Сэлгээ ба шинэчлэлийн цаана?

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Сэлгээ ба шинэчлэлийн цаана?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилнэ гэдгээ мэдэгдсэнээс хойш улс төрийн хүрээнийхний дунд нойргүй хонож байгаа нөхдийн тоо нэмэгдэх болсон байна. Зөвхөн улстөрчид ч биш бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болох вий гэсэн айдас төрийн албаар дүүрэн. Бодоожоор хэн ч хоолноос амархан салахыг хүсэх билээ.

Хуулийн дагуу бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх хуулийн төслөө УИХ-д өргөн барина. Намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцсэний дараа Байнгын хороо, чуулганаар орж ирэх ёстой. Өчигдрийн намрын чуулганы нээлтээр  УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүд, олон нийтийн дунд өрнөж байгаа санал шүүмжлэл, салбаруудын уялдаа холбоог нарийвчлан тооцож, оновчтой хувилбараар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барихыг сануулсан. Хэдийгээр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй ч Засгийн бүтцийн талаар УИХ-аар хамгийн түрүүнд хэлэлцэх сонирхол зарим нам эсвэл фракцид байгаа нь мэдээж. Бүтэн жилийн турш энэ цаг мөчийг л анаж, хүлээж суусан нөхдүүд АН-д ч, МАН-д ч бий. Гэхдээ бүтцийн өөрчлөлтэй холбоотойгоор засаглалын аль ч шатанд төрийн ажил албыг цалгардуулж болохгүйг УИХ-ын дарга анхааруулсныг үл тоож болохгүй. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж, төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэл, өвлийн бэлтгэл гээд яамдуудад хийх ажил их.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр явах сайдуудын нэрс эхнээсээ тодорсон. Мөн аль  яамдыг татан буулгаж, нэгтгэх асуудал дээр ч олонх шийдэл хүрсэн гэх. Засгийн газрын гаргасан хувилбараар одоогоор арван яамыг нэгтгэж тав болгож, ерөнхийдөө 11 яамтай байх хувилбарыг Н.Алтанхуяг сайд сонгоод байгаа юм. Түүний хувилбарыг Ерөнхийлөгч болон олонх толгой дохин дэмжиж байгаа гэсэн яриа Төрийн ордонд сонсогдож байна.

Хэдийгээр янз бүрийн гаргалгаануудыг хэвлэлээр бичиж байгаа ч Михайлд нэг бодол бий бололтой: Магадгүй хөзрийн тамга Н.Алтанхуягийн гарт байгаа болоод л ийм том мэдэгдлийг ингэж зоригтой хийсэн ч байж болох талтай..

Бүтцийн шинэчлэлтээр яамд болон сайдуудыг шинэчлэхээс гадна төрийн албан хаагчдын тоо  цөөрөх нь гарцаагүй болж байх шиг. Яамдыг нэгтгэснээр чиг үүрэг нь давхцсан ажил албаныхан хамгийн түрүүнд цомхотголд өртөх магадлал өндөр. Нэгтгэж байгаа яамдын дэд сайд болон төрийн нарийнууд бүтцийн өөрчлөлтөөр хамгийн түрүүнд явах нь ойлгомжтой юм.

Одоогоор олонх зөвшилцөж, Эдийн засаг-Сангийн яам, Зам тээвэр-Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүч-Уул уурхайн яам, Хүн амын хөгжил,нийгмийн хамгаалал-Хөдөлмөрийн яам, Боловсрол, шинжлэх ухаан- Соёл, спорт аялал жуучлалын яамыг нэгтгэх шийдэлд  хүрсэн байна.

Тэгэхээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат,  Сангийн дэд сайд С.Пүрэв, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир,  Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг,  Соёл, спорт аялал жуучлалын дэд сайд М.Түмэнжаргал, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв нараас тав нь Н.Алтанхуягийн танхимд үлдэх боломжтой.

Мөн ЭЗХЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэпүрэв,  ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч  н.Манлайбаяр, УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, ХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга нараас тав нь  бүтцийн өөрчлөлтөөр засгаас явахаар болж байна. Мөн сайдуудын зөвлөхүүдийг нэмэхээр цөөнгүй хүн бүтцийн өөрчлөлтийн дор төрийн албанаас “шахагдах”-аар болж байна.

Бүтэн жилийн турш ялагдлын шокноосоо салж амжаагүй сөрөг хүчин болон хувийн амбицаа илүүд тавьсан АН-ын зарим нөхдүүд өнгөрсөн жилээс засгийг огцруулах төлөвлөгөө боловруулж эхэлсэн. Нэг хэсэг давхар дээлээр, дараа нь “шүд сугалах” аргаар Н.Алтанхуягийн танхимыг хөдөлгөөнд оролдлого хийсэн ч амжилттай болоогүй. Харин энэ удаад Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийхээр шийдсэнээ ил тодоор зарласан магадгүй тэдний хүлээлтээс өөрөөр тоглолтгүй үлдэхэд хүргэсэн байж ч болох юм. Эсвэл Н.Алтанхуяг ингэхээс өөр сонголт хийх боломжгүй болох шантаажыг зарим нам, хамтран зүтгэж байсан намынх нь зарим нөхөд хийсэн байж магадгүй . Өөрөөр хэлбэл,  Шинэчлэлийн Засгийн газар анхлан байгуулах цагаас л эхлэн хувийн амбицаа нэгдүгээрт тавих болсон зарим улстөрчдийн тоглолт ийнхүү бүтэцэд өөрчлөлт оруулж, сайдууддаа сэлгээ хийх замаар  АН гэх тодотголтой Шинэчлэлийн Засгийн газрыг аврахаас өөр хувилбарт хүрэхээс өөр арга зам байхгүйд хүргэсснийг үгүйсгэхгүй.

Засгийн газар сэлгээ, шинэчлэлт хийх амархан. Гэхдээ үүний цаана улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн асуудлууд илүү чухэл гэдэг нь тодорхой. Улстөрчдийнх нь хувийн амбиц, улс төрийн тогтворгүй байдал эцэс сүүлдээ эх орноороо тоглоод дуусдгийг Украины хэрэг явдал бидэнд том сургамж болон харуулсаар байгаа болохоор тэр.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж