Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар нийслэлийн Засаг даргын тамгын газар Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх форумыг энэ сарын 06, 07-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь Улаанбаатар хотыг олон нийтэд нээлттэй хот болгох, авлигын эсрэг олон улсын академийн салбарыг Улаанбаатар хотод нээх эхний алхам болох гэнэ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун "Форумд 14 орны 42 олон улсын байгууллагын төлөөлөгчид, манай улсад суугаа элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газар, төрийн бус байгууллагуудын төлөөлөл гээд нийт 258 хүн оролцоно. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АТГ-ын дарга Б.Хурц, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавина. Мөн форумын үеэр төр ба нийгмийн уялдаа холбоо, газар хувиарлалт ба өмчийн бүртгэл, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөл гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаан явуулах юм" гэж мэдээллээ.
Д.ЖАРГАЛ