Европын холбоо ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Энэ нь Украины зүүн хэсэгт өнгөрсөн есдүгээр сарын 5-нд Киевийн Засгийн газар болон Оросын талыг баритлагчдын хооронд байгуулсан гал зогсоох гэрээ бүрэн дүүрэн хэрэгжихгүй буйтай холбоотой гэнэ. Гал зогсоох гэрээг зөрчин өнгөрсөн есдүгээр сарын 24-нд Донекц мужийн Артёмовск хотод Оросыг дэмжигчид болон Украины армийн хооронд мөргөлдөөн гарчээ. Мөн өнгөрсөн даваа гаригт /IX.29/ Донецкийн нисэх буудлын ойролцоо Оросыг дэмжигчид болон Украины армийн хоорондох тулааны үеэр долоон цэрэг амь үрэгдсэн байна.
Европын холбооны зүгээс ОХУ-ын төрийн зарим албан тушаалтан, газрын тосны үйлдвэр, батлан хамгаалах байгууллага, банкуудын эсрэг хориг тавьсан аж. Украин болон Барууныхны зүгээс Донбасс дахь салан тугсаарлагчдыг зэр зэвсэг, хүн хүчээр хангадаг хэмээн ОХУ-ыг хардан буруутгаж буй. Харин ОХУ үүнийг эрс үгүйсгэн, гүтгэлэг гэдгийг мэдэгджээ.
АНУ болон Европын холбоо нь Крымын хойг Украинаас салж, Кремльд нэгдэх үйл явц эхэлснээр ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Украины зүүн хэсэгт өнгөрсөн дөрөвдүгээр сард бослого, үймээн эхэлснээс хойш 3200 хүн амь үрэгджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС