Илүү их дүрэм журам дунд амьдаръя

Хуучирсан мэдээ: 2014.10.02-нд нийтлэгдсэн

Илүү их дүрэм журам дунд амьдаръя

Мэдээж хотын соёл тийм амар тогтчихгүй. Хамгийн гол нь хувь хүний эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашигт захирагдах ёстой гэсэн сэтгэхүйг суулгах тийм амар ажил биш-

Суурьшмал үндэстэнтэй харьцуулвал нүүдэлчин монголчууд бидний  хотын соёл урт настай биш. Нийслэл хотод шилжин ирэхийг хатуу дүрэм журмын дагуу зохицуулдаг байсан социализмын үе дуусахтай зэрэгцэн улсынхаа нийслэл рүү тэмүүлэх иргэдийн тоо сүүлийн 20 жилд нэмэгдсээр ирлээ. Эдийн засгийн утгаараа авч үзсэн ч ганц том зах зээл нь Улаанбаатарт эргэлдэж, үүнийгээ дагаад нийгмийн дэд бүтэц хамгийн өндөр хөгжсөн нь яах аргагүй Улаанбаатар.

Эдүгээ нийслэл хотод маань Монгол Улсын хүн амын гуравны нэг оршин сууж байна. Социализмын үед Улаанбаатар хотын хэтийн хөгжлийг 450 мянган хүн амтай болно гэж тооцож барьсан эрчим хүч, дулаан, ус түгээлтийн дэд бүтэц эдүгээ хоёр дахин илүү ачааг дааж ядан буй. Нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр хотын удирдлагуудаас илүү зохицуулалт шаардаж байгаа нь үнэн. Монголын хүн амаас хэд дахин илүү хүн оршин суудаг дэлхийн улс орнуудын нийслэл болон том хотууд амьдралаас урган гарсан дүрэм журмыг л мөрдсөний хүчинд хэдэн сая хүний эв найртай аж төрөх боломжийг хангаж ирсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, миний эрх чөлөө нөгөө хүний хамрын үзүүрээр дуусдаг гэдгийг ойлгуулна гэсэн үг.

Үүл баатар нийслэл хотыг удирдах болсон цагаас хойш ийм дүрэм журмыг хотын иргэдэд мөрдүүлэхийг оролдож, зарим нэг нь амжилттай байна. Тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө машины дугаарын хязгаарлалтыг мөрдөж эхлээгүй байх үеийг Улаанбаатарыг эргээд санаарай. Машины түгжрээнээс болж уур уцаар болсон хүмүүс хаа сайгүй байсан биз дээ. Анх нийслэлээс ийм зохицуулалт хийх гэж байгааг зарлахад иргэд эвэртэй туулай үзсэн мэт хүлээж авч байсан. Харин одоо нэгэнт  та нийслэл хотын иргэн юм бол бусдын эрх ашгийн төлөө таниас ч гэсэн золиос гарах ёстойг ойлгож эхэлсэн.

Мэдээж хотын соёл тийм амар тогтчихгүй. Хамгийн гол нь хувь хүний эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашигт захирагдах ёстой гэсэн сэтгэхүйг суулгах тийм амар ажил биш. Өнгөрсөн хавар нийслэлийн төв гудамжаар зорчих машинтай иргэдээс хураамж авах тухай яриа гарах үед улаанбаатарчуудын дийлэнх эсэргүүцэж, “барлагийн хүүхэд явж болдоггүй зам уу” гэсэн мессежийг хангалттай түгээсэн. Гэтэл төвлөрөл ихтэй замаас хураамж авах, зогсоолыг төлбөртэй болгох нь олон хүн амтай хотуудын авч хэрэгжүүлдэг л арга хэмжээ. Москва хотын жишээн дээр авч үзэхэд хотоо цагариглан бүсчилж, ачааллаас хамааран ялгавартай хураамж, төлбөртэй зогсоолын системийг мөрдөж байна. Ирэх оноос Москва сити зэрэг шинээр бий болсон оффисийн төвлөрөл ихтэй хэсгүүд рүү нэвтрэхэд мөн төлбөр төлдөг болох тухай одоо ид ярьж байна. Хариуд Москва хотын захиргаа хотын төв хэсэгт машин зорчдоггүй зөвхөн явган хүний зорчих талбайг ихэсгэж, амарч тухлах цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмэгдүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд автомашин худалдаалах төвлөрсөн цэгийг нийслэлийн зүүн хэсгээс баруун хэсэг рүү шилжүүлэх шийдвэр мөн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Яг үнэндээ иргэдийн биш юм, автомашины наймаа эрхлэгч хэдэн хүний эсэргүүцэл. Энэ шийдвэр аль өнгөрсөн хавар гарч, хэвлэлээр багагүй зар түгээсэн. Яг ажил хэрэгжих дээрээ тултал ямар ч тав тухгүй  орчинд биднийг аваачих гэлээ, гэрээс хол, байр саваа барьчих тэгээд биднийг дуудаарай гэсэн зүйл ярьж байх юм. Нэгэнт шийдвэр гарсан учраас та тэнд очиж автомашины наймаагаа эрхлэх,  боломжгүй бол дассан сурсан газраа гэрийнхээ ойролцоо өөр бизнес эрхлэх сонголт танд үлдэж байна. Түүнээс байшин бэлэн болчлоо, хажууд нь гуанз барьчлаа, автобусны буудлыг нь хажууд нь аваад ирлээ, одоо та нүүж ирнэ үү гэдэг урилгыг танд явуулах албагүй. Нийтийн эрх ашгийг хүндэлж, хотын соёлд суралцана гэдэг бол энэ. Зарим хот хотуудад тодорхой цагийн хооронд тухайн замаар зорчиж байгаа машин заавал хоёроос дээш зорчигчтой байна гэсэн дүрэм журам хүртэл байдаг. Учир нь, ажил цуглах, тарах зэрэг замын ид ачааллын үед машин болгонд ганц жолооч явах нийтийн эрх ашигт хохиролтой учраас тэр.

Зайсангийн гүүрээс цааш Монголдоо хамгийн төлбөр өндөртэй хэд хэдэн дунд сургууль бий. Гэтэл өглөө хичээл цуглах, орой хичээл тарах үед хажуудаа ганц жаахан хүүхэд суулгасан данхар данхар жипүүд гүүр хүртэл ярайн зогсдог нь ийм зохицуулалт хэрэгтэйг л харуулаад байгаа юм.

Судалгаагаар хүн амьдрахад хамгийн ээлтэй хот, хамгийн жаргалтай иргэдтэй хот гэсэн ангиллаар тэргүүлээд байдаг хотууд маань үнэндээ хотын иргэнийхээ гэрээсээ гадуур хаагуур яаж явахыг дүрэм журмаар зохицуулчихсан л газрууд байдаг. Өөрөөр хэлбэл, чиний эрх чөлөө нөгөө хүний хамрын үзүүр хүрээд дуусч байгааг ч ойлгуулсан байдаг. Тиймээс та бид Улаанбаатартаа уур бухимдалгүй, амар тайван амьдаръя гэвэл илүү их дүрэм журам дунд л амьдрах болж байгаа юм. Бээжингийн эрх баригчдыг эсэргүүцэн жагсч байгаа ХонгКонгийн оюутнууд өдөртөө тарьсан хогоо цуглуулан хаяж байгаа зураг, баг нь хожигдсон ч хөлбөмбөгийн цэнгэлдэхийн хогийг түүгээд гарч байгаа япон залуус бидэнд дутагдаад байгаа дүрэм журмаар л хүмүүжсэн хүмүүс.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж