Лангууний бараа шиг лицензийг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Лангууний бараа шиг лицензийг цэгцэлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд хэлэлцсэн асуудал хамгийн халуун сэдвийг хөндөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр лицензтэй холбоотой эмзэг асуудлуудыг эрхэм гишүүд хөндсөн юм. Ерөнхийлөгчийн санаачлагаар баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон хуулийн хэрэгжих хугацаа  дууссан учраас уг шинэ хуулийг санаачлан оруулж ирсэн байна.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лиценз зүгээр л лангууны бараа шиг болж, цөөхөн хүн түүнийг наймаалан хөрөнгөжиж буйг шүүмжиллээ. Зарим хүн арав хориор нь лиценз цүнхлээд наймаалж явдгийг болиулахын төлөө тэмцэх хэрэгтэйг Д.Очирбат гишүүн анхаарууллаа. Төр тэдний өмнө чадалгүйгээ харуулж шившгээ хутгаж лиценз олгохыг хориглох хугацааг гурав дахь удаагаа сунгах талаар хэлэлцээд сууж байгаа нь ичгэвтэртэй хэрэг гэж байв. Нэг үе улс орныхоо нутаг дэвсгэрийн 40 шахам хувийг лицензтэй болгочихсон байсан. Тийм улс дэлхийд ховор гэдгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга төр өөрийн мэдлийн ордод хайгуул хийлгэж байгаа тул лицензээ ч мэдэж байх ёстой гэж энэ үеэр хэлж байлаа. Гэтэл одоо газрын дорх ашигт малтмал зарим хүний хувийн өмч мэт болсныг шүүмжлэх гишүүн олон байв. Гишүүн Л.Гантөмөрийн “Ой мод, устай газрын лицензийг төр хурааж авч болж байгаа юм чинь Оюутолгойн ордыг төр ашиглах үйл ажиллагаанд саад учруулж буй компаниудын лицензийг хурааж авч болдоггүй юм уу” гэсэн асуултад Д.Зоригт сайд тэдгээр лицензийг цуцалсан гэсэн хариулт өгөв. Гэхдээ “ингэсний төлөө лицензээ цуцлуулсан компаниудын удирдлагын зүгээс тодорхой албан тушаалтнууд руу заналхийлсэн хандлагатай үг хэлсэн. Засгийн газрын хуралдаан дээр энэ талаар яригдсан. Хууль хэрэгждэггүй нь сумдын Засаг дарга нартай нэлээд холбоотой” гэлээ. Н.Ганбямба гишүүн лиценз гэдэг бичгийг өмчлөх эрхийн бичиг болгон туйлширч буйг шүүмжлээд Оюутолгой, Тавантолгойгоос бусад ордыг хаасан ч яадаг юм хэмээж байв. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “бүх ордыг хааж таарахгүй, ядаж бүс нутаг бүр нэг том уурхай ашиглах ёстой” гээд хэрэв ордуудыг хаавал уул урхайн салбарын 50 мянган ажилтан ажилгүй болно гэдгийг санууллаа. Ц.Цэнгэл гишүүн хэдхэн хүн 200-300 лиценз эзэмшдэг. Сүхбаатар аймагт л гэхэд цайрын ордыг хувь этгээд 10-аад сая ам.доллараар арилжсан байна гэсэн нь тус аймгаас сонгогдсон Р.Буд гишүүнийг гайхахад хүргэж хэн гэдэг хүн наймаалсныг эзэнтэй нь хэлэхийг хүслээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас уг асуудлыг ирэх долоо хоног гэхэд тодруулахаа амлав. Д.Оюунхорол гишүүн Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20-иод хувь лиценз гэдэг бичгээр лангууны бараа шиг болчихсоныг хатуухан шүүмжилж байв. Ашигт малтмалын шинэ хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2013 он гэснийг тэрбээр гайхаж, хугацааг наашлуулахад юу саад болоод буйг асуусан юм. Д.Зоригт сайдын хэлснээр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлах гэсээр 2011 оны төгсгөлийг үзэж, холбогдох журам, албан бичгүүдэд өөрчлөлт оруулах гэсээр 2012 он шувтрах тул 2013 он гэсэн гэж байв.

Асуудлыг хэлэлцэх үед Д.Зоригт сайдаас өөр Засгийн газрын гишүүн байгаагүйд Н.Батбаяр гишүүн нэлээд ундууцлаа. Тэрбээр “иймэрхүү байвал Засгийн газрын гишүүдийн цалинг хаах хэрэгтэй. Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг ч хаая” хэмээгээд 76 гишүүн эв эеэ нэгтгэж газар шорооныхоо төлөө тэмцэхгүй бол орйтлоо шүү хэмээн уриалав. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч Засгийн газар Ашигт малтмалын хуулиа яаралтай оруулж ирэхгүй бол УИХ ажлын хэсэг гаргана гэдгийг анхааруулав. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 81,3 хувийн саналаар дэмжсэнээр 18.20 цагт хуралдаан өндөрлөлөө.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж