдой ” Оюу Толгой төслийн ачаар өмнийн говь руу нисэх зорчигчийн тоо нэмэгдэж байна. Үүнтэй уялдаад нислэгийн шинэ чиглэл нээгээч гэсэн хүсэлтийг орон нутгийн удирдлага, ард иргэд олонтаа тавьдаг байсан тул “Ханбумбат” нисэх онгоцны буудал баригдаж бид энэхүү хүсэлтийг биелүүлэх боломжтой боллоо” гэсэн юм. Харин “Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Айвен Велла “Хоёр жилийн өмнө бид Ханбумбат нисэх буудлыг барьж байхдаа өнөөдөр шиг өдрийг л мөрөөдөж байлаа. Бид “Ханбумбат” нисэх буудлыг уурхайн ажиллагчид, тэдэнд үйлчлэгчдийг тээвэрлэх зорилгоор барьсан. Гэхдээ бүс нутгийн дэд бүтцийн энэхүү чухал хэсгийг бид хамтран ашиглаж, орон нутгийн иргэдэд ч бодит ашиг тус өгнө гэсэн санаа бидэнд анхнаасаа байсан юм” гэлээ. Анхны нислэгт оролцсон багийнхан Дэмчогийн хийдийг үзэж, тус сумын малчин Ц.Сувданшагайгийнд зочилжээ.
Ханбумбат, Улаанбаатар хооронд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт нисэх бөгөөд “Аэро Монголиа” компани Ханбогд сумд билетийн касс болон төлөөлөгчийн газраа нээгээд байгаа ажээ.
Д.ЦЭЭНЭ