Аравдугаар сарын 2. Монголын төр нийгмийн зүтгэлтэн хоёр ч эрхэмийг зэрлэгээр хөнөөсөн цуст өдөр. 1985, 1998 оны 10 дугаар сарын 2. 13 жилийн зайтай болсон учир битүүлэх тэрхүү аллагын эздийг монголчууд олдоно гэж найдан жил бүр энэ өдрөөр хууль, хяналтынхан, эрх баригчдаас гэмт этгээдийг олж, зохих ёстой шийтгэлийг нь ногдуулахыг шаарддаг. Ёс юм шиг “Анхаарч ажиллах болно“ гэсэн хариулттай л дараагийн энэ өдрийг хүртэл хүлээх нь хачирхалтай.
МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргын үхэл
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Төмөр-Очир 1962 онд Чингис хааны мэндэлсний ойг тэмдэглэж, Хэнтий аймагт хөшөө босгуулж, марк хийлгэснийхээ төлөө үндэсний үзэлтэн, улс төрийн ноцтой хэрэгтэн хэмээн Хөвсгөл аймгийн Ханх сум буюу Монголын хамгийн хойд цэг рүү цөлүүлж байсан гэлцдэг. Д.Төмөр-Очир агсныг 1985 оны аравдугаар сарын 2-нд гэрт нь сүхдэж хөнөөсөн. Хачирхалтай нь түүний гэр бүл Дарханд аж төрж байгаад хотод шилжин ирэх хүсэлтийг тухайн үедээ МАХН-ын Төв хороонд илгээсэн байдаг. Хамгийн сүүлд буюу амиа алдахын өмнө МАХН-ын Төв хорооны гишүүн Д.Моломжамцад өргөдөл өгч нийслэлд шилжин суух хүсэлт гаргасныг П.Моломжамц зөвшөөрч, Д.Төмөр-Очир агсны гэргий одон орон судлаач Нинжбадгар орон сууц, ажил төрөл хөөцөлдөн Улаанбаатар орохоор явсан хойгуур гэртээ ганцаараа үлдсэн Д.Төмөр-Очирын амь насыг бүрэлгэсэн нь эрхгүй хардахад хүргэнэ. Д.Төмөр-Очирыг Улаанбаатарт суулгахгүй байх сонирхол байв уу. “МАХН сэхээтнүүдийг хэлмэгдүүлж байсан хэргүүдийг илчилнэ гэхээс эмээж урьтаж устгуулсан” гэж ойр дотнын хүмүүс нь ардчилал эхэлсэн хойно ярьсан байдаг.
Хэрэвзээ энэ хэрэг улс төрийн захиалгатай байгаагүй юм бол 200 гаруй хүнийг сэжиглэн байцаах явцдаа “102”-ынхон буюу Дарханы цагдаагийнхан, Нийгмийг аюулаас хамгаалахын ажилтнууд юу ч олоогүй гэж үү. 2010 онд энэ хэргийг сэргээхдээ тухайн үед хэргийн газарт юу болсон, нотлох баримт, сэжүүр олдсон эсэх талаар яагаад өнөөг хүртэл дуугарсангүй вэ!?
Ардчиллын алтан хараацайн үхэл
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш гэртээ орох үед нь гэргий Б.Булганых нь нүдэн дээр олон удаа хутгалан хөнөөсөн. Тухайн үед Б.Булган багтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийг алсан, бие биеэ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан хэмээн мэдүүлсэн байдаг. Хачирхалтай нь хэрэг гарсан мөчид дуудлага авч ирсэн ”102” буюу цагдаагийнхан Монголын ардчиллын удирдагчдын нэгийг хөнөөсөн хэргийн газарт хөл хорио тогтоосонгүй. Тиймээс ч талийгаачийнд орж гарч, хамаг ул мөрийг үгүйрүүлэн баллажээ. Үүний дараа хэргийн учрыг олох гэсэн цагдаагийн хэд хэдэн ажилтан, зарим гэрч учир битүүлгээр амь насаа алдсан гэж ярьдаг. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан цөөнгүй хүнийг барьж хорьж байсан ч хэргийн учиг өнөөг болтол тайлагдсангүй. “Ард” Батсүх гэгчийг АНУ-аас барьж ирүүлсэн ч хуурамч дипломоор их сургууль төгссөн гэхээс өөр буруу тогтоогоогүй. Д.Энхбатыг өнөөгийн АТГ-ын дэд дарга Б.Хурц Францаас баривчилж, хэд хэдэн орны нутаг дамнуулан хулгайлж авчраад мөн л хэрэг хүлээлгэж чадаагүй.
УИХ-ын гурван гишүүнийг 1999 онд С.Зоригийн хэргийг мөрдөх явцад гэсэн тодотголтойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, авлига, казиногийн хэрэг болгон үргэлжлүүлээд сүүлд нь хувийн компанийнхаа татварыг төлөөгүй хэрэг дээр буулгасан. Харин дараагийн сонгуулиар МАХН /Өнөөгийн МАН/ ялалт байгуулвал С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж засгийн эрхийг авсан ч үр дүнг нь бид мэднэ. Маш том шоу болоод л өнгөрсөн.
Ингээд олон улсаас шинжээчдийн баг гаргуулах тухай ярьж, 2003 онд хэргийн талаар үнэн бодитой мэдээллийг 500 саяар байлаад ч хэргийг илрүүлээгүй. Ёс юм шиг Засгийн газар болгон захиалагч, гүйцэтгэгчийг илрүүлэхээ амладаг ч дараагийн эрх баригчдад энэ уламжлал хадгалагдан үлдсэн хэвээрээ байх болов уу.
Учир битүүлэг 102…
Цуст аллага, халдлага хийх гэсэн этгээдүүд тухайн улсын аюулаас хамгаалах, хүчний байгууллагынх нь дуудлагын дугаарыг зориуд сонгодог ярих нь олонтаа. Энэ ёсоор бол дээрх хоёр аллагыг үйлдэгчид аравдугаар сарын 2-ныг зориуд сонгох авах нь гарцаагүй. 2001 онд болсон онгоц барьцаалсан алан хядагч нарын хоёр онгоц Дэлхийн худалдааны төвийг мөргөсөн өдөр нь есдүгээр сарын 11 буюу АНУ-ын түргэн тусламжийн утастай таардаг. Үүнтэй нэгэн адилаар дээрх хоёр эрхэм мөн л манай цагдаагийн дугаарын цуглуулга байж болох 10 сарын 2-нд буюу “102” гэж тэмдэглэж болохуйц өдөр өнгөрсөн. Дээрх хоёр эрхэм хоёулаа шилжилтийн хүнд бэрх цагийн чухал гэрч, нөлөө бүхий хүмүүс байснаар төстэй. Нэг нийслэлд орж ирэх хүсэлт илгээгээд алуулсан байж болох талтай бол нөгөө нь Ерөнхий сайдад нэр дэвших болсон учраас амиа алдсан ч байхыг үгүйсгэх. Энэ бүх таамаг хий хоосон мухар сүсэг гэвэл өнөөдөр яагаад тэднийг хэрэг илрэхгүй байна вэ? Бүр алуурчныг харсан амьд гэрчүүд байсаар ахуйд илрээгүй, улс төрчдийн өөрсдийн ашиг хонжоо хайх хэрэгсэл болгон ирсэн зэрэг нь учир битүүлэг аллага гэхээс өөрийг хэлэх аргагүйд хүргэнэ. Учир битүүлэг энэ өдөр хэн нэгэнд айдас хүйдэс төрүүлж, шударга бус явдал улам бүр газар авсаныг сануулж, заналхийлэх мэт дахин болж байна.
Л.НАРАНТӨГС