Ц.Бат инженерийг баривчлах шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2014.10.01-нд нийтлэгдсэн

Ц.Бат инженерийг баривчлах шаардлагагүй

НҮБ-ын Ерөнхий асамблейгаас 1976 онд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай  олон улсын пакт  бий. Энэхүү пактын  19 дүгээр зүйлд  “Хүн үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах, чөлөөтэй илэрхийлэх  эрхтэй” гэж заажээ. Энэ эрхээ хил хязгааргүй амаар, бичгээр,  хэвлэл мэдээллээр, уран сайхны аргаар, эсвэл өөрийн сонгосон бусад аргаар илэрхийлэх эрхтэй талаар  тусгасан байна. Монгол Улс  энэхүү пактад нэгдсэн орнуудын нэг. Харин sociel media буюу олон нийтийн сүлжээ-facebook, twitter-т  үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баричвлуулж, ял сонссон тохиолдол гарсан. Дээрх асуудлаар ХЭҮК-т хүний эрхийн боловсролын чиглэлээр ажиллаж байгаа, Австралийн ХЭҮК-ын ажилтан асан Хрис Реммари өөрийн судалгаа, туршлагад тулгуурлан  ажиглалт хийжээ.  Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нэгдсэн. Энэ  пактыг зөрчиж байгаа эсэх талаар та ажиглалт хийсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Иргэний болон улс  төрийн эрхийн  тухай олон улсын пактын  19 дүгээр зүйлд  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаар тодорхой заасан байдаг.  Энэхүү пактад,   Монгол Улс нэгдсэн хэдий ч  энэ үүргээ биелүүлэхгүй, зөрчих  тохиолдол гарч байна. Миний хувьд, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний  комисст ажиллах хугацаандаа хэд хэдэн  жишээн дээр ажиглалт хийлээ.  Тодруулбал,  Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газраас  Amjilt.com мэдээллийн веб сайтыг хаасан асуудал. Тухайн мэдээллийн веб сайт  “Хаан жимс” амралтын газрын талаар нийтлэл бичсэнийхээ төлөө үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан байгаа юм. Тухайн агентлагаас ямар шалтгаанаар веб сайтыг хаасан талаар хийсэн тайлбар нь  ойлгомжгүй байсан. Энэ асуудлыг  ямар нэг байгууллагын журмаар биш хуулиар  зохицуулах ёстой. Харамсалтай нь, Монгол Улсын хуульд энэ талаар тодорхой  тусгаагүй. Хуулиар хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байхад Засгийн газар  нөлөөлөх замаар веб сайтын үйл ажиллагааг хаасан нь буруу. Олон  улсын пактын 19-р зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь өөр эрхүүдээр хязгаарлагддаг. Мөн тухайн улсын Засгийн газраас ямар нэг байдлаар хязгаар тавих тохиолдолд заавал хуульд нийцүүлэх ёстой гэж заасан. Хуулиндаа хоёрдмол утгагүй тодорхой зааж, хуулиа дагах ёстой болохоос дур зоргоороо хэвлэн нийтлэх,  үзэл бодлоо илэрхийлэхийг  төр хязгаарлах  ёсгүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах талаар хууль санаачилсан ч тэр нь зайлшгүй шаардлагатай байхыг шаарддаг. Тэгэхээр  хэн нэгний “амыг барихын” тулд  хууль санаачилах  боломжгүй гэсэн үг.

-Ц.Бат инженерийг хувь хүний нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр баривчилсан. Энэ  тохиолдолд  олон улсын пактыг зөрчсөн гэж үзэх үү?

-Энэ жишээ мөн адил 19-р зүйлд нийцэхгүй. Хэрэв Ц.Бат инженер гэдэг хүнийг сайдын нэр төрд халдсан гэж үзэх үндэслэлтэй бол эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах бус  иргэний хэргийн журмаар асуудлыг шийдэх боломжтой.  Тодруулбал, тухайн иргэнийг твиттерт үзэл бодлоо илэрхийлснийх  нь төлөө заавал баривчилж шалгах  шаардлагагүй.  Хэрэв Ц.Бат  инженер сайдыг гүтгэсэн нь тогтоогдсон ч эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёсгүй.

-Таны бодлоор твитер  хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн үү?

-Энэ чиглэлийн мэргэжлийн хүн биш учраас тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ олон хүнд хүрч байгаагаас үзвэл мэдээллийн хэрэгсэл гэж хэлж болох байх.

-Твиттерээр өөрийгөө хэн гэдгийг мэдэгдээд үзэл бодлоо илэрхийлж байна. Гэтэл веб  сайтуудын сэтгэгдлээр хүний нэр төрд  халдаж байна гэж сүүлийн үед шүүмжлэх болсон. Австралид  сайтын сэтгэгдлийг  яаж зохицуулсан байдаг вэ?

-Нэг жишээ дурдая. Нэг гэр бүлийн гурван хүүхэд  зам тээврийн ослоор амь насаа алдсан талаар   Австралийн  нэгэн веб сайтад  мэдээ нийтлэсэн. Тэр мэдээний  сэтгэгдэл бичих хэсэгт арьс  өнгөөр ялгаварласан өнгө аястай сэтгэгдэл маш их байсан. Хүүхдүүдийн ээж дээрх асуудлаар  шүүхэд хандаад  тухайн  сэтгэгдлийг  бичсэн хүмүүс биш мэдээллийг түгээсэн сайт хариуцлага хүлээсэн байдаг.  Австрали улсын хувьд тухайн сайт сэтгэгдэлд хязгаартай ханддаг. Эхлээд сэтгэгдлийг хянаад олон нийтэд харагдах эсэхийг шийддэг. Үүнийг  Австрали улс хуулиараа зохицуулсан. Харин Монгол Улсад тухайн хүн ямар ч сэтгэгдэл бичсэн нэг  товчлуур  дараад  л олон нийтэд шууд  хүрч  байна. Ер нь Монгол улсад энэ мэт зөрчилтэй асуудлууд гарч байгаа нь эрх зүйн орчин тодорхойгүй байгаатай холбоотой. Иргэний болон улс төрийн эрхийн тухай  олон улсын пактад нэгдсэн үүргээ биелүүлж, хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчихгүй байх  зөвлөмжийг  Гэрээний  хорооноос Монгол Улсад өгсөн.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж