Ээжүүдийг баярлуулахаар шуурхайлж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Ээжүүдийг баярлуулахаар шуурхайлж байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зарлигийн зарим заалт хэсгийг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 84.6 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгаснаар дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Эхийн алдар II  одон”, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Эхийн алдар I одон”-г олгохоор тусгаад байгаа юм. Ингэхдээ хүүхдээ гурван нас хүртэл асарсан байх гэсэн шалгуур тавьж байна. Дээрх тодотголыг оруулж өгсөн нь, 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулиар дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь нас биед хүрсэн хойноо эндсэн, мөн сураггүй алга болсон тохиолдолд тухайн ээжид одон авах эрх үүсэхгүй байгаа аж. Тиймээс гишүүд хуулийн “цоорхойг” эх үрсийн баяраас өмнө “нөхөж” одонтой ээжүүдийн тоог нэмэхээр шуурхайлж буй юм. Судалгаагаар дээрх хууль батлагдахад 15200 эх шинээр “Эхийн алдар I”, “Эхийн алдар II одон”-г авах боломжтой болох гэнэ. Мөн одонгийн мөнгөнд зориулж хоёр тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Засгийн газраас энэхүү хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтэд санаа зовох  асуудал байхгүй гэж үзсэн байна. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг гар өргөн дэмжлээ.

Мөн хуралдаанаар дээрх хуультай агуулгын хувьд адил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцээд гишүүдийн 84.6 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
УИХ-ын даргын зүгээс энэхүү хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх шаардлагатай гэдгийг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн байсан бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн байв. Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслүүдтэй холбоотой саналаа нэгтгэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлж, улмаар нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийх  үүрэг хүлээлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж