АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И
Удирдлагаа бие даан сонгохын тулд Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй олон мянган хонгконгчууд гудамжинд гарч жагсаад хэдэн өдөр болж байна. Энэ хооронд хонгконгчуудын бослогыг чимээгүй ажиглаж байсан Бээжингийн эрх баригчид сая нэг ам нээлээ. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /Х.1/ Хонгконгийн бослогыг “хууль бус” хэмээн мэдэгдэж, хатуу анхааруулга өгчээ. Вашингтонд айлчилж буй Хятадын Гадаад хэргийн сайд Хонгконгийн бослого бол Бээжингийн дотоод хэрэг тул АНУ-ыг хошуу дүрэхгүй байхыг анхааруулсан байна. Үүний хариуд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хонгконг жагсагчдын асуудлыг Бээжингийн оролцоогүйгээр өөрөө шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг онцолжээ.
Хонгконгийн жагсагчид 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн Хятадын болзлыг хүчтэй эсэргүүцэж буй. Үүний зэрэгцээ жагсагчид Хонгконгийн Ерөнхий захирагч Люн Чун Инийг өнөөдөр /Х.2/ суудлаасаа буухгүй бол засаг, захиргааны нэгжүүдийг халдан эзлэхээ мэдэгдсэн юм. Хонгконгийн Ерөнхий захирагч Люн Чун Иний оффисыг өнгөрсөн шөнө 200 орчим цагдаа манаж, 3000 орчим жагсагч бүсэлсэн байдалтай хоножээ.
Хонгконгийн Ерөнхий захирагч Люн Чун Иний оффисыг өнгөрсөн шөнө 200 орчим цагдаа манаж, 3000 орчим жагсагч бүсэлсэн байдалтай хоножээ.
Өмнө нь өнгөрсөн ням гаригт /IX.28/ Хонгконгийн эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн тараах гэснээс цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, 41 хүн гэмтэж, бэртсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС