Л.Энэбиш: Тавантолгойд ямар компанийг сонгохыг Засгийн газар шийдэх болно | News.MN

Л.Энэбиш: Тавантолгойд ямар компанийг сонгохыг Засгийн газар шийдэх болно

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Л.Энэбиш: Тавантолгойд ямар компанийг сонгохыг Засгийн газар шийдэх болно

Дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн зэс, алтны ордын асуудал шийдэгдэж Монгол улс олон улсын зах зээлд баттай зогсох байр суурьтай болоод байгаа билээ. Бидний дараагийн ашигтай хөзөр болох Тавантолгойд талууд бооцоо харамгүй тавьж байна. Тавантолгойн тендерийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарчмаар явуулж байгаа ба дэлхийн санхүүгийн хуудсанд нэрээ бичүүлж, чиглэл чиглэлээрээ танигдсан 13 компани энэхүү тендерт өрсөлдөж байна. Одоогоос 10-аад хоногийн өмнө “Ройтерс” агентлаг “Эрдэнэс МЖЛ” компанийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг тус орд дээр хамтрах боломжтой долоон компанийг нэр цохон зарлалаа гэж мэдээлсэн. Гэвч манай зүгээс ямар нэгэн албан тайлбар хэлээгүй байгаа бөгөөд тендерийн шалгаруулалт явуулаагүй байгаа гэсэн мэдээллийг л өгч байсан. Энэ талаар “Эрдэнэс МЖЛ” компанийн захирал Б.Энэбишээс тодрууллаа.

-Тавантолгойн тендерт оролцож буй компаниудаас долоон  нь зарласан гэсэн мэдээлэл “Ройтерс” хийлээ. Энэ үнэн үү?

-Энэ худлаа мэдээлэл шүү. Тэд энэ мэдээллээ няцааж, долоо хоногийн дараа залруулсан байсан. Бидний зүгээс ямар ч тийм мэдээлэл хийгээгүй.

-Яагаад иймэрхүү мэдээлэл цацах болов оо. Урд нь бас Оросын нөлөө бүхий хүмүүсийн айлчлалын дараа Оюутолгойг ОХУ-д өгнө гэсэн мэдээлэл гараад байсан?

-Үе үе тийм мэдээлэл гаргаад байгаа. Шалтгааныг нь тодорхой мэдэхгүй байна. Оросууд Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж Монголын талтай хамтран “Дэд бүтэц хөгжил” компанийг байгуулсан. Оюутолгой дээр яг тэгнэ ингэнэ гэсэн юм бол яригдаагүй, тухайн үед.

-Тавантолгойн асуудал одоо ямар шатанд явна. Шалгаруулалт явуулж, долоон компанийг үлдээсэн гэдэг бол ташаа мэдээлэл юм байна шүү дээ, тийм үү?

-Оролцогч 13 компани хэвээрээ байгаа. Хэн нь ч хасагдаагүй. УИХ-ын чуулганы үйл ажиллагаа одоо эхэлж байна. Одоогоор томилгоо, төсөв бусад асуудлуудыг хэлэлцээд байна. Үүний дараа Тавантолгойн талаар ярих байх. Нийгмийн нөхцөл байдлаас болоод яг хэзээ яригдах нь тодорхой бус байна. УИХ дээр Тавантолгойн дэд бүтцийг авч үзэж, тендерийн сонгон шалгаруулалтаар аль орны ямар компанийг сонгохыг Засгийн газар шийдэх болно гэсэн хариултыг өглөө.

Тавантолгойн тендерт өрсөлдөгчдийн “авдар”-нд юу байна?

Тавантолгойн асуудал хэрхэн шийдэгдэх нь хүлээгдэж буй энэ үед тендерт оролцож буй компаниудын “үүц”-ийг сонирхож үзье.

БНХАУ-ын “Шинхуа Энержи”

”China Shenhua Energy Company Limited” (CSEC) нь Хятад улсдаа хамгийн том  эрчим хүч үйлдвэрлэгч, мөн экспортлогч компани бөгөөд одоогоор дахин 40 жил олборлох нүүрсний нөөцтэй. Нүүрсний үйлдвэрлэл нь жилд 23 хувь, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь 24 хувиар  тус тус   өсч яваа   ба нийт 1367 км урт төмөр зам, тээврийн сүлжээгээр дамжуулан цахилгаан станцууд руу нүүрсээ  зөөдөг. Хятадын нүүрсний экспортын 38 хувийг  хангадаг.

ОХУ-ын “Базовый элемент ба Ренова”

Виктор Вексельбергийн “Ренова” компани нь тус улсын бизнесийн талбарт маш идэвхтэй хүчтэй ороцогч. Оросын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд томоохон холдингуудад хөрөнгө оруулалт хийдэг. Нефть машин, уулын баяжуулах, хими, барилга, эрчим хүч, теле холбоо, санхүүгийн секторуудад хөрөнгөө оруулжээ. Оросын ахуй үйлчилгээний системийг барьдаг төдийгүй тэтгэврийн сан мэдэлд нь байдаг байна. “Базовый элемент” эрчим хүч, уул уурхай, машин, санхүү, барилга, нисэхийн салбар зэрэг эдийн засгийн зургаан салбарт үндсэн хөрөнгө оруулалт хийсэн байна.  Сүүлийн хоёр жилийн дотор тус компанид нэгдсэн компаниуд 40 хүртэлх хувийн ашигтай ажиллаж байжээ. Тус компани 300 мянган ажилчидтай. Одоогоор дэлхийн 17 оронд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дийлэнх нь Европод байна.

Австралийн “Экстрата” дулааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч

”Xstrata” нь 1926 онд анх Sdelektra AG нэртэйгээр Швейцарь улсад байгуулагдсан. Өргөжин тэлсээр 1999 онд “Xstrata” нэртэй болсон. Лондон болон Швейцарийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн уул уурхайн тав дахь том компани юм. Одоогоор 19 оронд үйл ажиллагаа явуулж байна. 2002 оны гуравдугаар сард Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь санаанд оромгүй үнэд хүрч групп болох эхлэл нь тавигджээ. Австралийн Glencor`s (Enex) болон өмнөд Африкийн Duiker зэрэг нүүрсний ордыг авснаар дулааны нүүрсний үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд тэргүүлэх болов. Олон улсад зэс, коксжих нүүрс цайр зэрэг ашигт малтмалын гол зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болсон. Металл боловсруулах олон үйлдвэртэй. Мөн алт, гууль, мөнгө, дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг нь салбар тус бүрдээ тэргүүлдэг.

АНУ-ын “Пибоди Энержи” -нүүрсний “эзэн”

Нүүрсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Тус компани томоохон хэмжээний эдийн засгийн өндөр үр ашигтай нүүрсний уурхайг хөгжүүлэх туршлагатай, аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажилладаг орчин үеийн техник технологи, менежментийн арга барилтай, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг. “Тавантолгой” төсөлд оролцох боломж олдвол хууль, санхүү, дэд бүтцийн зэрэг олон чиглэлээр АНУ-ын шилдэг компаниудыг Монголд оруулан, хамтран ажиллах бололцоог бүрдүүлэх ба зөвхөн нүүрс олборлоод зогсохгүй шингэн түлшний зэрэг дагалдах үйлдвэрлэл эрхлэх боломжтой аж.

Их Британийн “БиЭйчПи Биллитон”-хослуулагч

Тус компани нь Монголд хоёр жил гаруйн өмнө салбараа нээж, уул уурхайн томоохон ордод хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ эртнээс мэдэгдэж байсан билээ. Дэлхийн 25 орны 100-гаад газарт үйл ажиллагаа явуулан, нийтдээ 41 мянга гаруй хүн ажиллуулж байна. Хөнгөн цагаан, эрчим хүч, нүүрс, зэс, төмрийн хүдэр, уран, никель, мөнгө, титан зэрэг эрдсийн олборлолт, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, нөхөн сэргээлт сайн хийдгээрээ танигджээ. Сүүлийн жилүүдэд шингэрүүлсэн хий болон очир алмааз олборлох салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Өнгөрсөн жилд гэхэд 59,5 тэрбум ам.долларын орлого олж, 15,4 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Эзэмшиж байгаа хөрөнгөний хэмжээ, гаргаж байгаа бүтээгдэхүүний төрөл, зах зээлд хамрах хүрээ, мөн газрын тосны бизнесийг хослуулан эрхэлдгээрээ салбарынхан дундаа ялгардаг дэлхийд тэргүүлэгч компани юм.

Бразилийн “Вале” (хуучнаар CVRD) 21 улсад салбартай

“Vale” нь сүүлийн 60 гаруй жилд эрдэс баялаг олборлон, боловсруулж байна. Бразилд төвтэй, нийт 100 мянган орчим ажиллагсадтай. Анх 1942 онд Бразилийн Засгийн газраас “Companhia Vale do Rio Doce” нэртэйгээр байгуулж улмаар 1997 онд бүрэн хувьчлагдсан, дэлхийн таван тивийн 21 улсад үйл ажиллагаа амжилттай явуулж байна.  

Японы “Сожиц”

2003 онд байгуулагдсан. 2009 оны гуравдугаар сарын байдлаар 160,339 тэрбум иений хөрөнгөтэй. Японд 7, олон улсад 408 охин компанитай.

Японы “Марубени”, “Иточу” “ихэр”

1858 онд Марубенийг үүсгэн байгуулагч Чубай Ито хөвөн даавууны худалдаа эрхэлдэг байсан ба улмаар бизнесээ өргөжүүлэн “C.Itoh&Co” компани байгуулж, 1918 онд компаниасаа “Itochu Shoten” LTD  салбар байгуулсан нь өнөөдрийн “Марубени” корпорацийн эхлэл болжээ. 1949 онд “C.Itoh &” Co.LTD, “Kureha Cotton Spinning” Co.LTD, “Amagasaki Nail Work” LTD зэрэг компани нэгдэж “Marubeni” Co.LTD болжээ. Нийт 153 мянган хувьцаа эзэмшигчидтэй, нийт гаргасан хувьцаа 1.737.940.900. дотооддоо 11 салбартай, 69 оронд 114 салбартай.

Чубай Ито 1858 онд мөн “Иточу” -г үүсгэн байгуулсанаас хойш 150 гаруй жилийн хугацаанд Японд болон олон улсад бөс, даавуу, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мэдээлэл харилцаа холбооны хэрэгслүүд, төмөрлөг, газрын тос болон цахилгаан эрчим хүчний үүсгэвэр,  химийн бодис болоод хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхэлсээр иржээ. Мөн даатгал, санхүү, барилга, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэхэд хөрөнгө оруулж байжээ. Нийт 153 салбартайгаас Японд 15, 138 нь хилийн чанадад байдаг.  

БНСУ-ын “КОРЕС” консорциум зургаан салбартай

”Kores Korea Resources” Corporation нь 1967 оны зургадугаар сард 10 сая воны хөрөнгөөр байгуулагдсанаас хойш цахилгаан эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт эрдэс баялаг нийлүүлж байгаа. Цахилгаан эрчим хүчний хувьд 97 хувь нь гадны орнуудаас хараат байдаг БНСУ-ын хувьд энэ компани нь тун чухал бөгөөд улс орноо дотоод нөөцтэй болгох, мөн цаашдаа дэлхийн шилдэг уул уурхайн 20 компанийн эгнээнд багтахыг зорьж ажиллаж байгаа. Тус компани БНСУ-д гурван төвтэй, олон улсад зургаан салбар байгууллагатай.  Ган, хөнгөн цагаан, төмөр, зэс зэргийн металл боловсруулах үйлдвэрлэлийг дотоодын хэрэгцээндээ зориулж явуулдаг.

Японы “Мицуй” 154 салбартай

”MITSUI & CO., LTD”. буюу  “Мицуй” 1947 онд байгуулагдсан. Дэлхийн 67 оронд 154 салбар байгууллагатай.  Үүнээс Японд 12, олон улсад 142 нь байдаг. Гол төлөв төмөр болон ган боловсруулалт, эрдэс баялаг металл боловсруулах, дэд бүтэц, машин техник төхөөрөмж,  усан онгоц, сансрын хиймэл дагуул бусад төхөөрөмж, химийн бодис, цахилгаан эрчим хүч, хүнс ба жижиглэнгийн бүтээгдэхүүнүүд, хэрэглэгчийн үйлчилгээ, электроник болон мэдээлэл харилцаа холбоо, санхүүгийн зах зээл, тээвэр зэрэг салбарт олон улсын хэмжээний гол дэд бүтцийг бий болгох, санхүүжүүлэх, хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүн үйлчилгээ, худалдааны олон талын бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Японы экспортын хэмжээ дайны өмнөх үетэй адил болох үед буюу 1959 онд худалдааны бусад компанитай нэгдэж, “Mitsui & Co., Ltd” буюу “Мицуй” корпораци болсон байна. |Жараад онд Японы эдийн засаг хурдан сэргэсэн нь “Мицуй” корпораци хилийн чанадад уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж бүтээгдэхүүнийг нь Япондоо импортлох болсноос үүдэлтэй.

Энэтхэгийн “Жиндал Стиил энд Поувер” -шинэхэн топ

Энэтхэгийн гангийн болон эрчим хүчний үйлдвэрлэлд тэргүүлэгч. 55 тэрбум рупигийн эргэлтийн хөрөнгөтэй, салбартаа хамгийн үр өгөөжтэй удирдлага бүхий компаниудын нэг. “Jindal” Болив улсад 20 тэрбум тонн төмрийн хүдэр олборлох эрх авсан. Алмааз алт зэрэг өндөр үнэтэй эрдэс металл хайх, олборлох бизнест шинээр орж ирж байгаа. Тус компанийг 2009 онд Business Today сэтгүүл “Ажиллахад Таатай Топ 20 компани”-ийн нэгээр шалгаруулсан байна.

Японы “Сумитомо”

”Сумитомо” (Sumitmo) нь дэлхийн 66 оронд 146 салбартай нийтдээ 70, 755 ажилтантай. Тус корпораци нь 2009 оны гуравдугаар сарын байдлаар 219,3 тэрбум иенийн хөрөнгөтэй байна. дотоодын бараа үйлчилгээг борлуулах экспорт, импорт болон дотоодын бараа үйлчилгээг борлуулах, дотоод гадаадын хөрөнгө оруулалт зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг.  

 Б.УНДРАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Утасны Карт 2010-02-28 71.155.234.106

Хэрэглэхэд хэлбэр нэгж минут унахгүй утасны карт wwwmongolianworldcom Америк Канад дахь Монгол хэрэглэгчид чанарыг нь сайн мэднэ

Avatar

asu.mn 2010-02-28 124.158.124.150

Цахим Монголын №1 бренд wwwasumn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж