Цаг агаарын байдлаас шалтгаалан ургац хураалтын ажлыг эрчимжүүлэхийг салбарын яамнаас тариаланчдад зөвлөжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар сэрүүсч, цас орсноос шалтгаалан ургац хураалтын ажилд бэрхшээл учруулсан байна. Ургацаа цасанд даруулахаас өмнө хурааж авахаар тариаланчид нэлээд ачаалалтай ажиллаж байгаа аж. Монгол Улс энэ намар 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан. Сүүлйин үеийн мэдээгээр 63.8 мянган га тариаг ангилан хадаж, 42.2 мянган га-г шууд хурааж, нийтдээ 135.6 мянган га-гаас 207.6 мянган тонн үр тариа хураан авчээ. Харин 7.9 мянган га-гаас 95.1 мянган тонн төмс, 4.5 мянган га-гаас 56.9 мянган га хүнсний ногоо, тус тус хураан авснаар үр тарианы хураалт 59.3 хувь, хүнсний ногооны хураалт 55.6 хувьтай явж байгаа гэв.
О.САР